Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт БНХАУ-ын Тяньжин хотноо хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-ын Тяньжин хотноо хүрэлцэн ирлээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг Тяньжин хотын “Биньхай” олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэхэд БНХАУ-ын Ардын банкны Ерөнхийлөгч Пан Гуншөн, Тяньжин хотын Улс төрийн зөвлөлийн дарга Ван Чансун, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд болон албаны бусад төлөөлөгчид угтав.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д ажиллах үеэрээ ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэлнэ. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хоёр талын уулзалт хийж, Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын гурван талт VII уулзалтад оролцохоор төлөвлөж байна.

Улстөр нийгэм
УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны зургаадугаар сарын 08-ны өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Төрийн аудитын байгууллагын тэргүүн Виенгтависоне Тепачан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт эрхэм зочдыг Монгол Улсад тавтай морилохыг хүсэн мэндчилж, хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр хоёр улс 1962 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, парламент болон бусад салбарын хамтын ажиллагааг тууштай хөгжүүлж ирснийг онцлоод, үүнд хоёр улсын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлж байгааг тэмдэглэв.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурал болон Лаосын Үндэсний Ассамблей хоорондын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж, харилцан айлчлал, туршлага солилцох үйл ажиллагаа тогтмолжиж байгааг тодотголоо. Мөн Лаосын Үндэсний Ассамблейгаас 2003 онд Монгол Улсын Их Хуралд бэлэглэсэн улаан модон ширээ, сандал зэрэг тавилга өнөөдөр ч Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд байгаа бөгөөд хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны үнэ цэнтэй бэлгэ тэмдэг болсоор байгааг тэмдэглэв.
Улсын Их Хурал 2020 онд Төрийн аудитын тухай хуулийг шинэчлэн баталж, төрийн аудитын байгууллагын хараат бус байдлыг ханган, эрх зүйн орчныг боловсронгуй болгосон гэдгийг УИХ-ын дарга дурдаад, хоёр улсын аудитын байгууллагын хамтран зохион байгуулах сургалт, хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Төрийн аудитын байгууллагын тэргүүн Виенгтависоне Тепачан төлөөлөгчдийг найрсагаар хүлээн авсан УИХ-ын даргад талархал илэрхийлээд, хоёр улсын хууль тогтоох байгууллага, төрийн аудитын байгууллагын хамтын ажиллагаа өргөжиж буйд сэтгэл хангалууд байгаагаа тэмдэглэлээ. Мөн тэрбээр тааламжтай цагтаа Лаос Улсад айлчлах БНАЛАУ-ын Үндэсний Ассамблей даргын урилгыг уламжлав.
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Лаосын парламентын С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын дэд ерөнхийлөгч Той Понтхилат, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хонгкео Соуксават нар оролцлоо
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2026.06.09/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгийн өнөөдрийн /2026.06.09/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

