Улстөр нийгэм
Ахмад дайчин У.Доржпаламд Монгол Улсын баатар цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулгаж, хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалан, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж, батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Чөлөөлөх дайны ахмад дайчин, төр, захиргааны ахмад зүтгэлтэн, Хилийн цэргийн хил хамгаалах гүйцэтгэх албаны офицер Ундрахын Доржпаламд Монгол Улсын баатар цол хүртээж, баатрын Алтан таван хошуу тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Улсын баатар У.Доржпалам нь эх орныхоо төлөө 50 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа Хилийн цэргийн 12 дугаар отрядын туслах офицероос ажлын гараагаа эхэлж, Чөлөөлөх дайнд оролцон, сум, нэгдлийн дарга, Ардын Депутатуудын Хурлын хэлтсийн дарга хүртэл дэвшин ажиллаж байсан юм.
Сүхбаатарын одонгоор:
- Ахмад дайчин, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Тамсагийн 27 дугаар отрядын эмнэлгийн албаны сувилагч, түрүүч Цэрэнгийн Чимэдцэрэн,
- Ахмад дайчин, Эх орны дайны үед фронтод бэлэг хүргэгч Сүрэнхорын Цэгмид,
- Ахмад дайчин, Хилийн 31 дүгээр отрядын ахлагч, сумангийн жагсаалын дарга Шаравын Цээрэв,
- Ахмад дайчин, Хилийн цэргийн 24 дүгээр отрядын жагсаалын дарга, ахлагч Дорлигжавын Цанжид,
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Ахмад дайчин, Тавдугаар морьт дивизийн байлдагч Бухын Зундуй,
- Ахмад дайчин, Дотоодыг хамгаалах яамны тусгай хорооны байлдагч Намсрайн Пүрэвжалба,
- Ахмад дайчин, Есдүгээр морьт хорооны гуравдугаар сумангийн байлдагч Бадамын Дорж,
- Ахмад дайчин, Хилийн цэргийн 20 дугаар отрядын штабын бичээч, байлдагч Гомбосүрэнгийн Шагдар,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Ахмад дайчин, Тавдугаар дивизийн Их бууны хорооны наводчик, түрүүч Батсүхийн Шагдар,
- Ахмад дайчин, Хилийн цэргийн 27 дугаар отрядын жагсаалын дарга, түрүүч Шийрэвсамбын Чимэддамба,
- Ахмад дайчин, Байшинтын 7 дугаар дивизийн 17 дугаар морьт хорооны байлдагч Яринпилын Өсөх,
- Ахмад дайчин, Тавдугаар дивизийн 14 дүгээр морьт хорооны байлдагч Гомбын Чогсомжав,
- Ахмад дайчин, Матадын 8 дугаар дивизийн байлдагч Ядамжавын Алтангэрэл нарыг шагналаа.
Төрийн дээд цол, одон хүртсэн эрхмүүдийн хамгийн залуу нь 99, хамгийн ахмад нь 105 нас сүүдэр зооглож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баатарлаг түүхийн эзэд болсон ахмад дайчдад Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүллээ.
Монгол цэргүүд даян дэлхийд энх тайван, шударга ёсыг тогтоож, хүн төрөлхтөнд амар амгалан, хөгжил дэвшлийг аврах үүргээ эх орон, ард түмнийхээ өмнөөс гүйцэтгэн, улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлж, ард түмнийхээ энх амгалан амьдралыг хамгаалж ирснийг тэмдэглэлээ.
Чөлөөлөх дайны ялалтын үнэ цэн, цэрэг эрсийн баатарлаг үйлсийг мөнхжүүлж, гавьяа, зүтгэлийг нь алдаршуулан, хойч үедээ эх оронч үзэл, сэтгэлгээг төлөвшүүлэх нь төрийн эрхэм үүрэг гэдгийг онцоллоо.
Төрийн дээд цол, одон хүртсэн ахмад дайчид төр, түмнийхээ өндөр итгэл, өргөн хүндлэлийг хүлээж, алдар цолоо бадрааж явахын ерөөлийг өргөн дэвшүүллээ.
Мөн гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Чөлөөлөх дайнд Монгол Ардын Хувьсгалт Цэргийн 21 мянга гаруй дайчин Зөвлөлтийн цэргүүдийн хамт монгол цэрэг, монгол морины тэсвэр, хатуужлыг харуулан богино хугацаанд 1,000 гаруй км зам туулж, байлдаанд оролцон, ялалт авчирсан түүхтэй.
Жанчхүүгийн даваанд болсон тулаанд Монгол Ардын Хувьсгалт Цэргийн 56, Зөвлөлтийн Улаан армийн 67 цэрэг алтан амиа өргөсөн юм.
Дайчдыг БНХАУ-ын Хөбэй мужийн Жанбэй хошууны Ехулин ууланд оршуулсан бөгөөд хожим нь Монгол-Зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын цогцолбор байгуулжээ.
Байлдааны ажиллагааг удирдаж, гавъяа байгуулсан учир тухайн үед маршал Х.Чойбалсанг БНМАУ-ын хошой баатар цолоор, дэслэгч генерал Ю.Цэдэнбал, дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн нарыг Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан юм.
Хурандаа Д.Нянтайсүрэн, байлдагч Л.Аюуш, Д.Данзанваанчиг, С.Дампил, Т.Дүүдэй, М.Жанчив нарт Монгол Улсын баатар цол хүртээж, 2,000 гаруй дайчинд төрийн одон, медаль олгожээ.
Мөн Зөвлөлтийн Улаан армийн 178 хүнийг Байлдааны гавьяаны улаан тугийн, гурван хүнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн, 166 хүнийг Алтан гадас одонгоор, 159 хүнийг байлдааны медалиар шагнажээ.
2014 онд тохиосон Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойгоор Халхын голын байлдаан, Чөлөөлөх дайнд оролцож, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад дайчин, Гадаад хэргийн сайд асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан П.Шагдарсүрэн Монгол Улсын баатар цол хүртсэн юм.
Улстөр нийгэм
Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ
Тэрбээр, улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг сахин хамгаалж, төсвийн орлогын зохих хэсгийг бүрдүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсаар ирсэн гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч, бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.
Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.доллар болсонд гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдын хувь нэмэр их байсныг тэмдэглэв.
Гаалийн байгууллага үндэсний аюулгүй байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнд суртлыг бууруулах, авлигаас ангид байх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх зэрэгт анхаарч байгааг Ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран хэллээ. Энэ оны эхний 10 сарын байдлаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.
Мөн хугацаанд 9 төрлийн 7,8 кг болон 1,2 л мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэх, 15 гр алт, монетон эдлэлд гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх үйлдлийг илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг зөвхөн хуульд захирагдах, шударга, ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад түргэн шуурхай, тэгш үйлчилгээ үзүүлэхэд онцгой анхаарахыг захиж, амжилт хүсэв.
Улстөр нийгэм
Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж байна
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж буй. Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллалаа.
Тус замын зорчих хэсгийн өргөн долоон метр, хоёр эгнээтэй байх бөгөөд нэг талдаа явган хүний замтай байна. Энэхүү замыг 2015 онд анх барьсан. 2019 онд засаж сайжруулсан боловч айлууд орц, гарцаа гаргахдаа хоолой тавиагүйгээс шалтгаалан уулын ус зам руу урсаж, ихээр тогтсоноос үүдэн эвдэрчээ.

Энэхүү замыг нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр шинэчилж байгаа бөгөөд засварын ажлын гүйцэтгэгчээр “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллаж буй. Замыг шинэчилснээр Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх автозамын хөдөлгөөний нөхцөл сайжирна. Түүнчлэн явган зорчигчийн аюулгүй байдал хангагдана. Мөн амралтын бүс рүү чиглэсэн зорчилтын хүртээмж нэмэгдэнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “2026 онд нийслэлд 111 км замыг шинээр тавьж, 31 км автозамын засвар, арчлалтыг хийсэн. Зуслангийн хөдөлгөөн багассан энэ үед зуслан орчмын замын засварын ажлуудыг хийж байна. Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамын зорчих хэсгийг 11 дүгээр сарын 10 гэхэд нээнэ. 2027 онд нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор торлог зам буюу холбоос замуудыг олноор байгуулна. Тухайлбал, Яармаг, Сэлбэ ухаалаг хот, Зуун айл орчимд торлог замуудыг олноор байгуулж, замын ачааллыг бууруулна. Мөн олон түвшний уулзваруудыг төлөвлөж байна” гэлээ.


Улстөр нийгэм
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






-
Шударга мэдээ2022/11/07
“Экспортыг дэмжих төсөл”-ийн “Түншлэлийн хөтөлбөр”-ийн т...
-
Цаг үе2024/06/12
Ховд сум чиглэлийн авто зам энэ онд ашиглалтад орно
-
Цаг үе2023/09/19
Жирэмсний хяналтад эрт орох нь эх, нярайн эндэгдлийг бууруулдаг
-
Цаг үе2023/01/26
Авлигатай тэмцэх ажлыг хэрэгжүүлэх санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг байгу...

































