Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Та Докду арлын талаар сонсож байсан уу?”

Огноо:

,

Солонгос улсад Аялал зуучлалын докторантад сурдаг миний бие харийн улсыг зорьсон зорилгоо биелүүлэхийн тулд Өдөр бүрийг үр бүтээлтэй өнгөрөөж, өөрийгөө хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэж байна.

Тиймээс эрдэм шинжилгээний хурал, гадуур зохиогдож байгаа үйл ажиллагаануудад чадахаараа идэвхтэй оролцож илүү суралцаж, мэдлэгээ тэлэхийг зорьдог. Энэ удаа “Дэлхийн Докдугийн сурвалжлагч” хөтөлбөрөөр олон орны оюутнуудтай мөр зэрэгцэн Солонгосын үзэсгэлэнт арал болох Докду аралтай танилцан, түүх соёлыг судлах ховор боломж надад тохиосон юм. Тус хөтөлбөрийн гол зорилго нь Докду арлын үнэ цэнийг дэлхий нийтэд таниулах явдал билээ.

2025 оны арваннэгдүгээр сард би Уллындо(Ulleungdo) арлаар дамжин усан онгоцоор Докду арал руу аялсан юм. Багаасаа аялалд дуртай байсан болоод ч тэрүү сүүлийн жилүүдэд Олон улс уруу аялсан түүх бүтээж чадсан нь миний докторт суралцах үйл явц болон судалгаа хийхэд ч гэсэн том нөлөөллийг үзүүлж байгаа гэж хардаг. Энэ удаагийн аялал маань усан онгоцны аялал байсан тул урьдны бүх аяллаас илүү догдлом, хүлээлттэй, сэтгэл хөдөлгөм байлаа.

Докду арал нь Солонгос улсаас 217 км, Япон улсаас 220 км зайд, Зүүн тэнгисийн хамгийн зүүн хэсэгт байрладаг. Галт уулын дэлбэрэлтээс үүссэн хоёр том хадархаг арал, хэд хэдэн шүрэн хаднаас бүрдэх бөгөөд олон төрлийн далайн амьтан, ховор шувуудын өлгий нутаг, далайн экосистемийн судалгаанд онцгой ач холбогдолтой газар юм.

 Сүүлийн үед Солонгос, Японы хооронд газар нутгийн маргаан хэвлэл мэдээллээр их гарах болсон бөгөөд энэхүү газар нутгийн маргааны төв болсон сэдэв бол Докду арлын газрын маргаан зүй ёсоор ордог. Докду арал бол өглөөний нарыг хамгийн түрүүнд үзэж болох байгалийн үзэсгэлэнгээрээ гайхагдахын зэрэгцээ газрын гүндээ асар их байгалийн баялагтай гэгддэг хосгүй үзэсгэлэнт байгалийн бүтэцийг харуулсан арал юм.

Япон улс Докдуг өөрийн газар нутаг гэж үздэг бол Солонгосын Засгийн газар Докду нь эртнээс Солонгосчуудын эзэмшил нутаг гэдгийг баталгаажуулах, дэлгэрүүлэхэд анхаарч байна. Түүхэн баримтуудаар ч Солонгосчууд энэхүү аралд эртнээс суурьшиж ирсэн нь нотлогддог бөгөөд өнөөдөр ч тус арал дээр Солонгос иргэд амьдарч, хамгаалж байдаг. Докду бол Солонгосын ард түмний хувьд дайны үеийн хүнд цаг үеийг санагдуулдаг, гашуун дурсамж тээсэн ариун газар юм.

Солонгосчууд Докдуг зорихдоо ихэвчлэн нулимстайгаар дурсгалын зураг даруулж, газар нутгийн үнэ цэн, бахархлаа илэрхийлдэг. Мөн үе үеийн уран бүтээлчид Докдугийн тухай олон дуу, шүлэг, өгүүлэл туурвисан байдаг.  Солонгост ирсний дараа би ‘Докду бол манай газар’ хэмээн дуулж буй бага ангийн хүүхдүүдийг хараад энэ арал ямар утга учир, түүхэн үнэ цэн агуулж байгаа болоод хүүхдүүд хүртэл ингэж дуулдаг билээ гэж ихэд сонирхон интернетээс хайж байсан үе саяхан. Хайлт хийсний дараа ийм их үнэ цэнээр олдсон учир түүнийгээ алдахгүйн тулд хойч үедээ хүртэл өвлүүлэхийн төлөө хичээж байгаа сэтгэлийг нь ойлгосон.

Арал дээр хөл тавьсан мөчид миний сэтгэлд гүн сэтгэгдэл төрсөн. Догдлол, сониуч зан зэрэгцэн хөдөлж, аралд очсон тэр мөчид энэ бүхэн улам хүчтэй мэдрэгдсэн юм. Үгээр илэрхийлэхийн аргагүй үзэсгэлэнт энэ арал хязгаар үгүй далайн дунд орших нэгэн гайхамшиг байлаа. Ийм үзэсгэлэнтэй газар тул өөр улс орнууд ч анхаарлаа хандуулж, шунан дурлах нь аргагүй мэт санагдсан. Байгалийн гоо үзэсгэлэнг бишрэхийн зэрэгцээ аяллын хөтөлбөрийн үеэр танилцсан түүхэн баримт, соёлын өв, арлын тухай өгүүлэмжүүд нь энэ газар бол зүгээр нэг арал бус  Солонгосын ард түмний түүх, өв соёлын амьд гэрч гэдгийг улам тод харуулсан. Энэ бүхнийг биеэр мэдэрсний дараа би энэхүү гайхамшигт арлыг дэлхий дахинд таниулж, түүний үнэ цэнийг олон нийтэд хүргэх хүсэл тэмүүллээр дүүрсэн юм.

Мэргэжлийн үүднээс харахад, Докдугийн байгалийн болон газарзүйн онцлог нь эко аялал жуулчлалын нөөц болох боломжийг тодорхой харуулдаг. Байгальд хор хөнөөл учруулахгүйгээр хүмүүст танин мэдэх, суралцах боломж олгох тогтвортой аялал жуулчлалын жишиг загвар болж хөгжих бүрэн потенциалтай. Ийм байгалийн өвийг дайн, маргааны төв болгож биш, харин энх тайвны бэлгэдэл болгон хамгаалах нь хүн төрөлхтний үүрэг гэж бодож байна.

Энэхүү хөтөлбөрт оролцсоноор би Докду арлын үнэ цэнэ, нийгмийн эв нэгдлийн чухлыг гүнзгий ойлгосон. Цаашид өөрийн эх орондоо ч байгалийн болон түүхийн үнэ цэнтэй газруудаа хамгаалж, танин мэдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

Мөн "Дэлхийд Докдуг таниулах сурвалжлагч" хүний хувьд миний мэдэрсэн бас нэг чухал зүйл бол Докду нь Өмнөд Солонгос, Японы хооронд газар нутгийн маргаантай байгаа нь бүрэн эрхт байдлын зөрчил үргэлжилсээр, цаашлаад дэлхийн амар тайван алдагдахвий гэсэн айдас байлаа. Солонгосчуудын хувьд Докду арал энх тайван байх нь дэлхийн энх тайвны бэлгэ тэмдэг гэж үзэхүйц хэмжээнд том ач холбогдол өгч байгаа ба үүнээс улбаалан дэлхийг амар тайван бус байлгахыг хүсэхгүй байгаа учраас өөрсдийн гэсэн газар нутаг дээрээ маргаанаа дуусгахыг хүсч байгаа байр суурьтай байгаа юм.

Иймээс Докду арлыг зөвхөн газар нутгийн маргааны төв бус, харин дэлхий нийтэд энх тайвныг бэлгэдэх ариун газар хэмээн ойлгох хэрэгтэй гэж үзэж байна.

Докторант Ганбатын Эрдэнэсувд
Гангненг Их Сургууль

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулжээ

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээнд ажиллах жолооч нарт зориулсан нэгдсэн сургалтыг Зам, тээврийн яамны “Хөсөг” танхимд зохион байгууллаа.

Сургалтад COP17-ын үеэр автотээврийн үйлчилгээнд ажиллах төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, “Зорчигч тээвэр I, II”, “Зорчигч тээвэр III, IV”-ийн нийт 250 орчим жолооч, тээврийн хэрэгслийн зохион байгуулалт хариуцан ажиллах албан хаагчид хамрагдаж байна.

Монгол Улсад зохион байгуулагдах олон улсын хэмжээний энэхүү арга хэмжээний үеэр гадаадын зочид, төлөөлөгчдөд аюулгүй, шуурхай, соёлтой, мэргэжлийн түвшинд тээврийн үйлчилгээ үзүүлэх бэлтгэлийг хангах нь сургалтын гол зорилго юм.

Сургалтаар COP17-ын ерөнхий ойлголт, ач холбогдол, зохион байгуулалтын онцлог, зочид, төлөөлөгчдийн ангилал, үйлчилгээний стандарт, жолооч нарын үүрэг хариуцлага, сахилга бат, үйлчилгээний соёл, ёс зүй, мэргэжлийн харилцааны талаар нэгдсэн мэдээлэл өгчээ.

