Бидэнтэй нэгдэх

Цаг үе

ОХУ-ын “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэтгэлгээр суралцуулна

Огноо:

,

ОХУ-ын “Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилд М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургууль, Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн бакалаврын сургалтад нийт 10 оюутныг сонгон шалгаруулж, суралцуулна.

Шалгалтыг 2020 оны 3 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулна. Ингэхдээ дэлхийн олон улс оронд дэгдээд буй шинэ төрлийн коронавирус /Covid-19/-ын халдварт хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх  зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолын 7 дахь заалтаар олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосонтой холбогдуулж шалгалтыг ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР зохион байгуулна.

Нэг. Мэргэжлийн чиглэл, тавигдах шаардлага

  • М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургуульд байгалийн шинжлэх ухаан, экологи, байгаль хамгаалал, эдийн засаг, үйлдвэрлэлийн менежмент, байгууллагын менежмент, нефть, байгалийн хий, газрын тос, эрчим хүч зэрэг мэргэжлээр 5 оюутан;
  • Москвагийн Олон улсын харилцааны их сургуульд олон улсын харилцаа, эрчим хүчний дипломат бодлого, олон улсын эрх зүй, олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааны эрх зүйн дэмжлэг, олон улсын эдийн засаг ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа, олон улсын бизнес ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа зэрэг мэргэжлээр 5 оюутан тус тус суралцуулна.
  • Тавигдах шаардлага

Дараах шаардлагын аль нэгийг хангаж буй 17-21 хүртэлх насны Монгол Улсын иргэн сонгон шалгаруулалтад оролцоно:

  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1 дүгээр ангид 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа;
  • ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэлд амжилттай суралцаж байгаа болон онц, сайн дүнтэй төгссөн;
  • Монгол Улсын орос хэлний гүнзгийрүүлсэн сургалтай болон ОХУ-тай хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа;
  • ОХУ-ын их, дээд сургуулийн Монгол дахь салбар сургуулийн орос хэлний бэлтгэлд суралцаж байгаа.

Хоёр. Бүрдүүлэх баримт бичиг

  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1 дүгээр дамжаанд болон ОХУ-ын их, дээд сургуулийн Монгол дахь салбар сургуулийн орос хэлний бэлтгэл ангид суралцаж байгаа суралцагчид:
  • Цахим өргөдөл /Скайп програмын хэрэглэгчийн нэрийг зайлшгүй (Skype ID) бичнэ/;
  • Суралцаж буй сургуулийн тодорхойлолт;
  • Дүнгийн хуулбарын эх хувь /голч дүнтэй/;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Бүртгэлийн хураамж төлсөн баримт;
  • Эссэ бичих /Доор дурдагдсан 5 сэдвээс нэгийг сонгож орос хэлээр 500 хүртэлх үгтэй эссэ бичнэ/.
  • ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэл ангид суралцагч, төгсөгчид:
  • Цахим өргөдөл /Скайп програмын хэрэглэгчийн нэрийг зайлшгүй (Skype ID) бичнэ /;
  • Суралцаж буй сургуулийн албан бичиг;
  • Хэлний бэлтгэл анги төгссөн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хувь эсхүл бэлтгэл ангийн дүнгийн тодорхойлолт;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Сурч байгаа дүнгийн хуулбар/голч дүнтэй/;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Гадаад паспортын хуулбар;
  • Бүртгэлийн хураамж төлсөн баримт;
  • Эссэ /Доор дурдагдсан 5 сэдвээс нэгийг сонгож орос хэлээр 500 хүртэлх үгтэй эссэ бичнэ/.
    • Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид суралцагчид:
  • Цахим өргөдөл /Скайп програмын хэрэглэгчийн нэрийг зайлшгүй (Skype ID) бичнэ/;
  • Сүүлийн хагас жилийн дүнгийн тодорхойлолт;
  • Шалгалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Бүртгэлийн хураамж төлсөн баримт;
  • Эссэ /Доор дурдагдсан 5 сэдвээс нэгийг сонгож орос хэлээр 500 хүртэлх үгтэй эссэ бичнэ/.

Эссэ бичих сэдэв, тайлбар:

Шалгалтад бүртгүүлэх иргэд дараахь сэдвүүдээс өөрийн суралцах чиглэлийн сэдвийг сонгож, 500 хүртэлх үгтэй эссэ бичиж, цахим өргөдөл, холбогдох баримт бичгийн хамт ирүүлнэ.

