Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина

Огноо:

,

Энэ онд нийслэлийн хэмжээнд 13 байршилд 52 км авто зам, замын байгууламжийг шинээр барина. Таван байршилд 33.8 км авто замын засвар, шинэчлэлт хийнэ. Нийт 85.8 км авто зам, замын байгууламжийг шинээр барьж, засаж, шинэчлэх юм. Мөн хоёр байршилд явган хүний гүүрэн гарц, хоёр байршилд 31 км гэрэлтүүлэг хийх юм. Энэ хүрээнд 2026 онд шинээр барьж байгуулах авто зам болон авто замын байгууламжийн талаар мэдээлэл хүргэж байна.

  1. Архивчдын гудамж, Морин тойруулга, Наадамчдын талбайн гудамжнаас Нүхтийн авто замтай холбогдох авто зам

Замын урт 2.2 км, 4 эгнээ зорчих хэсэгтэй.

ХЕТ-ний 27 дугаар нэгж хороолол, Нүхт орчмын оршин суугчдын зорчилт сайжирч, Наадамчдын зам, Архивчдын гудамжны ачаалал 0.365%-иар буурна. Зураг төсөл боловсруулагдаж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

  1. Солонго-1 орон сууцны хорооллын авто замаас Үерийн хамгаалалтын суваг хүртэлх авто зам

Замын урт 0.571 км, 2 эгнээ зорчих хэсэгтэй.

Тус авто зам баригдсанаар холбоос авто замыг нэмэгдүүлж, иргэдийн ая тухтай зорчих болон амьдрах нөхцөлийг бүрдүүлж хөдөлгөөний ачаалалыг 0.311%-иар бууруулна. НХААГ-т холбогдох материалуудыг хүргүүлсэн, тендер зарлахаар хүлээгдэж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

  1. Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн гадна замаас Эмээлтээс Шувуун фабрик хүртлэх 12.55 км авто зам

Замын урт 12.55 км, 2 эгнээ зорчих хэсэгтэй.

Нисэх Яармаг чиглэлийн зорчигч баруун аймгууд руу явдаг авто замд шууд нийлэх боломжтой ба хөдөлгөөний ачаалалыг 0.097% бууруулна. Зураг төсөл боловсруулагдаж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

  1. Наадамчдын замын урд талаас Арцатын ам хүртэлх босоо чиглэлийн туслах зам

Замын урт 0.35 км, зорчих хэсэг 2 эгнээ

Замын хөдөлгөөний ачааллыг хүлээн авч ачаалалыг 0.088% бууруулна. Мөн явган зам, ус зайлуулах сувгийн ажил хийгдэх ба иргэдийн зорчилтын цаг хугацаа багасаж, эдийн засгийн хэмнэлт үүснэ. Зураг төсөл боловсруулагдаж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

  1. Гурвалжингийн гүүрэн доогуурх авто зам

Замын урт 0.6 км, зорчих хэсэг 2 эгнээ

Энэхүү авто зам, гүүр баригдсанаар Гурвалжингийн гүүрний урд талаар буцаж эргэлттэй болох ба замын хөдөлгөөний ачаалал 0.003% багасаж, бусад төлөвлөж буй авто замтай уялдан, тухайн орчинд амьдарч буй иргэдийн амьдрах орчин сайжирна. Зураг төсөл боловсруулагдаж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

  1. Наадамчдын авто замаас 312 дугаар сургууль хүртэлх авто зам

Замын урт 0.45 км, зорчих хэсэг 2 эгнээ

Тус авто зам баригдсанаар Наадамчдын авто замаас Нийслэлийн 312 дугаар цэцэрлэг хүртэл холбож, сургууль орчмын аюулгүй байдлыг хангах чухал ач холбогдолтой. Зураг төсөл боловсруулагдаж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

  1. Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох авто зам

Замын урт  0.5 км, зорчих хэсэг 2 эгнээ

Энэхүү авто замыг шинээр барьсанаар Нарны замын түгжрэл буурч, хөдөлгөөний эрчим сайжрах ба Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжнаас Нарны зам руу чөлөөтэй зорчилт хөдөлгөөн хийн, тухайн орчинд амьдарч буй иргэдийн амьдрах орчих сайжирч, тоосжилт багасах давуу талтай. НХААГ-т холбогдох материалуудыг хүргүүлсэн, тендер зарлахаар хүлээгдэж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

  1. Сүхбаатар дүүргийн 19-р хорооны авто зам, замын байгууламжийн барилгын ажил

Замын урт 2.4 км, 2 эгнээ

Тус зам замын байгууламж баригдсанаар зуслангийн бүсийн оршин суугчдын аюулгүй, ая тухтай зорчих нөхцөл бүрдэнэ. Зураг төсөл боловсруулагдаж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

  1. Зээлийн 124 дугаар сургууль, 158 дугаар цэцэрлэг хүртэлх авто зам

Замын урт 0.42 км, 2 эгнээ

Энэхүү авто зам баригдсанаар оршин суугчдын ая тухтай амьдрах орчныг бүрдүүлж, холбоос замыг нэмэгдүүлэн сургууль, цэцэрлэг орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах чухал ач холбогдолтой болно. НХААГ-т холбогдох материалуудыг хүргүүлсэн, тендер зарлахаар хүлээгдэж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.06 - 2026.11

  1. Тэнгэр рашааны гудамжнаас “Хүмүүн” сургуулийн зүүн урд тал Ар зайсангийн гудамж хүртэлх авто зам

Замын урт 0.85 км, 2 эгнээ

Энэхүү шороон замыг хучилттай авто зам болгосноор авто замын сүлжээг нэмэгдүүлж, Зайсан орчмын оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Зураг төсөл боловсруулагдаж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

  1. Хийморийн овооны арын замаас Ар зайсангийн гудамж хүртэлх авто зам

Замын урт 1.1 км, 2 эгнээ

ХААИС-ийн уулзварын ачаалал буурч, Зайсан орчмын зорчилт сайжирна. Зураг төсөл боловсруулагдаж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

  1. Найрамдал зуслангийн авто замын гэрэлтүүлгийн угсралтын ажил

Гэрэлтүүлэг - 12 км 

Замын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдана. Иргэдийн ая тухтай зорчих нөхцөл бүрдэж, осол аваарын тоо буурна. Үзэгдэх орчин сайжирч, иргэдийн зорчилтын цаг хугацаа багасаж, техник хэрэгслийн эвдрэл буурч, эдийн засгийн хэмнэлт үүснэ. Зураг төсөл боловсруулагдсан, тендер зарлахаар хүлээгдэж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

  1. Товчооны авто зам, Моносийн уулзвараас эмээлт хүртэлх авто замын гэрэлтүүлгийн угсралтын ажил

Гэрэлтүүлэг - 19 км 

Замын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдана. Иргэдийн ая тухтай зорчих нөхцөл бүрдэж, осол аваарын тоо буурна. Үзэгдэх орчин сайжирч, иргэдийн зорчилтын цаг хугацаа багасан, техник хэрэгслийн эвдрэл буурч, эдийн засгийн хэмнэлт үүснэ. Зураг төсөл боловсруулагдаж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

Гүүрэн байгууламжийн ажил: 

  1. Шүүх шинжилгээний ерөнхий газрын үйлчилгээ, контор, шинжилгээний барилгын орц, гарцны гүүрэн байгууламж

Гурван байршилд гүүрэн байгууламж, нийт урт 36 у/м

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн оффисс руу чөлөөтэй зорчилт хөдөлгөөн хийж, тухайн орчинд амьдарч буй иргэдийн амьдрах орчин сайжирч, тоосжилт багасах давуу талтай. НХААГ-т холбогдох материалуудыг хүргүүлсэн, тендер зарлахаар хүлээгдэж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

  1. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзар хүртэлх авто зам дээрх гүүрэн гарц

Техникийн үзүүлэлт:  1-р гарц – 32 у/м, 2-р гарц – 36 у/м

Тус гүүрэн гарц баригдсанаар зам хөндлөн гарч буй явган зорчигчийн аюулгүй байдал хангагдаж ая тухтай нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн гэрлэн дохионы тоо цөөрч хөдөлгөөний эрчим нэмэгдэнэ. Зураг төсөл батлагдахаар хүлээгдэж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

  1. 22-ын товчооны замыг Найрамдлын замтай холбох нүхэн гарц

Нүхэн гарц - 100 у/м

Замын хөдөлгөөний ачааллыг хүлээн авч ачааллыг 0.038% бууруулна. Иргэдийн зорчилтын цаг хугацаа багасаж, эдийн засгийн хэмнэлт үүснэ. Зураг төсөл боловсруулагдаж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.06 - 2026.11

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох