Улстөр нийгэм
Л.Өлзийжаргал: Шүүгч бидний хувьд “Төрийн мэдээлэл” эмхэтгэл ширээний ном, чухал эх сурвалж болдог
- Улсын Их Хурлын Тамгын газраас “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг 35 дахь жилдээ эрхлэн хэвлүүлж байна. Шүүгчид үүнийг хэрхэн хэрэглэж хэвшсэн талаар, жишээ нь таны ажил, үүрэгт ямархуу ач холбогдолтой гэж боддог вэ?
- Өндөр ач холбогдолтой гэж үздэг. Учир нь энэ эмхэтгэл бол шүүгч бидний хувьд өдөр тутмын хэрэглээ, ширээний ном гэж хэлж болохуйц чухал эх сурвалжуудын нэг юм. “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй.” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 3-д заасан байдаг. Шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэгдсэн хууль тогтоомж, олон улсын гэрээг хэрэглэдэг. Тухайн хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол уг шийдвэр “Төрийн мэдээлэл”-д албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа тухайн хууль хүчин төгөлдөр болдог.
- Тэгвэл танай шүүгчид бүгд захиалдаг гэсэн үг үү?
- Тийм ээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 506 шүүгч ажиллаж байна. Бид бүгдээрээ “Төрийн мэдээлэл”-ийг хэрэглэж байгаа. Анх эл эмхэтгэл цаасан хэлбэрээр хэвлэгдэхэд, тэнд нийтэлсэн бүх шийдвэрийг зүйл, заалт бүрээр нь хайчилж аваад хууль тус бүр дээр орсон өөрчлөлтүүдийг нааж хэрэглэх зэргээр ихээхэн ач холбогдол өгч ирсэн. Тэр цаг хугацаа аль хэдийнэ ард үлджээ. Одоо харин техник, технологийн дэвшлийг дагаад “Төрийн мэдээлэл” эмхэтгэл цахимаар гарах болсон нь зөвхөн шүүгч, албан хаагчдын ажлыг хөнгөвчлөөд зогсохгүй, иргэд, олон нийт хүссэн цагтаа мэдээ, мэдээллийг чөлөөтэй авах, нээлттэй, түргэн шуурхай боломж, нөхцлийг бүрдүүлжээ.
- Шүүхээс бас мэдээлэл нийтлүүлэх хуультай. Энэ хуулийн хэрэгжилт хэр байдаг вэ?
- Монгол Улсын Шүүхийн тухай хуульд “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар гаргасан албан ёсны тайлбар, Улсын дээд шүүхээс хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад ач холбогдолтой гэж үзсэн шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлнэ.” гэж заасныг үндэслэн зохих шийдвэрүүд нийтлэгдсээр ирсэн. Хэрэгжилт хангалттай хэмжээнд байгаа гэж хэлж болно.
- Та шүүгч хүний хувьд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг шүүх хуралдаандаа, ялангуяа шийдвэр гаргах үедээ хэрэглэж байсан тохиолдлоосоо дурсах боломжтой юу?
- Зөндөө дурсамжууд бий. Жишээ нь нэг удаа “Төрийн мэдээлэл”-д хэвлэгдээд, яг л хүчин төгөлдөр болсных нь маргааш тухайн хуулийн практикт хэрэглэж байлаа. Энэ мэт сонин, содон, гэгээн, бас албан ёсны эмхэтгэлийг эрхлэн гаргадаг Улсын Их Хурлын Тамгын газрынхандаа, нийт уншигчдад Монгол Улсад төрийн албан ёсны баримт бичиг цаасан дээр хэвлэгдэж эхэлсний 100 жил, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 35 жилийн ойн мэндийг хүргэе ээ.
- Цаг, зав гаргаж ярилцсан танд баярлалаа.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.
Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.
Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал. Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав.

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.





Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн
“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ.
- Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
- Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
- Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
- Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
- “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
- Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
- Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
- "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
- Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
- Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Улстөр нийгэм
Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.
Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.
Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.
Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.
-
Шударга мэдээ2021/11/18
Томоохон зах, худалдааны төвүүдэд дархлаажуулалтын цэгийг ажиллуулж эхэллээ
-
Үзэл бодол2024/11/20
Д.Амарбаясгалан: Парламентын хяналтыг үйл ажиллагааныхаа соёл болгон төлөвшүүлэх...
-
Улстөр нийгэм2022/09/14
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мор...
-
Цаг үе2021/09/02
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