  1. Роль Организации Объединённых Наций  в поддержании международного мира и безопасности
  2. Российско-монгольские отношения в 21 Веке
  3. Роль нефти и газа в мировой экономике
  4. Природные ресурсы как важнейший фактор развития цивилизации
  5. Проблемы глобализованного мира на мой взгляд

Гурав. Бүртгэл

Шалгалтад оролцох иргэд 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн /Даваа гараг/ 09.00 цагаас 3 дугаар сарын 20-ны өдрийн /Баасан гараг/ 12.00 цаг хүртэл   Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны https://scholarship.esis.edu.mn цахим хуудаст хандан шинээр эрх нээн бүртгүүлж, дээрх баримт бичгүүдийг бүрэн хавсаргана.

Цахим өргөдөлд дээр дурдсан баримт бичиг тус бүрийг цаасны тохиргоо А4, PDF файл /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Бүртгэлийн хураамж 20000 төгрөгийг Төрийн сан дахь Гадаад харилцааны яамны 100900016401 тоот дансанд тушаана. Хураамж төлсөн баримтад бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гүйлгээний утга хэсэгт “ОХУ, Роснефтийн тэтгэлэг” гэж бичнэ.

Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусхаас өмнө бүртгүүлсэн материалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу (илгээх товчийг дарснаар танд и-мэйл хаягаар хариу ирэх болно)

Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул аль болох эртхэн бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд 09.00-12.00 цагт 7577-8080 дугаар утасаар холбогдож авах боломжтой.

Дөрөв. Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтыг дараахь 3 хэсэгт хуваан дүгнэнэ. Үүнд: 

  1. Баримт бичгийн бүрдүүлэлт – Баримт бичгийг үнэн зөв, бүрэн бүрдүүлсэн эсэх, сурлагын дүнгийн жагсаалт дахь орос хэл, нийгмийн ухаан, химийн хичээлийн дүн, голч оноог харгалзан үнэлнэ;
  2. Эссэ бичих – Сонгосон сэдвийн хүрээнд утга, санаа, найруулга зүйг оновчтой бүрэн илэрхийлсэн эсэх, зөв бичих дүрмийн алдаа гаргаагүй эсэх зэргийг харгалзан үнэлнэ;
  3. Ярилцлагын шалгалт – Сонгон авсан сэдвээр бичсэн эссэний утга, агуулгыг ойлгомжтой, бүрэн илэрхийлж буй эсэх, комиссын гишүүдээс тавьсан асуултад оновчтой, тодорхой хариулж буй эсэх, суралцахаар сонгосон мэргэжлийн хүрээнд судалгаа хийсэн байдал болон шалгалтад оролцогчийн хандлага, бусадтай харилцах харилцааны ур чадвар зэргийг үнэлнэ.

Шалгалтын нийлбэр оноог 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Гадаад харилцааны яамны http://www.mfa.gov.mn/ цахим хуудсанд байршуулна. Нэрсийн жагсаалтад дурдагдсан эхний 10 иргэнийг шалгалтад тэнцсэнд тооцож, Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд 5, М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургуульд 5 оюутан тус бүр элсүүлэх асуудлаар урьдчилсан шийдвэр гаргана.

Тав. Шалгалтын дүнг баталгаажуулах ярилцлага

Улаанбаатар дахь ОХУ-ын ЭСЯ болон Оросын шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/-өөс шалгалтын дүнг баталгаажуулах ярилцлагыг зохион байгуулах бөгөөд шалгалтад тэнцсэн иргэд эдгээр байгууллагаас товлосон хугацаанд өөрийн биеэр РЦНК-ийн байранд ирж, ярилцлагад орно.

Ярилцлагын тодорхой хугацааг Улаанбаатар дахь ОХУ-ын ЭСЯ, РЦНК-тай тохиролцож, шалгалтад тэнцсэн иргэдэд жич мэдэгдэнэ.

Зургаа. Элсэлтийн шалгалттай холбоотой гомдол, хариуцлага

Иргэн шалгалтын дүн, шалгалттай холбоотой бусад асуудлаарх гомдлоо тухайн шалгалтын явцад болон нэгдсэн дүнг зарласнаас хойш 24 цагийн дотор Шалгалтын комисст хандаж гаргах бөгөөд Шалгалтын комисс хянан үзэж, хариу өгнө. Дурдсан хугацаа өнгөрснөөс хойш гомдлыг хүлээн авахгүй.

­

Баримт бичгээ дутуу буюу хуурамчаар бүрдүүлсэн болон хугацаандаа ирүүлээгүй иргэдийг шалгалтад оруулахгүй. Түүнчлэн, шалгалтын явцад бусдаас дэмжлэг авсан, бусдын бүтээлийг хуулж ашигласан, худал мэдээлэл өгсөн, зарлагдсан хугацаанаас хоцорсон болон бүртгэл, шалгаруулалтын үед тавьсан бусад нийтлэг шаардлагыг биелүүлээгүй бол шалгалтаас хасна.

Бүртгэлийн асуудлаарх лавлагаа, мэдээллийг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны +51-267131, Гадаад харилцааны яамны +51-261832, +51-262184,   +51-262121 утсаар авч болно.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх "Бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ

Огноо:

,

Аялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас "Усыг бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ. Тус аян нь хүүхэд, залуус, иргэд олон нийтэд эрсдэлийг таньж мэдэх, өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, дадлыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн бөгөөд олон талт арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Энэ хүрээнд өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тус аяны нээлтийн арга хэмжээг зохион байгуулж, хүүхэд багачууд “Бяцхан аврагчийн аялал” 7 өртөөт аялалын тоглоомоор тоглож, “Үер, усны ослыг бууруулахад хүүхэд бидний оролцоо” санал хүсэлтийн самбарт уриалга сэтгэгдлээ үлдээн, хүүхдүүдийн флаш моб бүжиг, танин мэдэхүйн АХА тэмцээнд оролцож, гамшгаас өөрийгөө болон бусдыг хамгаалах, усанд осолдох үеийн анхны тусламж үзүүлэх мэдлэг дадлагад суралцлаа.

 

Арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Ч.Урангоо, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газрын сургалт судалгаа мэдээллийн төвийн захирал М.Чанцалсүрэн нар оролцож, үер, усны аюул ослоос урьдчилан сэргийлэх мэдлэгээ дээшлүүлж, аюулгүй байдлаа хангахыг олон нийтэд уриалсан юм.

 

"Усыг бүү бас" аян нь гурван сарын турш үргэлжлэх бөгөөд эрсдэлийг үл тоомсорлох бус урьдчилан сэргийлэх, болзошгүй аюулаас өөрийгөө хамгаалах мэдлэг, соёлд суралцаж, аюулгүй амьдралын төлөө хамтдаа манлайлан оролцохыг нийт иргэд, олон нийтэд уриалж байна.

Монгол Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд 45.446 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдож, 2623 иргэн амь насаа алдсаны 516 нь хүүхэд байна. Эдгээр амь насаа алдсан хүүхдүүдийн 45 хувь нь усны ослын улмаас эндсэн тоо баримт бүртгэгдсэн нь маш том сургамжийг өгч, хүн бүр урьдчилан сэргийлэгч байхыг сэрэмжлүүлж буй дохио юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 47 мянга орчим нэгж цус цуглуулжээ

Огноо:

,

Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан цусны донорууд болон донорын хөдөлгөөнийг дэмжин ажилладаг байгууллагуудыг алдаршуулах ёслолыг өчигдөр  зохион байгуужээ.

Хүндэтгэлийн ёслолыг ЦССҮТ-ийн захирал Б.Нарантуяа нээж үг хэлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, А.Ариунзаяа, Л.Соронзонболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскаланте, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Монголын донорын холбоо ТББ-ын ерөнхийлөгч М.Сосорбарам, БГД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Өлзийнаран болон бусад албаны төлөөлөл оролцлоо.

Ёслолын үеэр донор хамт олон, хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч болон сурталчлагч байгууллага зэрэг таван номинациар шилдэг хамтран ажиллагч байгууллагуудыг шалгаруулж талархал илэрхийлэн шагнал гардууллаа. Мөн цусны донорын хүмүүнлэгийн үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Топ донор” нэг, Алтан, Мөнгөн, Хүрэл болон Хүндэт донорын болзол хангасан 100 орчим донорыг алдаршуулж, хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улс 2016 оноос 100 хувь сайн дурын, авлагагүй цусны донорын тогтолцоонд бүрэн шилжсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 210 мянга гаруй бүртгэлтэй донортой, үүнээс 46 мянга орчим нь байнгын идэвхтэй донор байна. ЦССҮТ нь 2025 онд улсын хэмжээнд 47 мянга орчим нэгж цус цуглуулж, 129 мянга гаруй нэгж цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэн эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлсэн байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

Огноо:

,

2026.06.15 08:00 - 20:00
ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2026 оны 06-р сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл:
Хур тунадас
Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи
Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 32-37 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
Улаанбаатар ба хот орчмын төлөв
Улаанбаатар
20-22°C
4-9 м/с
Багануур
19-21°C
6-11 м/с
Тэрэлж
18-20°C
5-10 м/с

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 20-22 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 19-21 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 18-20 хэм дулаан байна.

2026.06.16-наас 20-ныг хүртэлх төлөв: Зургаадугаар сарын 16-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудийн нутгийн баруун хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 32-37 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 18-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох