Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

АБГББХ: НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчийн газар байгуулах тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөн дэмжлээ

Огноо:

,

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчийн газар байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.

Хэлэлцээрийн төслийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр танилцуулав.  

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хооронд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчийн газрыг байгуулах тухай хэлэлцээр”-ийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, улмаар Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд зөвшилцөхөөр хүргүүлэх, дараагийн шатанд хэлэлцүүлэх болон Монгол Улсын Их Хурлаар соёрхон батлуулахаар энэхүү асуудлыг дэвшүүлж байгааг мэдээллийн эхэнд тодотгов.

Монгол Улс анх 1973 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (НҮБ-ын ХХААБ)-д гишүүнээр элсэж, өлсгөлөн, шим тэжээлийн дутагдлыг устгах, хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах дэлхийн нийтийн зорилгод нэгдсэн байна.

Сайд Ж.Энхбаяр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаын тууштай хамтын ажиллагаа нь манай улсын зөвхөн хүнс, хөдөө аж ахуйн салбараар зогсохгүй бусад олон салбарын тогтвортой хөгжилд байнгын дэмжлэг үзүүлж ирсэн стратегийн чухал ач холбогдолтой байгууллага юм.

Түүхэн товчооныг сөхөж үзвэл 1973 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улс (БНМАУ)-ын Гадаад явдлын яамны сайд Лодонгийн Ринчин БНМАУ-ыг НҮБ-ын ХХААБ-ын гишүүн болох үед тус байгууллагын хүчин төгөлдөр байгаа Дүрэмд заасан үүргийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх, түүнийг дагаж биелүүлэх тухай “Хүлээн зөвшөөрөх бичиг” анх хүргүүлж байсан түүхтэй хэмээн танилцуулсан.

Монгол Улсын холбогдох салбаруудад үзүүлэх дэмжлэг, тусламж, ажлын ачааллаас хамааран НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирал Жак Диюф-ийн 2008 оны 08 дугаар сарын 11-ий өдрийн OCD-DG/08/1004 тоот ноот бичиг, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Ганхуягийн 2008 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/2432 тоот хариу албан бичгээр НҮБ-ын ХХААБ-аас Монгол Улсад суух “Хөтөлбөрийн туслах”-ын албан тушаалыг бий болгох, үүнтэй холбогдон гарах зардал, нөхцөлийг хангахаар Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар харилцан тохиролцсон байна.

Үүний дагуу 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, НҮБ-ын ХХААБ-аас Монгол Улсад суугаа Төлөөлөгч Виктория Секитолеко нар дээрх нөхцөлийн дагуу Хүлээн авагч орны харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулжээ.

Тус Харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь НҮБ-ын ХХААБ-ын бүрэн тоноглож, тохижуулсан түрээсийн байр, харилцаа холбоо, цахилгаан, халаалт, цэвэр ус, унаа, нарийн бичгийн дарга, жолооч цалинжуулах болон бусад зардлыг бүрэн хариуцахаар тохирсон аж.

Мөн Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын ХХААБ, түүний төлөөлөгч болон ажилтнуудад Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын бусад байгууллага, түүний ажилтнуудын адил дархан эрх олгохыг зөвшөөрсөн байна.

НҮБ-ын ХХААБ-аас Монгол Улсад суух Байнгын төлөөлөгчийн газрын хэмжээнд хүрсэн боловч олон улсын гэрээ, хууль эрх зүйн орчинд Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын ХХААБ хооронд Суурин төлөөлөгчийн газар байгуулах тухай хэлэлцээргүй явсаар иржээ.

Цаг үе, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчин зэрэг олон салбарын олон улс болон дотоодын нөхцөл байдал, шаардлага хэрэгцээтэй уялдуулан өнөөдөр Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын ХХААБ хооронд НҮБ-ын ХХААБ-аас Монгол Улсад суух Суурин төлөөлөгчийн газрыг байгуулах тухай хэлэлцээрийг ийнхүү Монгол Улсын Их Хурлаар соёрхон батлах шаардлага үүссэн хэмээн сайд Ж.Энхбаяр тодруулсан.

Тус хэлэлцээрийг байгуулснаар олон улсын гэрээ, хууль эрх зүйн хүрээнд НҮБ-ын ХХААБ-аас Монгол Улсад суух Суурин төлөөлөгчийн газар нь НҮБ-ын ХХААБ-аас БНХАУ-д суугаа Төлөөлөгчийн газраас хамаарах бус, бие даасан статустай болох, НҮБ-ын ХХААБ-аас Монгол Улсын Засгийн газрын өмнө хүлээх үүрэг, хариуцлага нэмэгдэх юм байна. 

Хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Л.Энхнасан, Суурин төлөөлөгчийн газрыг Улаанбаатарт байгуулснаар Монгол Улсад хэрэгжүүлэх олон улсын төсөл хөтөлбөрийн тоо нэмэгдэх сайн талтайг тэмдэглээд, Суурин төлөөлөгчийн газарт Засгийн газраас үнэ төлбөргүй олгох байр, тоног төхөөрөмж, үйлчилгээний зардлын тооцооллыг хийсэн эсэх, энэхүү төлбөр төсөвт ачаалалтай өгөх эсэхийг тодруулсан юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад 1973 онд гишүүн болсон ч манай асуудлыг Бээжингээс хамаардаг байсан. Тусгаар улсын хувьд олон улсын байгууллагуудаа өргөтгөх нь Монгол Улсад их ач холбогдолтой. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дипломат эрх нь бусад олон улсын байгууллагуудтай адил байна. Эхний ээлжинд оффисын ширээ, сандал, харилцаа холбооны зориулалттай зардал гарна. Үүнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төсөвт суулгаад шийдвэрлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн. Нэг удаагийн зардал гарна. Нэг удаагийн захиргааны бага зэргийн зардлыг Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн ач холбогдолтой харьцуулах аргагүй. Тус байгууллагаас нийт 176.4 сая ам.долларын төсөл, хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлээд байна. Суурин төлөөлөгчийн газартай болсноор төсөл, хөтөлбөрийн тоо, хамрах хүрээ тэлэх боломжтой гэсэн хариулт өгсөн юм.

УИХ-ын гишүүн Г.Очирбат, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, олон улсын байгууллагад гишүүнээр элссэний төлбөрийн талаар лавлаж байлаа.

Сайд Ж.Энхбаяр, Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад 1973 онд гишүүнээр элссэнээс хойш гишүүнчлэлийн төлбөр буюу татвараа төлж ирсэн хэмээгээд, хүлээсэн үүргийн дагуу татвараа үргэлжлүүлэн төлнө хэмээсэн. Тус байгууллагаас сүүлийн 16 жилийн хугацаанд манай улсад 176.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 163 төсөл, хөтөлбөрийг маш үр дүнтэй хэрэгжүүлсэн гэдгийг онцолсон.

Хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, С.Эрдэнэболд нар үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцээрийн төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох