Цаг үе
Сурагчдад сүү өгөх хөтөлбөрийг энэ сарын 26-наас эхлүүлнэ
НЕБ-ын сургуулийн хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих зорилгоор “Сүүн дархлаа” хөтөлбөрийг 2024 оноос үе шаттай хэрэгжүүлсэн. Энэ жил нийслэлийн 1-5 дугаар ангийн 189.600 сурагчид долоо хоногт гурван удаа сүү өгнө.
Хөтөлбөрийг энэ сарын 26-наас хэрэгжүүлж эхлэхдээ үндэсний сүүний үйлдвэрүүдтэй хамтрах юм. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаны хүмүүс сүү үйлдвэрлэгч нартай уулзаж, сүүний үйлдвэрүүдтэй танилцаж буй. Өнөөдөр “ТЭСО” группийн "Милко” ХХК-ийн сүүний үйлдвэрт ажиллалаа.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Монгол Улсын Ерөнхийлөгч хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан орон даяар хэрэгжүүлж байна. Тус хөдөлгөөнийг дэмжих хүрээнд болон НИТХ дахь эмэгтэй төлөөлөгчдийн санаачилгаар Улаанбаатар хотын ЕБС-ийн 1-5 дугаар ангийн сурагчдад сүү өгөх хөтөлбөрийг энэ сарын 26-наас эхлүүлнэ. 1959 онд Япон улс, 1981 онд БНСУ, 2005 онд БНХАУ сүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэхүү хөтөлбөрийн үр дүнд тухайн улсуудын хүүхдийн дархлаа, биеийн өсөлт, хөгжил, ой тогтоолтод хүртэл сүү уух нь эерэг үр дүн өгсөн. Ирэх онд 1-12 дугаар ангийн хүүхдүүдийг бүхэлд нь сүү хөтөлбөрт хамруулна. Мөн долоо хоногт сондгой өдрүүдэд гурван удаа сүү өгөхийг таван өдөр болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Ахлах ангийн хүүхдүүдэд купон өгч кофе шопуудаар үйлчлүүлэх болон сургууль дээрээ сүү уух боломжтой байхаар, бага, дунд ангийн хүүхдүүдэд сургуулийн коридорт халуун сүүний “АТМ” суурилуулж сүү өгөх талаар мөн судалж байна. Ингэснээр сүүний үйлдвэрүүд “АТМ”-ээ цэнэглэж, хүүхдүүд өөрийн аягаараа сүүгээ уух юм. Цаашид сүү хөтөлбөр хүүхдүүдийн биеийн өсөлт, хөгжилд хэрхэн нөлөөлж байгааг 2-5 жилээр судална” гэдгийг онцоллоо.

Мөн хавраас эхлэн СХД-ийн 21, 32 дугаар хороо, БЗД-ийн Шархад, Гачуурт, Хан-Уул дүүргийн Өлзийт, Багануур, Багахангай, Налайх дүүрэгт фермерүүдийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоно. Тухайлбал, тэжээлийн ургамал тариалахад нь тоног төхөөрөмж, үрийн зээл олгоно. Үхэр худалдан авах, хашаа, саравчаа сайжруулан барихад нь ч зээлийг багцлан олгохоор төлөвлөж байна. Нийслэлээс 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан учраас бизнес эрхлэгчид, дотоодын үйлдвэрүүдээ дэмжинэ гэдгээ хотын дарга Х.Нямбаатар дахин хэллээ.

“ТЭСО” группийн гүйцэтгэх захирал С.Болор сүүний үйлдвэрийнхээ талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Бид нийт 13 га талбайд 45 мянган м.кв үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хийж, хавар нээлтээ хийхээр бэлтгэж байна. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг өмнөх хүчин чадлаас 3 дахин нэмэгдүүлж үйлдвэрлэнэ. Тодруулбал, өдөрт 400 тонн шингэн сүүг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Хатаах үйлдвэрт шингэн сүүг шим тэжээл, чанарыг нь алдагдуулахгүй хуурайшуулдаг. Үндэсний үйлдвэрлэлээ олон улсын жишиг, стандартын дагуу дотоодын болон экспортын зах зээлд гаргахаар төлөвлөж байна. Хүүхдийн сүүний тухайд шингэн сүү, хатаамал сүү, халуун сүүг үйлдвэрлэдэг. Хүүхдүүдэд хамгийн шим тэжээлтэй сүүг өгөхөд нийслэлтэй хамтарч ажиллана. Сүүг тогтмол хэрэглэснээр хүүхдийн өсөлт, хөгжилд чухал нөлөөтэй. Манай групп дижитал шийдлүүдийг нэвтрүүлсэн учраас шуурхай бөгөөд хялбар аргаар сүүг хэрэглэгчдэд хүргэх боломжтой. Халуун сүүг сүүний машинаас ч уух боломжтой” гэв.



Цаг үе
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Цаг үе
Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцууллаа
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комисс 2026.10.09 хуралдлаа. Хуралдааны шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр танилцуулав.
ОХУ-ын Эрхүү хотод тарваган тахалтай холбоотой байж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өнгөрсөн шөнө ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хүний сайн сайхан байдал, эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудал хариуцсан холбооноос албан ёсны хариу иржээ. Шинжилгээний дүнгээр Ковид-19 болон риновирусын тус тус хоёр тохиолдол илэрсэн. Бусад аюултай халдварт өвчний шинж илрээгүй гэв.

Шадар сайдын өгсөн мэдээллээр баавгай суурьшлын бүсэд орж ирсэн дуудлага мэдээлэл 557 ирсэн, есөн баавгайг аюулгүй болгожээ. Шадар сайд Н.Номтойбаяр амиа алдсан иргэний ар гэрт Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ.
Засгийн газрын тогтоол гарч, Амьтны тухай хууль, Хил хамгаалах тухай хууль, Эрүүгийн хуулийг тус тус үндэслэн тусгайлан тогтоосон бүсэд баавгай агнах зөвшөөрөл олгох шийдвэр гарчээ. Тогтоосон байршлаас өөр газар, өөр зорилгоор ан агнасан тохиолдолд Эрүүгийн хууль үйлчлэхийг анхааруулж,хяналтаа сайжруулахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг, даалгавар өгсөн байна.
Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчнөөс сэргийлэх, зайлшгүй шаардлагаар хэрэглэх вакцин үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн. Малын гоц халдвар өвчлөлтэй холбоотой асуудлаар малчид сонор сэрэмжтэй, хариуцлагатай байх шаардлагатайг Шадар сайд тэмдэглэлээ. Өвчний халдварын голомтыг таслан зогсоох зорилгоор устгасан малын тоо, малчин өрхийн мэдээллийг нарийвчлан гаргаж, малчдыг хохиролгүй болгох, цаашлаад буруутай этгээдээр хохирлыг төлүүлнэ гэлээ. Мөн аль болох устгал хийхгүй, малыг эрүүлжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэлэв.

Цаг үе
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж, эрдэнэт хүний амь нас хохирсон эмгэнэлт явдал тохиолоо. Амь насаа алдсан иргэний ар гэр, төрөл төрөгсдөд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Ерөнхий сайд гүн эмгэнэл илэрхийлэв.
Хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж, эрсдэлийг бууруулах шуурхай арга хэмжээ авч, салбар хоорондын нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Улсын Онцгой комисс, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагуудад /2026.10.09/ үүрэг болголоо
Баавгай хүний аминд хүрч хөнөөж байхад хууль, дүрэм өөрчилье гэж ярьж, хугацаа алдах эрх бидэнд байхгүй. Эрх зүйн өөрчлөлтөөс өмнө одоо байгаа хуулийн хүрээнд иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг анхааруулав.

Цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин, байгаль хамгаалагч, мэргэжлийн анчдын багийг эрсдэлтэй байршлуудад илгээх, мэргэжлийн байгууллагуудыг 24 цаг ажиллууллах, Улсын Онцгой комисс иргэдэд шаардлагатай мэдээллийг өдөр бүр хүргэж ажиллахыг даалгалаа.
Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах болон баавгайг барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт нутагт шилжүүлэн тавих арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан, баавгайн унтуулгын буу, эм, урвалж бодис, багаж хэрэгслийг хил, гаалиар оруулж ирэх асуудлыг шуурхайн зохион байгуулахад шаардлагатай нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэсэн. Хэрэгжилтэд нь анхаарч ажиллах, техник, технологийн дэвшлээр баавгайн тоо толгойн мэдээллийг гаргахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.


-
Шударга мэдээ2023/10/03
ШӨХТГ-аас торгосон 20 сая төгрөгийг “Хасбанк” төлжээ
-
Шударга мэдээ2021/06/02
Г.К.Жуковын талбайн хойд талын газрыг нийтийн эдэлбэр газар болгож тохижуулна
-
Цаг үе2024/04/05
Мал эмнэлгийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгууллаа
-
Улстөр нийгэм2022/01/06
“Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” УИХ-ын т...
