Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн багш нартай уулзлаа.
Улс орны ирээдүй болсон хүүхэд, багачуудыг сурган хүмүүжүүлж, мэдлэг, боловсролтой, эх орноо гэсэн сэтгэлтэй, зөв хүн болгон төлөвшүүлэх нэн хариуцлагатай үйлсийн төлөө хүчин зүтгэж байгаа үе үеийн багш нарт Ерөнхийлөгч талархал илэрхийлж, амжилт хүсэн ерөөлөө.
Сайн багшаас чадвартай шавь төрж, чадвартай иргэнээс улсын хөгжил хамаардаг учир багшийн үлгэр дуурайл, зөв хандлага, ур чадвар, ёс зүй хамгаас чухал гэдгийг хэллээ.
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд гадаадын 21 улсын их, дээд сургуульд 1,055 оюутан суралцаж байна.
Дэлхийн түвшний боловсрол эзэмшин, орон нутаг, улсынхаа хөгжил дэвшлийн түүчээ, манлайлагч болох эдгээр хүүхдийг сургаж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь багш нар үнэтэй хувь нэмэр оруулж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.
Багш нар бол ёс суртахууны ноён оргил байх учиртайг хэллээ.
Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш хийсэн ажил, тэр дундаа боловсролын салбарт гаргасан санаачилга, үзүүлсэн дэмжлэг, үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.



Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэг, үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүд боловсролын салбарт бодит үр нөлөө үзүүлж байгааг сайд Л.Энх-Амгалан хэллээ.
2023 онд Азийн физикийн 23 дугаар олимпиадыг Ерөнхийлөгч ивээл дороо Улаанбаатар хотноо зохион байгуулж байлаа. Мөн эх орондоо болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олимпиадад сурагчдыг оролцох боломж, нөхцөлийг бүрдүүлж, урамшуулж байхыг Засгийн газарт чиглэл болгосон.
Үүний дүнд хүүхдүүд сүүлийн таван жилд олон улсын олимпиадуудаас 104 медаль хүртэн, хэдэн арван шагналт байр эзэлж, урамшууллаа аваад байна.
“Эрүүл монгол хүн”, “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнөөр дамжуулан хүүхдэд зөв хооллох, эрүүл мэнд, зөв дадал, чадвар төлөвшүүлэхийг давхар зорьдог.
Дунд сургуулиуд “Үдийн цай”, “Үдийн хоол” хөтөлбөрт бүрэн шилжсэн бөгөөд энэ хичээлийн жилээс “Хүүхэд бүрд сүү” хөтөлбөр эрчимжсэн нь дээрх хоёр хөдөлгөөний үр дүн төдийгүй хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд том дэмжлэг болжээ.
Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн санаачилга, ивээл дор шинжлэх ухааны ажилтнууд, багш, түүхийн багш нарын Их хурал, улсын зөвлөгөөн болсон бол монгол хэлний багш нар зөвлөгөөнөө хийж, ололт амжилт, тулгамдсан асуудал, гарц, шийдлээ хэлэлцэнэ.



“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөөр хүүхдүүд байгаль орчноо хайрлах, хамгаалахад суралцаж, багш, ажилтнууд жил бүр сурагчидтайгаа хамт мод тарьж, арчилж, ургуулж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрыг нүхэн жорлонгоос салгах төсөл хэрэгжүүлж эхэлсэн.
Үүний дүнд 764 цэцэрлэг, сургууль, дотуур байр орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болоод байна.


Салбарын яам цаашид хүүхдүүдийг зөвхөн мэдлэгтэй биш, бүтээлч сэтгэлгээтэй, амьдралын аливаа сорилт, бэрхшээлийг даван туулах, хамтран ажиллах чадвартай, бие, сэтгэл, оюуны тамиртай иргэн болгон хөгжүүлж, төлөвшүүлэхэд анхаарах юм.
Мөн багшийн хөгжил, нэр хүнд, нийгмийн баталгааг нь цогцоор нь дэмжих зорилгоор “Багшийн 3 тулгуурт бодлого” хэрэгжүүлж эхэлжээ. Түүнчлэн багшийн ажлын ачааллыг бууруулах, хиймэл оюун ухааныг сургалтад нэвтрүүлэх, хүртээмжтэй цахим боловсролыг хөгжүүлэх бодлогыг үе шаттай хэрэгжүүлнэ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн Нийслэлийн Ерөнхий боловсролын 5 болон 17 дугаар сургуулийн ахмад багш Жамбын Бааст, Нийслэлийн Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн захирал Мишигдоржийн Туулсайхан нарт Гавьяат багш цол хүртээж, нэр бүхий багш нарыг төрийн дээд одон, медалиар шагналаа.


Улстөр нийгэм
Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна
2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.
Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.
Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .
Цэцэрлэгийн бүртгэл
- 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
Нэгдүгээр ангийн элсэлт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
- Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.
Их, дээд сургуулийн хичээл
- 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
- 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.
Оюутны дотуур байр
- 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Улстөр нийгэм
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Улстөр нийгэм
Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.
Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:
- Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
- Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
- Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
- Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
- Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
- Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.
Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.
Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.
