Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Засгийн газар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа

Огноо:

,

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг холбогдох хууль, тогтоомжийн төслийн хамт Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ.

Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн  орлогыг 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 32 их наяд 980 тэрбум төгрөг, төсвийн тэнцэл ДНБ-ий 1.3 хувийн алдагдалтай байхаар төлөвлөлөө. 

Ирэх жилийн төсвийн  бодлого Макро түвшинд төсвийн тогтвортой байдлыг хангаж, төсвийн зардлын өсөлтийг хязгаарлах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх,  нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг хүрсэн түвшнээс бууруулахгүй, улмаар ахиулан сайжруулахад чиглэгдэж байгааг Ерөнхий сайд хэллээ.  
D-parliament цахим системээр татварын багц реформын төслийг тавьж хэлэлцүүлж байна. Энэ багц хуулийн төсөл нь нийт иргэд бизнес эрхлэгчдийн 3-4 их наяд төгрөгийн татварын дарамтыг бууруулахад чиглэж байгаа. Төрийн оролцоог хязгаарлаж, хувийн хэвшлийн орон зайг тэлж, дэмжиж байгаа төсөв гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. 

 Засгийн газар анх удаа төсвөө  иргэдийн саналд тулгуурлан боловсрууллаа.  Төсвийн талаар 186 мянган иргэний саналыг E-Mongolia цахим системээр авсны зэрэгцээ төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр зохион байгуулсан олон нийтийн хэлэлцүүлэгт танхимаар болон цахимаар 239 мянган хүн оролцож давхардсан тоогоор 8.8 мянган санал гаргасан нь төсвийн үйл явцад иргэдийн оролцоог анх удаа өргөн хүрээнд хангаж чадсан томоохон арга хэмжээ боллоо гэж үзэж байна.  

Иргэд санал өгөхдөө нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, амьдрах орчны  аюулгүй-найдвартай байдлыг хангах, төсвийн зардлыг бууруулах, татварын ачааллыг багасгаж орлогоо нэмэгдүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна. 

Иргэдийн саналын дагуу  төсөв туссан онцлог зарим арга хэмжээг дурдвал:   

1. Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан боловсролд хамрагдалтыг 100 хувьд хүргэх, анги бүлгийн хүүхдийн тоог стандартын түвшинд хүргэж бууруулах зорилт тавьж байна. Дунд хугацаанд буюу 2028 он хүртэл 95 цэцэрлэг, 108 сургуулийг шинээр барьж, шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг хангах ажлыг үе шаттай  хэрэгжүүлнэ.  Энэ хүрээнд ирэх онд улсын төсөв болон гадаад зээл тусламжаар боловсролын салбарт нийт 1.0 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгжүүлнэ. Түүнчлэн ирэх онд багшийн ажлын  ачаалалд нийцсэн цалингийн  бүтцийг бий болгоход зориулж боловсролын салбарын хувьсах зардлыг 100.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ.

2. Эрүүл мэндийн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл тусламжаар нийт 1.3 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэнэ. Энэ хүрээнд хавдрын эмнэлэг, эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлэг, зүрх судасны эмнэлгийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ, 17 аймгийн эмнэлгийн барилгыг шинэчлэх, эрчимт эмчилгээ болон яаралтай тусламжийг сайжруулж, нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана.

3. Нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэврийг зургаан хувиар нэмэгдүүлэхэд  378.0 тэрбум төгрөг нэмж хуваарилна.

4. Иргэдийн татварын ачааллыг бууруулах зорилгоор тэдний 1.0 сая төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэн 50 хувьд хүргэнэ.  

5.Эрчим хүчний салбарт ирэх онд 3.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс 373.3 тэрбум төгрөг нь улсын төсвөөс, 351.8 тэрбум нь гадаад зээл тусламжаар, 150 тэрбум төгрөг нь бондын эх үүсвэрээр санхүүжигдэнэ. Энэ салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын дийлэнхийг хувийн хэвшил оруулах бөгөөд нийт өртөг нь хоёр их наяд 566 тэрбум төгрөг байна. 

6. Ирэх онд  экспортын голлох түүхий эдийн үнийн бууралт, дотоодын хэрэглээ, хөрөнгө оруулалтын нөхцөл байдлаас шалтгаалан улсын эдийн засгийн идэвхжил удааширч, төсвийн орон зай хязгаарлагдмал байх төлөвтэй байна. Тиймээс төсвийн урсгал зардлыг өмнөх оны түвшинд буюу ДНБ-ий 24.0 хувьд хязгаарлаж, төрийн байгууллагууд хэмнэлтийн горимд ажиллана. Урсгал зардлыг 2025 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлтэй харьцуулахад 641.7 тэрбум төгрөгөөр хэмнэж бууруулна. Хэмнэлтэд төрийн байгууллагуудын урсгал зардал, салбаруудад олгодог татаас, урамшуулал, хүүгийн хөнгөлөлт багтахын зэрэгцээ төрийн албан хаагчдад олгох тэтгэмжийн төлбөрийг түр хойшлуулах арга хэмжээ багтаж байна.  

7. Үндэсний баялгийн сангийн хуримтлал өсөж, арвижиж өнөөдрийн байдлаар Ирээдүйн өв санд 4,706.1 тэрбум, Хуримтлалын санд 654.4 тэрбум буюу нийт 5,360.5 тэрбум төгрөг болж хуримтлагдаад байна. Ирэх онд Үндэсний баялгийн сан 2,956.1 тэрбум төгрөгөөр арвижих тооцоо гарсан бөгөөд хөрөнгийн удирдлагын оновчтой бодлого хэрэгжүүлж, иргэдийн орон сууцны санхүүжилтийн тогтвортой механизмтай уялдсан бодлогыг банк санхүүгийн тогтолцооны хүрээнд нэвтрүүлнэ. Иргэд E-Mongolia цахим системээс Хуримтлалын сан дахь өөрийн хуримтлалын хэмжээг харах боломжтой. Түүнчлэн ирэх онд ажлын ачаалалд нийцсэн багшийн цалин хөлсний бүтцийг бий болгоход зориулж боловсролын салбарын хувьсах зардлыг 100.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа үеэр /2026.09.30/ тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзаж, Засгийн газрын бодлогоо танилцуулав.

Ерөнхий сайд Н.Учрал энэ удаагийн айлчлал нь Засгийн газрын тэргүүний түвшинд найман жилийн дараа болж байна. Олон жил дуусдаггүй яриаг дуусгаж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн санхүүжилтийг шийдвэрлэлээ. Аялал жуулчлал, тээвэр логистик зэрэг олон салбарт эерэг нөлөө гарна.  Хоёр орны харилцааны хамгийн том баялаг бол хүн. Тиймээс Япон загварын “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер” төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэх эрмэлзлээ илэрхийллээ. 

Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг олон жил ярьсан, хэлэлцээг энэ онд багтаан эхлүүлнэ. Мөн Давхар татварын хэлэлцээрийг 2026 онд эхлүүлэхээр тохиролцлоо. Хөрөнгө оруулагчдад тогтвортой орчин чухал. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд шинэчилнэ. Засгийн газрын “Дөрвөн Чөлөөлөлт”-ийн бодлого хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд ач холбогдол өгч байгааг хэлэв. Тухайлбал,  280 зөвшөөрлийг цахимаар олгож байна. УИХ-аар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг батлуулсан. Гадаадын банк байгуулах эрх зүйн орчин нээлттэй болсон. БНСУ-ын хоёр банк, Унгарын нэг банк сонирхлоо илэрхийлсэн. 

Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, хөрөнгө оруулалтын шинэ бат бөх суурь бий болгох хүрээнд хөрөнгийн удирдлагын чиглэлээр салбартаа тэргүүлэгч BlackRock компанитай гэрээ байгуулж ажиллаж байна. Төрийн өмчит компаниуд IPO гаргаж, менежментийг олон улсын компани удирдах тогтолцоонд шилжинэ. Ирэх онд 1072 хувьцааг Хөрөнгийн биржид бүртгэснээр иргэн бүрийн эзэмшиж буй хувьцааны үнэлгээ өснө гэж үзэж байна.

Уулзалтын үеэр Японд ажиллаж, амьдарч буй манай иргэдийн санал бодлоо хэлж, Ерөнхий сайд асуултад нь хариулав.  Япон Улсад  21 мянга гаруй монгол иргэн байнга оршин сууж байна. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Жетро монголд салбараа нээнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын Ерөнхийлөгч Н.Ишигүро /2026.09.30/ бараалхав. 

Уулзалтын үеэр Монгол, Японы худалдаа, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар санал солилцов.

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж буй талаар мэдээлэв.

 Монгол Улсад ЖЕТРО Төлөөлөгчийн газраа байгуулах тухай манай саналыг Японы тал дэмжиж буйд талархал илэрхийлж, манай улсаас Японд нийлүүлэх экспортын бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэсэн. Мөн Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр ЖЕТРО-той хамтран ажиллахаа илэрхийлэв.

ЖЕТРО олон улсын худалдааны өндөр мэдлэгтэй мэргэжилтнийг түнш орондоо илгээж, тухайн орноос Японы зах зээлд худалдаалах бараа, бүтээгдэхүүнийг судалж, үйлдвэрлэлт, борлуулалтын “ноу-хау”, инновацыг нутагшуулах, маркетингийн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Энэ нь хөгжиж буй улс орнуудын хувьд технологи, инновацын хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой юм. 

ЖЕТРО 1958 онд Япон Улсын Олон улсын худалдаа, үйлдвэрийн яамны дэргэд гадаад орнуудтай хийж буй худалдаанд дэмжлэг үзүүлэх зорилготой байгуулагдсан. Японы бараа бүтээгдэхүүнийг гадаад улс орнуудад таниулан сурталчлах, Японы хэрэглэгчдэд шаардлагатай импортын бараа бүтээгдэхүүнийг судлах, үзэсгэлэн яармаг зохион байгуулж, сурталчлах, бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авах зэрэг үйл ажиллагааг явуулдаг байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрчээ

Огноо:

,

Үнэ тогтворжуулах бодлого, ипотекийн зээл зэрэгтэй холбоотойгоор Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн талаар тус банкны Ерөнхийлөгч С.Наранцогт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүдтэй уулзах үеэр мэдээллээ.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Лувсанжамц, Ж.Золжаргал, О.Батнайрамдал, Р.Батболд нар 2026 оны есдүгээр сарын 29-нд Монголбанканд ажиллаж, төв банкны үйл ажиллагаатай танилцсан байна.

Уулзалтын үеэр С.Наранцогт “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-ийг танилцуулж, гишүүдтэй санал солилцов. Тэрбээр төслийг сүүлийн 15 жилийн сургамжид үндэслэн, тухайн жилийн онцлогт нийцүүлж, хэмжигдэхүйц, үр дүнд суурилсан байдлаар боловсруулсныг онцолжээ. Хуульд заасан хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэх уг төслийг олон нийтээр хэлэлцүүлж, санал авсан байна.

Мөн тогтолцооны суурь шинэчлэл хийх шаардлагатайг дурдаж, төв банкны эрх зүйн орчныг боловсронгуй болгоход парламентын дэмжлэг хэрэгтэй байгааг илэрхийлэв. Монголбанк анх удаа дунд хугацааны стратеги баталж, үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төв банкны засаглалыг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэхээр зорьж буйг танилцуулжээ.

Байнгын хорооны дарга Б.Заяабал Валютын зохицуулалтын тухай хууль болон уулзалтаар хөндсөн, хэрэгжилт хангалтгүй эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд ажлын хэсэг байгуулах асуудлыг хөндөв.

Гишүүдийн зүгээс ипотекийн зээлийн хөтөлбөрийн харьяалал, ногоон зээл, төв банкны санхүүгийн нөхцөл байдлын талаар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Б.Мөнхсоёл ипотекийн зээлийн хөтөлбөрийг өөр байгууллагад шилжүүлэх асуудал олон жил яригдсан ч шийдэгдээгүйг дурдсан бол Г.Лувсанжамц үр дүнд суурилсан төсөл боловсруулсныг сайшааж, ногоон зээлд цахилгаан автомашин хамруулах нь зохистой эсэхийг тодруулав.

О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Монголбанканд өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхийг сануулж, Ж.Золжаргал эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд улс төрийн шийдэл шаардлагатай болсон талаар байр сууриа илэрхийллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох