Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өмнө нь баруун таван аймаг, нийслэлийн Налайх, Багануур дүүрэгт ажилласан бол өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа.
Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.




Эдийн засаг 6.8 хувиар өсөж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.доллар давж, Зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрснийг хэлэв.
Олон орны төрийн тэргүүн, хаан айлчлан ирж, гадаад харилцаа шинэ шатанд гарахын хэрээр улсын нэр хүнд олон улсад өсөн бэхжиж, түүх, соёлоо дэлхий дахинд сурталчлан таниулж байгааг тэмдэглэлээ.



Баянзүрх дүүрэг шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, батлан хамгаалах, Зэвсэгт хүчний анги, нэгтгэл, томоохон эмнэлэг, их сургууль, аж ахуйн нэгж, зах, худалдааны төв, түүх, соёлын дурсгал, усны ундарга, байгаль, экологийн үзэсгэлэн цогцолсон газар олонтой.
Эдгээртээ түшиглэн хамтын хүч, нэгдсэн зорилго, хариуцлагатай оролцоонд тулгуурлан иргэдийнхээ ая тухтай амьдралын орчинг бүрдүүлсэн дүүрэг болох зорилт тавьсныг Засаг дарга Г.Жаргалсайхан хэллээ.
Сүүлийн таван жилд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 14 цэцэрлэг, 2 сургууль, 5 эмнэлэг, ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төвүүд ашиглалтад орсон.
Мөн 80 гаруй километр авто зам тавьсан нь алслагдсан гэр хорооллын иргэдийн амьдрах орчин нөхцөл сайжрахад үр дүнгээ өгчээ.



“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс гадна “Экстрем”, “Дарь-Эхийн цэцэрлэгт хүрээлэн”, “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн” зэрэгт мод тарьж, Мод үржүүлгийн газруудаа байгуулсан байна.
Сүүлийн таван жилд 420,000 ширхэг мод, бут, сөөг тарьж ургуулан нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг нэмж чаджээ.
“Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд “Намрын ногоон өдрүүд”, “Сүү” хөтөлбөр, “Эрт илрүүлэг”, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих хөтөлбөр”, “Бидний ирээдүй”, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн жил”, “Айл бүрийн хашаанд 10 мод” аян өрнүүлээд байна.


Дүүргийн төр, захиргаа, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, иргэд бодлого, үйл ажиллагаа, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөрийг эхнээс нь дэмжин, хувь нэмрээ оруулж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгээр “Чингис хаан” үндэсний музей, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв, Хаягдал ус боловсруулах үйлдвэр ашиглалтад орсныг дурдлаа.
Удахгүй Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв, Уламжлалт анагаах ухааны үндэсний төв, Сувилахуйн сургалт, судалгааны төв, Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн бүтээн байгуулалт ид өрнөж, Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор, Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орох гэж байна.
“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,055 оюутан суралцаж байгаагийн 62 нь Баянзүрх дүүргийнх юм.
Эдгээр хүүхэд сургуулиа төгсөж ирээд орон нутаг, улсынхаа хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагчид болно гэдэгт итгэл төгс байгаагаа Ерөнхийлөгч хэллээ.
Цаашид төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэн, зөвийг тэтгэж, ёсыг сахиж, улс орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хамтран зүтгэхийг уриаллаа.



Ерөнхийлөгч иргэдтэй уулзах үеэрээ Нийслэлийн Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн зөвлөх багш Намсрайн Маяа, “Маргаашийн одод” цэцэрлэгийн эрхлэгч Лүндэнгийн Бямбаахүү, Нийслэлийн Ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн захирал Борын Эрдэнэчимэг нарт Гавьяат багш, “Ачитсайхан” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, хүүхдийн эмч Товуудоржийн Аваргад Хүний гавьяат эмч, “Хүрэн цаст” мал эмнэлгийн захирал, Хөдөө аж ахуйн ухааны доктор Далхын Дэлэгнямд Гавьяат мал зүйч цол хүртээлээ.
Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.


Улстөр нийгэм
Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна
2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.
Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.
Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .
Цэцэрлэгийн бүртгэл
- 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
Нэгдүгээр ангийн элсэлт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
- Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.
Их, дээд сургуулийн хичээл
- 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
- 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.
Оюутны дотуур байр
- 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Улстөр нийгэм
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Улстөр нийгэм
Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.
Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:
- Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
- Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
- Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
- Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
- Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
- Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.
Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.
Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.
-
Шударга мэдээ2024/05/20
Нийслэлийн хэмжээнд “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж э...
-
Улстөр нийгэм2022/02/11
“Хил орчмын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай&...
-
Цаг үе2023/02/27
Зул, хүж, арц асаахдаа үл шатах зүйл дээр байрлуулахыг анхааруулав
-
Улстөр нийгэм2023/05/02
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
