Шударга мэдээ
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор авто замын бүтээн байгуулалтын чиглэлээр томоохон төслүүдийг нийслэлээс үе шаттай хэрэгжүүлж байна.
Эдгээрийн нэг Шинэ тойрог авто зам төслийг нэг болон хоёрдугаар тойрог замтай барихаар ТЭЗҮ-ийг “Си Эс Си И Си Айком консалтантс” ХХК боловсруулж, 2025 оны долоодугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын “Нэгдүгээр тойрог авто зам” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Зам, тээврийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөс дэмжиж, баталлаа.
Нэгдүгээр тойрог авто зам төсөл нь ТЭЦ-4 авто зам, Энхтайваны өргөн чөлөө, Толгойт, Ард аюушийн авто зам, Баянхошууны уулзвар, Сонгинохайрхан дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянгын авто зам, Хайлаастын гудамж, Долоон буудлын авто зам, Баруун Алтан-Өлгийн гудамж, Да хүрээний гудамж, Хилчний гудамж, Цагдаагийн Академийн Өргөн чөлөө, Дүнжингаравын гудамжийг тус тус дамжин өнгөрөх зургаан эгнээ, 22-26 км үргэлжилнэ. Уг төслөөр замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг 30 орчим хувиар бууруулна гэдгийг мэргэжилтнүүд тооцооллоо.
Түүнчлэн Шинэ тойрог зам төсөлд суурь зураг боловсруулах, инженер геологийн судалгаа, авто замын одоогийн байдлын урсгал, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, байгаль орчны нэгдсэн үнэлгээ, инженерийн шугам сүлжээг судлах зэргээр нийслэлийн урд урдын төслүүдээс илүү нарийвчилсан бөгөөд олон талт судалгааг хийснээрээ онцлогтой юм.
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Шударга мэдээ
Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ
-
Улстөр нийгэм2025/12/04
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Цаг үе2024/12/20
Нийслэл 4500 тонн давс, 6142.7 тонн бодисын нөөцтэй байна
-
Улстөр нийгэм2020/12/25
Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийн анхааралд!
-
Үзэл бодол2021/11/07
Европт нэрээ гаргасан Монголын хамгийн анхны төгөлдөр хуурчийг өнөөдөр нэхэн дур...
