Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Байгалийн хадлан, бэлчээрийн ногоон өвс хадаж экспортод гаргахыг хориглов

Огноо:

,

Улсын Онцгой Комиссын III хуралдаан өнөөдөр болж, хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, эрчим хүчний салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл, цаг уур орчны шинжилгээний мэдээлэл болон бусад асуудлаар хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 0.5 хувь нь маш хүчтэй гантай, 3.2 хувь нь хүчтэй гантай, 9.9 хувь нь гантай, 18.7 хувь нь гандуу, 67.6 хувь нь гангүй зуншлага хэвийн байна.

Гангийн зураглалаас үзэхэд Увс, Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул аймгийн ихэнхи, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Сэлэнгэ аймгийн зарим сумдад гантай болон гандуу байна. Бэлчээрийн ургамлын гарц, гангийн зураглалын мэдээллээс харахад 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байна.

Өнөөдрийн байдлаар 77.68 сая мал бэлчээрлэж байгаагаас энэ онд дотоодын хэрэгцээнд 7.0 сая, зах зээлд 13.0 сая толгой мал худалдан борлуулж хонин толгойд шилжүүлснээр 100 орчим сая мал өвөлжиж, хаваржих тооцоо гарган, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгааг ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Улсын хэмжээнд 2025 онд 554.2 мянган га талбайд тариалалт хийсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тариалангийн бүсэд 5, 6, 7 дугаар сард хур тунадас багатай, хэт халалт олон хоногоор үргэлжилж гантай байгаа учраас ургац олон жилийн дунджаас буурах төлөв ажиглагдаж, холбогдох мэргэжилтнүүд тооцоо судалгаанд үндэслэн өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлаа ханган ажиллаж байгааг танилцууллаа.

Дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 69 зуухнаас ажилд 27, бэлтгэлд 18 байгаа бөгөөд 24 зууханд засварын ажил хийгдэж байна. 2025-2026 оны өвлийн их ачааллын горим ажиллагааны үед оргил ачааллыг 12 дугаар сард 1800 МВт хүрэх тооцоолол гарсан.

Үүнийг дотоодын эх үүсвэрүүдээс 1197 МВт, батерей хуримтлуураас 160 МВт, салхин станцаас 30 МВт, импортоор 300 МВт тус тус хангаж, 113 МВт чадлын хөнгөлөлт хязгаарлалт хийхээр байна. Бөөрөлжүүтийн ЦС-ийн 150 МВт хүчин чадалтай 2-р блокыг 12 дугаар сард ажиллагаанд залгахаар төлөвлөж байгаа бөгөөд тус станц ашиглалтад орсноор хязгаарлалт хийгдэхгүй болно гэдгийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээллээ.

Дээрх мэдээллүүдийг сонсож Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан дараах үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өглөө.

  • Нийслэл, аймаг, сум, дүүргийн засаг дарга нар өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлаа эртнээс хангаж, нарийвчлан төлөвлөгөө гарган шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор бүх шатанд авч хэрэгжүүлэх;
  • Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэх, хариуцсан салбар, орон нутгийн хэмжээнд эрсдэлийн үнэлгээ хийх, үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
  • Холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргаж буй бэлчээрийн даац, ган, зудын эрсдэлийн үнэлгээ, хүйтний улирлын цаг агаарын төлөв байдал болон болзошгүй эрсдэлийн зарлан мэдээллийг ард иргэдэд тогтмол шуурхай хүргэх;
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх шатанд хангах, аймаг, сумын аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэх ажлыг шуурхай зохион байгуулах, зуншлага тааруу хадлан бэлтгэх боломжгүй аймаг, сумдыг бусад аймаг, орон нутгаас өвс тэжээл бэлтгэх, худалдан авах боломжоор хангах холбогдох зохицуулалтыг 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх;
  • 2025-2026 оны өвөл, хавар отор, нүүдэл хийх малчдын судалгаа, оторлох малын тоо, толгойг аймаг, орон нутгаар нэгтгэн гаргах, холбогдох зохион байгуулалтыг нарийвчлан хийж гүйцэтгүүлэх, урьдчилсан тооцоо судалгааг 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Улсын онцгой комисст танилцуулах;
  • Мал, махны экспортыг нэмэгдүүлэх, дотоодын хэрэгцээг хангах, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
  • Өвс, малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, бэлчээрийн өвс, байгалийн хадлан бэлтгэж экспортлохыг хориглох, импортыг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран авч хэрэгжүүлэх;
  • Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн хадлангийн бүс нутгийг хамгаалах, нөхөн сэргээхэд анхаарах, ой хээрийн түймэрт их өртдөг талбайн судалгааг гаргаж, холбогдох зохицуулалтыг хийх;
  • Эрчим хүч, дулааны эх үүсвэрүүдийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах түлш, нүүрсний нөөцийг шаардлагатай хэмжээнд бүрдүүлэх, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах, эрсдэлийг тооцоолж авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөлт хийж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;
  •  Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой хэмжээнд хангах, хомсдол үүсгэхгүй байхад анхаарах, зохиомол үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, худал мэдээлэл түгээж олон нийтийг төөрөгдөлд оруулахгүй байх зэрэгт анхаарч зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах;
  • Эрчим хүч, дулааны эх үүсвэрүүдийн нүүрсний нийлүүлэлтийг хангаж айгаа “Багануур”, “Шарын гол”, “Шивээ Овоо” болон орон нутгийн нүүрсний уурхайн хэвийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, түлш, шатахууны нөөцийг бүрдүүлэх, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг тогтоосон хугацаанд хангуулах;
  • Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэх, хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх зэрэг үүрэг чиглэлийг өглөө.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Огноо:

,

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.

Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.

Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .

Цэцэрлэгийн бүртгэл

  • 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.

Нэгдүгээр ангийн элсэлт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
  • Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.

Их, дээд сургуулийн хичээл

  • 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
  • 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.

 Оюутны дотуур байр

  • 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов

Огноо:

,

Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.

Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.

Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.

Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.

Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.

Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:

  • Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
  • Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
  • Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
  • Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
  • Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
  • Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.

Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.

Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох