Цаг үе
Гадаадын иргэдийн 52.4 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин сууж байна
Сүүлийн үед Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв болон байгууллагад Монгол Улсад оршин суух гадаадын иргэдийн хяналттай холбоотой гомдол, санал удаа дараа ирж байна.
Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдийн мэдээллийг танилцуулж байна.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол Улсын нийт хүн амын гурван хувь буюу 107 мянга орчим гадаадын иргэн, үүний дотор нэг улсын 35 мянга хүртэл гадаадын иргэн хувийн хэргээр оршин суух боломжтой.
2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 133 улсын 34241 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байна.
Монгол Улсад хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдийн тоо нь нийт хүн амын 0.94 хувь, нэг улсын иргэдийн тоо 0.6 хувийг эзэлж байна.
|
Хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдийн зорилго: |
Хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдийн харьяалах улс: |
||
|
Хөдөлмөр эрхлэх |
17944 |
Бүгд Найрамдах Хятад Ард Улс |
21377 |
|
Хөрөнгө оруулах |
5377 |
Оросын Холбооны Улс |
2910 |
|
Суралцах |
4591 |
Бүгд Найрамдах Энэтхэг Улс |
1753 |
|
Цагаач |
1635 |
Бүгд Найрамдах Солонгос Улс |
1557 |
|
Бусад (албан, шашин, гэр бүл, хувийн) |
4694 |
Америкийн Нэгдсэн Улс |
1110 |
|
|
|
Бусад |
5534 |
Монгол Улсад хувийн хэргээр оршин сууж буй нийт гадаадын иргэдийн дийлэнх буюу 52.4 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилготой байна. Тодруулбал, 2189 аж ахуйн нэгж, байгууллагын урилгаар нийт 17944 гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд тэдгээрийн 39.3% хувь нь барилга, угсралт, зам, гүүр, бүтээн байгуулалтын салбарт, 25.4% хувь нь геологи, уул уурхай, газрын тос, эрчим хүчний салбарт, 17.1% хувь нь үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллаж байна.
Хөдөлмөр эрхлэх (С) ангиллын оршин суух зөвшөөрлийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-аас олгосон хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлд үндэслэн, тухайн зөвшөөрлийн хугацаагаар олгож байна.
Мөн гадаад ажилтан авч ажиллуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд нь хуульд заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний ажлын байрны төлбөрийг сар бүр төлдөг.
Уг төлбөр нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрч дотоодын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг санхүүжүүлдэг бөгөөд 2024 онд 124.9 тэрбум, 2025 онд 189.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Цаг үе
COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулжээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээнд ажиллах жолооч нарт зориулсан нэгдсэн сургалтыг Зам, тээврийн яамны “Хөсөг” танхимд зохион байгууллаа.
Сургалтад COP17-ын үеэр автотээврийн үйлчилгээнд ажиллах төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, “Зорчигч тээвэр I, II”, “Зорчигч тээвэр III, IV”-ийн нийт 250 орчим жолооч, тээврийн хэрэгслийн зохион байгуулалт хариуцан ажиллах албан хаагчид хамрагдаж байна.
Монгол Улсад зохион байгуулагдах олон улсын хэмжээний энэхүү арга хэмжээний үеэр гадаадын зочид, төлөөлөгчдөд аюулгүй, шуурхай, соёлтой, мэргэжлийн түвшинд тээврийн үйлчилгээ үзүүлэх бэлтгэлийг хангах нь сургалтын гол зорилго юм.
Сургалтаар COP17-ын ерөнхий ойлголт, ач холбогдол, зохион байгуулалтын онцлог, зочид, төлөөлөгчдийн ангилал, үйлчилгээний стандарт, жолооч нарын үүрэг хариуцлага, сахилга бат, үйлчилгээний соёл, ёс зүй, мэргэжлийн харилцааны талаар нэгдсэн мэдээлэл өгчээ.
Түүнчлэн зочдыг нисэх буудлаас угтан авах, зочид буудал болон арга хэмжээний байршилд хүргэх үе шат, маршрут, хөдөлгөөний зохион байгуулалт, цагийн менежмент, мэдээлэл дамжуулах журам, холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, аюулгүй ажиллагааны чиглэлээр жолооч нарыг сургалт, арга зүйгээр хангаж байна.
Мөн зам тээврийн осол, саатал болон бусад эрсдэл, онцгой нөхцөл үүссэн үед авах арга хэмжээ, ачаалал ихтэй нөхцөлд тайван, зөв, шуурхай шийдвэр гаргах, өдөр тутмын ажлын бэлэн байдлыг хангах зэрэг практик ур чадварыг сургалтын хөтөлбөрт тусгажээ.
