Шударга мэдээ
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны нэгдүгээр сарын 28-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн этгээдүүдээс ирүүлсэн саналыг санхүү, менежментийн чадавх, санхүүжилтийн оновчтой хувилбар, техник, технологи болон бусад шаардлагатай шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэх чиг үүрэг бүхий дэд ажлын хэсгийн ажлын явцын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Өнгөрсөн оны есдүгээр сард Ерөнхий сайдын захирамжаар “Эрдэнэт үйлдвэр”-т түшиглэн зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулагдсан. Тус Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахалж буй юм.
Төслийн ерөнхий мэдээллийг дэлхийн 20 гаруй улсын 55 компанид хүргүүлсэн. Долоон улсын 13 компани уг төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлжээ.
Хамгийн сайн гэж үнэлэгдэхүйц хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зорилгоор дэд ажлын хэсэгт ирсэн саналуудыг ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн туршлага, техник, технологийн шийдэл, санхүү эдийн засгийн чадавх, давуу тал зэрэг үзүүлэлтийг харгалзан үнэлжээ.
1. БНХАУ-ын Эн Эф Си (NFC) компани;
2. БНХАУ-ын Жянши Коппер (Jiangxi Copper) компани;
3. БНХАУ-ын Ляньтоу Нью Энержи Технологи (Liantou New Energy Technology), Чайна ЭнФи Инженеринг Корпораци (China ENFI Engineering Corporation), Шаньси Нортерн Коппер Индастри (Shanxi Northern Copper Industry) гэсэн 3 компанийн түншлэл;
4. Швейцарь Улсын Гленкор Интернэшнл ЭйЖи (Glencore International AG) компани.
Эдгээр хуулийн этгээдүүдэд сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан талаарх мэдэгдэл болон хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах баримт бичгийг хүргүүлж, шаардлагатай мэдээ, мэдээлэл, холбогдох материалтай танилцах боломж олгох чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөлд хамтран ажиллах, хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эцсийн шатны ажлыг 2026 оны I улиралд багтаан дуусгахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Шударга мэдээ
НИТХ-ын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар аврах 105 дугаар ангид ажиллалаа
Нийслэлийн Онцгой байдлын газраас үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийн бэлэн байдлыг хангахаар зургаадугаар сарын 10-аас есдүгээр сарын 15-ныг хүртэл завьт эргүүл ажиллуулж, “Усыг бүү бас” нөлөөллийн аян, мөн үерийн хамгаалалтын инженерийн байгууламжийн үзлэг шалгалтыг зургаадугаар сарын 5-наас долдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулахаар төлөвлөсөн.
НИТХ-ын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар өнөөдөр (2026.06.06) ОБЕГ-ын Аврах 105 дугаар ангид ажиллаж, үерийн хамгаалалтын барилга байгууламж, аврах ангийн техник хэрэгсэл болоод боловсон хүчний бэлэн байдалтай танилцлаа.
Нийслэлд 2026 оны 6 дугаар сарын эцсээс 8 дугаар сарыг дуустал олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох учраас үер усны аюул нэмэгдэх төлөвтэйг УЦУОШГ-аас мэдээллээд байна.
Үер усны аюулын эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үеэр тусламж үзүүлэх бэлэн байдлыг хангаж, НОБГ-ын гамшгаас хамгаалах 17 алба 60 орчим техник хэрэгсэл, 200 гаруй хүн хүчтэй, өндрөөс аврах ажиллагааны, завьт эргүүлийн, хот дотор аврах ажиллагааны, эмнэлгийн автомашин, мөн тусгай зориулалтын мэргэжлийн 12 анги, 100 гаруй техник болон 500 орчим хүн ажиллаж байгаа юм.
Шударга мэдээ
Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа
МЭДЭГДЭЛ
Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мэдэгдэж байна.
1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд ашиглалтын талбай дахь олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд оршин суугаа иргэд, мал амьтанд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, учирч болзошгүй эрсдэлийг арилгах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тогтмол зохион байгуулах;
2. Ашиглалтын болон хайгуулын талбайд үүссэн ам цооног, ил уурхайн ухаш, нүх, шуудуу, хаягдлын байгууламж болон бусад аюултай хэсгийг хашаажуулах, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах, шаардлагатай хамгаалалтын хэрэгслээр тоноглох, аюулгүй байдлыг хангах, ашиглалт дууссан болон эрсдэл бүхий талбайг үе шаттайгаар булж тэгшлэх;
3. Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжид нийцүүлэн хүүхэд хамгааллын бодлогоо баталж мөрдүүлэх, хүүхэдтэй холбоотой эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, урьдчилан сэргийлэх, мэдээлэх болон шаардлагатай хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх;
4. Энэхүү мэдэгдлийн хэрэгжилтийг зохион байгуулж, авсан арга хэмжээ, хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх мэдээллийг 2026 оны 06 дугаар сарын 10-ны дотор Нийслэлийн Байгаль орчны газарт тухай бүр ирүүлж ажиллах.
Мэдэгдлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, олборлолтын үйл ажиллагааны аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал, нийгмийн хариуцлагыг хангаж ажиллахыг үүгээр мэдэгдье.
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР
Шударга мэдээ
Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг өвлүүлнэ

