Шударга мэдээ
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна
Хотын дарга Х.Нямбаатар үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш Улаанбаатар хотод эрчим хүчний томоохон төслүүдийг төлөвлөн, бүтээн байгуулалтыг урагшлуулах, эрчимжүүлэх ажилд онцгойлон анхаарсан.
Эдгээр төслийн нэг Бөөрөлжүүтийн цахилгаан станц төслийг “Улаанбаатар хотын онцлох ажил”-ын жагсаалтад танилцуулж байна.

Улаанбаатар хот улсын эрчим хүчний хэрэглээний 60 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг. Харин 2023-2024 онд шилжих өвөл Улаанбаатар хотын эрчим хүчний систем 200 МВт чадлын дутагдалд орсныг дараа жил нь буюу 2024-2025 оны өвөл нөхөж чадсан юм. Энэхүү хэрэглээг нөхөхөд Бөөрөлжүүтийн 150 МВт хүчин чадалтай цахилгаан станц голлох үүргийг гүйцэтгэсэн. Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, тус бондоос 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр 2011 онд эхэлсэн ч олон жил гацсан Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг 2024 оны аравдугаар сард ашиглалтад оруулж, арванхоёрдугаар сард төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбосон юм.

Бөөрөлжүүтийн цахилгаан станц Диспетчерийн үндэсний төвөөс өгсөн горим, төлөвлөгөөний дагуу цахилгаан эрчим хүчний захиалгыг тасралтгүй, 100 хувь биелүүлэн төвийн бүсийн нэгдсэн системд нийлүүлж ирлээ. Наймдугаар сарын байдлаар хоногийн дундаж ачаалал 140 МВт орчим байсан. Бөөрөлжүүтийн цахилгаан станц 2024 оны арванхоёрдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл төвийн бүсийн нэгдсэн системд ойролцоогоор 600 сая квт.цаг эрчим хүч нийлүүлээд байна.

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын I блокийг ашиглалтад оруулсны дараа II блокийн ажлыг яаравчлан эхлүүлсэн. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийн барилга угсралтын ажил арванхоёрдугаар сарын 5-нд дуусахаар, хуваарийн дагуу төлөвлөгөөт ажлууд цаг хугацааны хоцрогдолгүй үргэлжилж байгаа юм. Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн Улаанбаатар хотоос 120 км зайд орших Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг нийт дөрвөн блок бүхий 600 мBт хүчин чадалтай барихаар төлөвлөж байна.

Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