Түүнчлэн зочдыг нисэх буудлаас угтан авах, зочид буудал болон арга хэмжээний байршилд хүргэх үе шат, маршрут, хөдөлгөөний зохион байгуулалт, цагийн менежмент, мэдээлэл дамжуулах журам, холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, аюулгүй ажиллагааны чиглэлээр жолооч нарыг сургалт, арга зүйгээр хангаж байна.

Мөн зам тээврийн осол, саатал болон бусад эрсдэл, онцгой нөхцөл үүссэн үед авах арга хэмжээ, ачаалал ихтэй нөхцөлд тайван, зөв, шуурхай шийдвэр гаргах, өдөр тутмын ажлын бэлэн байдлыг хангах зэрэг практик ур чадварыг сургалтын хөтөлбөрт тусгажээ.

Сургалтыг танилцуулах лекц, асуулт-хариулт, жишээнд суурилсан сургалт, багаар ажиллах дасгал, маршрут болон тээвэрлэлтийн урсгалын зураглалтай танилцах, онцгой нөхцөлд ажиллах дадлага зэрэг онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.

Сургалтын үеэр COP17 олон улсын бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба, Нийслэлийн тээврийн газар, Автотээврийн үндэсний төв болон Тээврийн цагдаагийн албаны холбогдох албан хаагчид чиг үүргийнхээ хүрээнд мэдээлэл өгч, мэргэжил, арга зүйн зөвлөмж хүргэлээ.

Тухайлбал, Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн хяналт, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй ажиллагаа болон олон улсын арга хэмжээний үеэр жолооч нарын анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн байна.

Уг сургалт нь COP17-ын үеэр зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээг аюулгүй, шуурхай, зохион байгуулалттай явуулах, үйлчилгээний нэгдсэн стандарт, сахилга хариуцлагыг хэвшүүлэх бэлтгэл ажлын нэг хэсэг гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт хоногт 250 м³ лаг боловсруулах үйлдвэр байгуулна

Огноо:

,

Инженерийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд “Лаг хатаах, шатаах үйлдвэр”-ийг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт, нийт 40 мянган ам метр талбайд 2025-2027 онд байгуулахаар төлөвлөжээ.

Одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжаас хоногт дунджаар 238 тонн лаг гардаг бөгөөд хуримтлагдсан лагийн хэмжээ 843,200 м³-д хүрсэн байна.

Шинээр барих үйлдвэр хоногт 250 м³ лаг боловсруулах хүчин чадалтай. Боловсруулалтын дараа лагийн хэмжээг 5-6 м³ үнс болгон бууруулахаар тооцжээ.

Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан бөгөөд Барилга хөгжлийн төвийн 2025 оны долоодугаар сарын 22-ны өдрийн магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан байна.

Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/01 дүгээр тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д лаг хатааж, шатаах үйлдвэр барих төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэхээр тусгажээ.

Лаг хатаах, шатаах технологи нь бохир ус цэвэрлэх байгууламжаас гардаг лагийг байгаль орчинд аюулгүй аргаар боловсруулж, эзлэхүүнийг эрс бууруулах зориулалттай. Лагийг өндөр температурт шатааснаар эзлэхүүн нь 90 хүртэл хувиар буурч, бактери, вирус болон бусад өвчин үүсгэгч бичил биетнийг устгах боломжтой.

Түүнчлэн шаталтын явцад үүсэх дулааныг цахилгаан болон дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж болдог. Зарим технологийн хувьд шаталтын дараа үлдэх үнснээс фосфор зэрэг ашигт эрдсийг сэргээн авах боломжтой аж.

Япон, Герман, Швейцар, Нидерланд, Өмнөд Солонгос зэрэг улс лаг хатаах, шатаах технологийг ашиглаж байна. Тухайлбал, Германд лаг шатаах үйлдвэрээс гарсан үнснээс фосфор сэргээн авах технологи ашигладаг бол Нидерландад төвлөрсөн лаг боловсруулах үйлдвэрүүдээр дулаан, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг.

Ийнхүү лаг хатаах, шатаах технологийг лагийн эзлэхүүнийг бууруулахын зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэх, нөөцийг дахин ашиглах чиглэлээр олон улсад өргөн ашиглаж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орууллаа

Огноо:

,

Баянзүрх дүүргийн Монелийн гудамжийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг 2026 оны 08 дугаар сарын 7-ны 23:00 цагаас 2026 оны 08 дугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл хаана.

Энэ авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн Ч:19А “Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв” чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орж байна.

Авто замын засварын хугацаанд тус чиглэл дараах зураглалын дагуу үйлчилгээ үзүүлэх тул иргэд та бүхэн зорчилтоо төлөвлөнө үү гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох