Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

ОХУ-д зорчих иргэдийн анхааралд

Огноо:

,

Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2024 оны 1510 дугаар тогтоолоор 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд ОХУ-ын бүх шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэх визгүй зорчих гадаадын иргэд өөрийн биометрийн мэдээллийг өгөх шаардлагатай болсон.
 
Үүнтэй холбогдуулан гадаадын иргэд ОХУ-ын хилээр нэвтрэхээс хамгийн багадаа 3 хоногийн өмнө буюу 72 цагийн өмнө цахим бүртгэлд хамрагдсан байх шаардлагатай ба яаралтай тохиолдолд /жишээлбэл, төрөл төрөгсөд нь өвдсөн, нас барсан зэрэг/ хил нэвтрэхээс 4 цагийн өмнө богино хугацаанд хүсэлт гаргахыг зөвшөөрөхөөр зохицуулжээ.
 
Иргэд нэвтрэх урьдчилсан бүртгэлийг “RuID” гар утасны программ ашиглан хийж, QR код авах шаардлагатай бөгөөд QR кодыг үүсгэхийн тулд гадаад улсын иргэн “Госуслуги RuID” программаар хувийн мэдээллээ бөглөж, өөрийн зургийг байршуулж, тус улсад байх хугацааг оруулна.
 
Хэрэв, гадаад улсын иргэн ОХУ руу нэвтрэх хүсэлт гаргаснаас хойш 90 хоног өнгөрч, ОХУ-д нэвтрээгүй бол QR кодыг дахин авах шаардлагатай болох юм.
ОХУ-д нэвтрэх QR кодыг хэрхэн авах вэ?
 
· “RuID” гар утасны программд бүртгүүлнэ.
 
· Хувийн дэлгэрэнгүй мэдээллээ бөглөн оруулж, өөрийн зургийг байршуулна.
 
· ОХУ-д оршин суух зорилго, байх хугацааг агуулсан цахим мэдүүлгийг тус улсад зорчихоос хамгийн багадаа 72 цагийн өмнө бөглөж, хариу авна.
 
· Бүртгэл хийгдсэний дараа QR код үүснэ.
 
· ОХУ-ын хилийн боомт дээр QR код болон гадаад паспортын хамтаар шалгуулна.
 
· ОХУ-ын хилийн боомтоор нэвтрэх үед биометрийн /зураг, гар, хурууны хээ авна/ процедурт хамрагдана.
 
· ОХУ-ын хилээр нэвтрэн орсны дараа 10 хоногийн дотор банкан дээр биеэр очин биометрийн өгөгдлөө баталгаажуулах шаардлагатай. /Энэхүү баталгаажуулалтыг хийлгэснээр ОХУ-д сим карт худалдан авах, RuID гар утасны программд буй үйлчилгээг авах зэрэг боломж нээгдэнэ./
 
Тухайн туршилтаас дараах иргэд чөлөөлөгдөнө.
 
Үүнд:
 
- Бүгд Найрамдах Беларусь Улсын иргэд;
 
-Гадаад улсаас ОХУ-д суух Дипломат төлөөлөгчийн газрын Тэргүүн болон ажилтан, тэдгээрийн гэр бүл;
 
-ОХУ-ын Засгийн газартай тус улсын нутаг дэвсгэрт оршин суух хэлэлцээр байгуулсан олон улсын байгууллагын албан тушаалтан, түүний гэр бүл;
 
- Албан ажлаар ОХУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэх, эсхүл гарах олон улсын байгууллагын албан тушаалтан;
 
- Албан зорилгоор, эсхүл төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан ОХУ-д зорчих дипломат, эсхүл албан паспорттой виз авсан иргэн болон түүний гэр бүл;
 
-Дипломат, эсхүл албан ангиллын визтэй гадаадын иргэн түүний гэр бүл;
 
- 6 нас хүрээгүй гадаадын иргэн болон харьяалалгүй хүн.
 
Бусад анхаарах асуудал:
 
Программын тусламжтайгаар цахимаар хүсэлт гарган бүртгүүлж, QR код хүлээн авснаар ОХУ-д нэвтрэх 100 хувийн баталгаа болохгүй.
 
Хэрэв гадаад улсын иргэн “Госуслуги RuID”-ээр дамжуулан урьдчилсан цахим хүсэлт гаргаагүй, QR код аваагүй бол ОХУ-д нэвтрүүлэхгүй. Мөн тус программаар ОХУ-д нэвтрэхийг хориглосон тохиолдолд мөн адил нэвтрүүлэхгүй.
 
Хэрэв биометрийн өгөгдөл таарахгүй бол хилээр нэвтрүүлэхээс татгалзаж болно. Хэрэв хүсэлт гаргасан гадаадын иргэн нь хяналтад байгаа этгээдийн жагсаалт, бүртгэлд байгаа, эсхүл нийтийн хэв журмыг ноцтой зөрчсөн үйлдэлд өмнө нь холбогдож байсан бол түүнийг ОХУ-д нэвтрүүлэхгүй зэргийг анхаарна уу.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны цахим хуудаснаас авах боломжтой.
 
Доорх холбоосоор зааварчилгааны видео мэдээлэлтэй танилцана уу.
 
Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2024 оны 1510 дугаар тогтоолыг дараах холбоосоор орж үзэх боломжтой.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох