Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Ажлын хэсгийн гишүүд Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилт, дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа

Огноо:

,

Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Улсын Их Хурлын гишүүн С.Замира нар 2026 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр нийслэлийн Налайх дүүрэгт ажиллав.

Ажлын хэсгийн гишүүд эхлээд нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газарт очиж, Хог хаягдлын тухай хууль болон холбогдох журам, шийдвэрийн хэрэгжилтийн явц байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудлаар санал солилцсон.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, таван намын төлөөллийг оролцуулан хоёр удаагийн хэлэлцүүлэг хийснийг дурдаад 2017 онд батлагдсан Хог хаягдлын тухай хууль хэдий сайн ч, хэрэгжилт нь тааруу байгааг онцлон тэмдэглэв.

Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар товч танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, тус дүүрэгт буй нийт 10991 өрх, (үүнээс гэр хороолол 7960, байшин хороолол 3031), 588 аж ахуйн нэгж байгууллагын хогийг тогтмол тээвэрлэдгийг дурдахын зэрэгцээ дүүргийн Засаг даргын  2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хог хаягдлын хэмжээг бууруулах төслүүдийг хэрэгжүүлж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилт тавин ажиллаж байна гэв.

Тус дүүргийн хог хаягдлын төлбөр хураамжийн орлого төвлөрүүлэлтийн талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.

Мөн Налайх дүүрэгт хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 12 үйлдвэр байдгаас 27606 тонн хогийг дахин боловсруулалтад оруулсныг онцлоод цаашид Хог хаягдлын тухай хуульд далд хогийн савны стандартыг батлах, хогийг ангилан ялгаж байгаа үйлдвэрүүдийг төрийн бодлогоор дэмжиж, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах асуудлыг тодорхой тусгах саналтай байгаагаа илэрхийлсэн. 

Улсын Их Хурлын гишүүн С.Замира хог хаягдлын асуудлыг цэгцлэх хүрээнд шаардлагатай эрх зүйн орчныг сайжруулахад анхаарал тавьж ажиллахаа илэрхийлэхийн зэрэгцээ хуулийн хэрэгжилтэд онцгой анхаарал тавьж, бүх шатандаа хог хаягдлын менежментийг сайжруулах, нийллэг уутаас татгалзсан дүүрэг болох зэргээр нөлөөллийн ажлыг хийж, хөрөнгө мөнгө шаардахгүйгээр хийж болох шинэлэг санал, санаачилга гарган идэвхтэй ажиллах нь зүйтэй гэж байлаа.

Дараа нь Ажлын хэсгийн гишүүд “Налайхын үйлдвэрлэл технологийн парк” ХК-д ажиллав. Тус парк нь өнөөдрийн байдлаар 4.64 км урт хүнд даацын авто зам, 1.4км үерийн хамгаалалтын байгууламж, 660м2 оффисын барилга, гүний худгууд, 110/10квт-ын цахилгааны дэд станц зэрэг дэд бүтцийн ажлуудыг ашиглалтад оруулсан байна. Ерөнхий төлөвлөлтийн дагуу  хоногт 1000 м3 ус цэвэршүүлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж, 26 гКал/цагийн хүчин чадалтай дулааны станц, 11.7км төмөр зам, судалгаа хөгжлийн төв, тээвэр ложистикийн терминал зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.  

“Налайхын үйлдвэрлэл технологийн парк” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Раднаабазар, өнөөдөр хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар нийт 15 аж ахуйн нэгж хүсэлтээ ирүүлээд байгааг дурдаад үйл ажиллагаа нь жигдэрсэн хог хаягдлыг дахин боловсруулж буй дөрвөн үйлдвэрүүдийн талаар товч танилцуулав. Мэдээллийг доорх зурагнаас харна уу.

Мөн тэрбээр, Үйлдвэрлэл технологийн паркт байрлаж буй эдгээр дөрвөн ахуйн нэгжүүд хаягдалгүй, эко үйлдвэрлэлийг явуулж байгааг онцлоод цаашид хог хаягдлаа дахин боловсруулан цахилгаан, дулаан гаргадаг үйлдвэрлэл рүү чиглүүлэх шаардлагатай байна гэж байлаа. 

Ажлын хэсгийн гишүүд дараа нь "Электрокем монголиа" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав.

Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Х.Ганболд үйлдвэрийнхээ талаар товч мэдээлэл өгөв. Тэрбээр, 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай үйлдвэр маань хаягдал хар тугалгын аккумляторыг байгальд ээлтэй технологиор дахин боловсруулж, барилгын материал үйлдвэрлэдэг. Үйлдвэр нь жилдээ 12 мянган тонн буюу Монгол Улсын хэмжээнд хаягдал болдог аккумляторуудыг бүрэн хэмжээнд дахин боловсруулах хүчин чадалтай бөгөөд Олон улсын хар тугалгын ассоциациас австрали, английн экспертүүдийг урьж, дэлхий нийтэд хар тугалгын аккумляторыг хамгийн зөв аргаар боловсруулж буй технологийг ашиглаж, үйлдвэрлэл явуулж байна гэж байлаа.

Мөн үйлдвэрлэлийн үндсэн гол бүтээгдэхүүн болох хар тугалгын гулдмай нь 99,97-гоос дээш хувийн цэвэршилттэй, олон улсын стандартын шаардлага хангаж байгаа бөгөөд бүтээгдэхүүнээ БНХАУ-д экспортолж байна гэв.  

Үйлдвэрийн удирдлагууд Хог хаягдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гээд үйлдвэрлэгчийн хариуцлагыг өргөтгөх, импортлогч нь үйлдвэрлэгчтэй адил хариуцлага хүлээнэ гэдгийг тодорхой болгох, аюултай хог хаягдлын мөшгөлтийн системийг хуульчлах, зөвшөөрөл олгох хяналтын босгыг тодорхой тусгах, тусгай хог хаягдлуудыг ялгаж, бүлэг заалттай болгох зэргээр хуулийн төсөлтэй холбоотой тодорхой саналууд гаргаснаа тайлбарлалаа.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ажлын хэсгийн ахлагч Б.Мөнхсоёл, хог хаягдлын менежмент муу байвал эргээд улс орны хөгжил, эдийн засгийн байдал, агаар, хөрс, орчны бохирдол гээд маш олон асуудалд томоохон сөрөг нөлөө үзүүлдэг тул хог хаягдалтай холбоотой бүхий л салбарын төлөөлөлтэй уулзаж, тулгамдсан асуудал, саналыг сонсож, нэгтгэхээр ажиллаж байна гэв. Мөн ажлын хэсгийн хувьд Монгол Улсын хог хаягдлын асуудлын түвшинг ахиулах зорилготойгоор ажиллаж байгаагаа онцолж байлаа.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл ахалж, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, С.Ганбаатар, С.Замира, Ж.Золжаргал, Т.Мөнхсайхан, С.Одонтуяа, А.Ундраа, Б.Уянга нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Огноо:

,

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.

Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.

Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .

Цэцэрлэгийн бүртгэл

  • 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.

Нэгдүгээр ангийн элсэлт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
  • Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.

Их, дээд сургуулийн хичээл

  • 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
  • 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.

 Оюутны дотуур байр

  • 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов

Огноо:

,

Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.

Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.

Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.

Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.

Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.

Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:

  • Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
  • Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
  • Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
  • Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
  • Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
  • Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.

Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.

Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох