Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Иргэн, олон талт оролцоог нэмэгдүүлэх нь үндэсний хөтөлбөр хэрэгжихэд сайн нөлөөтэй гэв

Огноо:

,

Улсын Их Хурлын Ажлын хэсгээс “Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийн төсөлд оролцогч талуудын хамтын ажиллагааг зураглах” туршлага судлах уулзалтыг 2025 оны наймдугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа. “Хүн төвт” эрх зүйн орчинг бүрдүүлэх стратеги төлөвлөгөөний хүрээнд УИХ-ын даргаас захирамжлан хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр хэд хэдэн ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй. Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Оролцоо” төслийн дэмжлэгтэйгээр төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын төлөөлөл, хүний эрхийн идэвхтэн, судлаачдыг оролцуулсан хоёр өдрийн арга хэмжээг чиглүүлэн явуулсан юм.
Уулзалтаар Монгол Улс Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульдаа дунд хугацааны хөгжлийн баримт бичгийг 10 жилээр төлөвлөн урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд чиглэсэн зорилго, зорилт, санхүүгийн эх үүсвэрээр баталгаажсан үйл ажиллагаа бүхий, тоон болон чанарын шалгуур үзүүлэлтээр хэмжигдэх зорилтот хөтөлбөртэй байна гэж заасныг үндэслэн хүний хөгжлийн хөтөлбөр Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийн төслийг боловсруулах хэрэгцээ бий хэмээн талууд санал нэгтэй байгааг онцолж байв. Учир нь үндэсний хөтөлбөрийг 2003 онд хугацаа заахгүй баталж, өдгөө 22 дахь жилдээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа боловч орчин цагийн хэрэгцээ, шаардлагыг хангахгүй, хэт ерөнхий заалтуудтай, тунхагийн шинжтэй, хариуцлага тооцох боломжгүй зэрэг олон сул талтай гэж хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, судлаачид шүүмжиллээ. Судалгаа, дүн шинжилгээний дүгнэлт, дүнгүүд ч ийм гарсан гэдгийг УИХ-ын Ажлын хэсгийн ахлагчид танилцуулсан. Нэгэнтээ хэрэгцээ шаардлагад нийцэхээ больсон үндэсний хөтөлбөрийг шинэчилж, II хөтөлбөрийг боловсруулахын тулд судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн шинжлэх ухаанчаар хандах, ямар эх сурвалжуудыг эх үндэс болгох, 10 жилийн дараах хүний эрхийн нөхцөл байдлыг төсөөлөх, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам, тусгах санал, санаачлага зэргийг уулзалтын эхний өдөр талууд хэлэлцсэн бол хоёр дахь өдрийн сэдэв нь иргэд, олон нийтийн оролцоог хангах, оролцооны зураглал, хүний эрхийн үндэсний хөтөлбөр хэрэгжүүлсэн бусад улсын туршлага зэрэг асуудал байв.

Товчхондоо "Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх хэрэгцээ, шаардлага”, “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг урт хугацааны бодлоготой уялдуулах нь”, “Оролцоонд суурилсан хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хянах механизм”, “Оролцогч талуудын шинжилгээ, оролцооны зураглал гаргах” гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг үргэлжилж, талууд санал, байр сууриа илэрхийлсэн. 
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрт өнөөдөр Монгол хүнд тулгамдаж буй асуудлыг цогц байдлаар, оновчтой харж, тодорхойлох шаардлагатай. Хүний эрх өргөн цар хүрээтэй хэдий ч энэ хөтөлбөрт нэн шаардлагатай, тэргүүлэх чиглэлүүдийг түлхүү тусгаж, Хүний эрхийн Үндэсний Комиссоос эхний хувилбарыг 7 бүлэг, 33 зорилготой, 170 гаруй арга хэмжээтэйгээр боловсруулж, 9 аймаг, таван бүсэд хэлэлцүүлээд 2000 орчим хүний саналыг тусган харьяалах яаманд хүргүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан учраас хүний эрхийн үндэсний байгууллагын зүгээс хүлээлт өндөр байгаа хэмээв. Харин УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Баасанжаргал, Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр бол Монгол Улсын ирэх 10 жилийн “луужин”, хөгжлийн чухал баримт бичиг болох учиртай. Хэн нэгэн эрх мэдэлтнээс үл хамааран уг хөтөлбөр хэрэгжих нөхцлийг бүрдүүлэхийн тулд төсөлд багагүй цаг хугацааг зарцуулж байна. Иргэд, олон нийтийн оролцоо нэн чухал. Олонхын санал, оролцоог хангасан тохиолдолд хэрэгжих нь дамжиггүй. Мөн төслийг хэлэлцүүлэх явцдаа хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр хөгжлийн баримт бичгийн хувьд анхдагч манлайлагч нь болж, сайн жишиг тогтоохыг зорьж ажиллаж байна гэсэн юм. 
Түүнчлэн ахмад настны эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, нийгмийн орхигдсон бүлгүүдийн асуудлыг хөтөлбөрт тусгах саналыг хүний эрхийн активист Д.Амарсанаа гаргасан бол “Хил хязгааргүй алхам” ТББ-ын эрхзүйч Ц.Саранмандах, малчдын эрхийн асуудлыг хөндөхдөө нийтлэг ойлголтоор хандах бус бүсчилсэн байдлаар, нарийвчилсан статистик, судалгаа мэдээлэлд үндэслэх хэрэгтэй. Хэт ерөнхий ойлголтоор хандаж ирсэн нь учир дутагдалтай. Үндэсний аюулгүй байдал, Монгол үндэстний онцлог байдал, өв соёлоо харгалздаг байгаасай гэж, Монголын Хуульчдын холбооны Судалгааны төвийн эрхлэгч, судлаач Г.Оюунболд, хүний эрхийн зөрчлийн дийлэнх нь нийтийн албанаас хамааралтайг судалгааны дүн харуулдаг. Тухайлбал, цагдаагийн байгууллага дахь ажлын гүйцэтгэлийг дүгнэдэг арга барилыг өөрчлөх, ДХИС-ийн ахлах багш Э.Өнөболд, үндэсний хөтөлбөр нь манай улсын ирэх 10 жилийн хөгжлийн бодлогыг тусгасан томоохон баримт бичиг болох тул хүний эрхийн үндэсний механизмыг үр дүнтэй ажиллуулах, боловсрол, хандлага өөрчлөх сургалтыг түлхүү тусгах, хүний эрхийн салбарт төсөв санхүүг хангалттай хуваарилах, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг, Төр, иргэний нийгэм уялдаатай ажиллаж байж үндэсний хөтөлбөрийг боловсруулж, баталж, хэрэгжүүлэх ёстой, Хүний эрхийн идэвхтэн, зөвлөх Б.Хишигсайхан, өмнөх хөтөлбөрт хэт ерөнхий тусгагдсан хүний эрхийн асуудлыг илүү ухаалгаар тусгаж, хэмжигдэхүйц, цаг хугацаатай, бодитой, буух эзэнтэй тусгаж өгвөл үндэсний хөтөлбөр хэрэгжих боломжтой. Оролцооны амин чухал зүйл болох мэдлэг, мэдээллийг иргэдэд нээлттэй болгох зэрэг саналыг хэлэв. Хууль, дотоод хэргийн яамны төлөөлөл Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг боловсруулахдаа олон нийтийн оролцоонд тулгуурласан, нээлттэй, Монгол Улсад хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд, шинжээч, экспертүүдийг түлхүү оролцуулж, ялангуяа УИХ Ажлын хэсэг байгуулж, бодит асуудлаа хэлэлцсэн нь ач холбогдолтойг олзуурхаж байна гэв. 
Ийнхүү оролцогч талууд хоёр өдрийн турш оролцооны арга зам, зураглалыг төлөвлөж, эцэстээ хүний эрхийг хэт ерөнхийлөн томъёолж, ойлгодог байдлыг халах, иргэд, олон нийтийн оролцоо гэдэгт танхимд бөөгнүүлж суулгаад асуулт, хариулж төдийхнөөр аргацаадаг хэвшмэл ойлголтыг жинхэнэ буюу иргэний хяналтыг бий болгох, нийтэд хамааралтай шийдвэр гаргахад нөлөөлөх, өөрсдийн амьдралын чанарыг дээшлүүлэх боломж, нөхцлөөр хангахад хамтарч ажиллахаар боллоо. Уулзалтын үр дүнд оролцооны зураглал гаргав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох