Улстөр нийгэм
Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчимд 1.6 га талбайг чөлөөлж, жишиг гудамж болгон тохижуулах ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж, 55 айлын газрыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 36 айлын газрыг бүрэн чөлөөллөө. Тухайн байршилд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллаж, иргэдээс газар чөлөөлөлттэй холбоотой санал сонслоо.
Энэ онд нийт 1.6 га талбайг чөлөөлж, цаашлаад үе шаттай чөлөөлөлтүүд хийгдэж, Улаанбаатар хотын хамгийн том ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг Гандантэгчэнлин хийдийг тойруулан барихаар төлөвлөсөн. Аливаа хот түүхэн дурсгалт барилга байгууламжаа тойрсон цэцэрлэгт хүрээлэнтэй байдаг жишгүүд ч бий. Энэхүү Улаанбаатар хотын томоохон цэцэрлэгт хүрээлэнтэй болсноор аялал жуулчлалд ээлтэй төдийгүй иргэд амарч, зугаалах, ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.

Иргэдтэй уулзах үеэр хотын дарга Х.Нямбаатар “Гандан орчмыг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно. Газар чөлөөлөлтөөс татгалзсан гурван айлтай уулзаж, дахин үнэлгээ хийхээр тохиролцлоо. Газар чөлөөлөлтийг иргэдэд илүү хүргэх үүднээс тухайн орчимд тогтмол үйл ажиллагаатай байр гаргаж, мэдээллээ иргэдэд түгээх хэрэгтэй. Дөрөвдүгээр сарын дундуур НИТХ-ын ээлжит хуралдаанаар “Гандан” нэртэй тогтоолын төслийг хэлэлцүүлнэ. Тогтоолын төслийн нэрийг дахин авч үзнэ. Харин төслийн тухайд нийслэлийн ИТХ-ын долоон төлөөлөгч санаачилсан. Энэхүү тогтоолоор ойрын жилүүдэд Гандангийн 55 га газрыг бүхэлд нь чөлөөлж, Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгохыг зорьж байна. Гандан орчимд дахиж барилга байгууламж бариулахгүй. Шинээр газар эзэмшүүлж, ашиглуулахгүй. Харин зах зээлийн жишигт нийцсэн үнээр жил бүр хэсэгчлэн газрыг чөлөөлнө. Гандан орчимд 55 га газарт 1800 айл амьдарч байгаа бөгөөд нийт 700-800 нэгж талбарыг бүхэлд нь чөлөөлнө. Гандан тойрсон худалдаа, үйлчилгээний төвүүд ч мөн газар чөлөөлөлтөд хамарна. Гэхдээ иргэдэд урьдаас мэдээлэл өгч газрыг чөлөөлөөд явна. Гандан орчим ирэх жилүүдэд Улаанбаатар хотын нэрийн хуудас болсон цэцэрлэгт хүрээлэн болно” гэдгийг онцоллоо.
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Гандангийн хэсэг суурьшлын бүс болоод удаж байна. Хөрсний бохирдол зэрэг асуудал ихтэй бүс. Иргэд газар чөлөөлөлтийг дэмжиж байгаа. Эхнээсээ зөвшилцөлд хүрээд явж байна. Иргэдэд мэдээлэл хүргэхэд анхаарч ажиллана” гэлээ.
НЗД-ын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа “Гандан орчимд амьдарч байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад ээлтэй байдлаар тохижилтын ажлуудыг төлөвлөөд явна. Дөрөвдүгээр сарын дундуур тогтоолын төслийг танилцуулахаас өмнө иргэдээс тогтоолын төсөлтэй холбоотой саналуудыг авна. Ямар цэцэрлэгт хүрээлэнтэй болох талаар иргэд саналаа өгөх нь нээлттэй” гэсэн юм.









НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Улстөр нийгэм
Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна
2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.
Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.
Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .
Цэцэрлэгийн бүртгэл
- 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
Нэгдүгээр ангийн элсэлт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
- Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.
Их, дээд сургуулийн хичээл
- 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
- 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.
Оюутны дотуур байр
- 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Улстөр нийгэм
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Улстөр нийгэм
Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.
Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:
- Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
- Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
- Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
- Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
- Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
- Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.
Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.
Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.
-
Улстөр нийгэм2020/05/06
Батлан хамгаалах салбарын хоёр хуулийн төслийг өргөн барилаа
-
Улстөр нийгэм2025/01/16
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Улстөр нийгэм2021/04/14
З.Энхболдын 2019.9.7-ны яриа ба “Эрдэнэт”-ээс үндсэн хууль хүртэл&he...
-
Цаг үе2025/08/20
Нийслэлээс ус бохирдуулдаггүй, урьдчилан цэвэрлэх байгууламжтай үйлдвэр, ААН-үүд...