Сургалтыг танилцуулах лекц, асуулт-хариулт, жишээнд суурилсан сургалт, багаар ажиллах дасгал, маршрут болон тээвэрлэлтийн урсгалын зураглалтай танилцах, онцгой нөхцөлд ажиллах дадлага зэрэг онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.
Сургалтын үеэр COP17 олон улсын бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба, Нийслэлийн тээврийн газар, Автотээврийн үндэсний төв болон Тээврийн цагдаагийн албаны холбогдох албан хаагчид чиг үүргийнхээ хүрээнд мэдээлэл өгч, мэргэжил, арга зүйн зөвлөмж хүргэлээ.
Тухайлбал, Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн хяналт, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй ажиллагаа болон олон улсын арга хэмжээний үеэр жолооч нарын анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн байна.
Уг сургалт нь COP17-ын үеэр зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээг аюулгүй, шуурхай, зохион байгуулалттай явуулах, үйлчилгээний нэгдсэн стандарт, сахилга хариуцлагыг хэвшүүлэх бэлтгэл ажлын нэг хэсэг гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Цаг үе
Улаанбаатарт хоногт 250 м³ лаг боловсруулах үйлдвэр байгуулна
Инженерийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд “Лаг хатаах, шатаах үйлдвэр”-ийг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт, нийт 40 мянган ам метр талбайд 2025-2027 онд байгуулахаар төлөвлөжээ.
Одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжаас хоногт дунджаар 238 тонн лаг гардаг бөгөөд хуримтлагдсан лагийн хэмжээ 843,200 м³-д хүрсэн байна.
Шинээр барих үйлдвэр хоногт 250 м³ лаг боловсруулах хүчин чадалтай. Боловсруулалтын дараа лагийн хэмжээг 5-6 м³ үнс болгон бууруулахаар тооцжээ.
Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан бөгөөд Барилга хөгжлийн төвийн 2025 оны долоодугаар сарын 22-ны өдрийн магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан байна.
Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/01 дүгээр тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д лаг хатааж, шатаах үйлдвэр барих төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэхээр тусгажээ.
Лаг хатаах, шатаах технологи нь бохир ус цэвэрлэх байгууламжаас гардаг лагийг байгаль орчинд аюулгүй аргаар боловсруулж, эзлэхүүнийг эрс бууруулах зориулалттай. Лагийг өндөр температурт шатааснаар эзлэхүүн нь 90 хүртэл хувиар буурч, бактери, вирус болон бусад өвчин үүсгэгч бичил биетнийг устгах боломжтой.
Түүнчлэн шаталтын явцад үүсэх дулааныг цахилгаан болон дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж болдог. Зарим технологийн хувьд шаталтын дараа үлдэх үнснээс фосфор зэрэг ашигт эрдсийг сэргээн авах боломжтой аж.
Япон, Герман, Швейцар, Нидерланд, Өмнөд Солонгос зэрэг улс лаг хатаах, шатаах технологийг ашиглаж байна. Тухайлбал, Германд лаг шатаах үйлдвэрээс гарсан үнснээс фосфор сэргээн авах технологи ашигладаг бол Нидерландад төвлөрсөн лаг боловсруулах үйлдвэрүүдээр дулаан, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг.
Ийнхүү лаг хатаах, шатаах технологийг лагийн эзлэхүүнийг бууруулахын зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэх, нөөцийг дахин ашиглах чиглэлээр олон улсад өргөн ашиглаж байна.
Цаг үе
Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орууллаа
Баянзүрх дүүргийн Монелийн гудамжийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг 2026 оны 08 дугаар сарын 7-ны 23:00 цагаас 2026 оны 08 дугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл хаана.
Энэ авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн Ч:19А “Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв” чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орж байна.
Авто замын засварын хугацаанд тус чиглэл дараах зураглалын дагуу үйлчилгээ үзүүлэх тул иргэд та бүхэн зорчилтоо төлөвлөнө үү гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

-
Цаг үе2024/03/11
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Цаг үе2023/02/14
Сайжруулсан түлшний 42 мянган тонны нөөцтэй байна
-
Цаг үе2022/08/05
Австралид ажиллах болон амрах визийн зохицуулалтын хэрэгжилтийн талаар ярилцав
-
Улстөр нийгэм2025/03/20
УИХ: БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч...
