Цаг үе
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Прокурорын байгууллага 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгтэй холбоотой яллах дүгнэлт үйлдсэн 94 хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ.
Нийслэл болон Өвөрхангай, Увс аймгийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт буюу 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 5 дугаар сарын 15-ны өдрүүдэд анхан шатны шүүхээр 7 хүнд холбогдох 6 хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, шүүхээс 7 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулсан байна. Хэргийг тоймлон хүргэвэл:
Нийслэлийн прокурорын газраас
- Ц.Б нь ...эрүүл мэндийн үндэсний төвийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа холбогдох хууль, журмыг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2022 оны 1 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд төрсний дараах тасгийн төлбөртэй өрөөнд хэвтэн эмчлүүлсэн 785 иргэнээс хураамж хэлбэрээр төвлөрсөн 44,2 сая төгрөгөөс 11,4 сая төгрөгийг Төрийн сан дахь дансанд төвлөрүүлж, 32,7 төгрөгийг нь байгууллагын касс, дансанд тушаалгүйгээр 10,2 сая төгрөгөөр нь тасгийн өрөөнүүдийг тохижуулах болон байгууллагын үйл ажиллагаанд зарцуулж, үлдсэн 22,4 сая төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж, өөртөө эдийн давуу байдал бий болгож, эрүүл мэндийн үндэсний төвд 22,4 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Ц.Б-г эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, Ц.Б-с 12,6 сая төгрөгийг гаргуулж ... эрүүл мэндийн үндэсний төвд олгохоор шийдвэрлэсэн.
- Х.А нь “Э... цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Эдийн засаг хөгжлийн хэлтсийн төсөл хэрэгжүүлэх албаны дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Эрчим хүчний төсөл-2” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6-0,4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил”-ын төслийн хүрээнд баригдаж буй эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах тооллогын комиссын гишүүнээр ажиллахдаа “Р...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г-ээс барилга угсралтын ажлын 80 хувийн гүйцэтгэлийн тооллогын тайланд гарын үсэг зурж баталгаажуулсны хариуд бусдын дансаар дамжуулан 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 25 сая төгрөг, мөн улсын комиссын дүгнэлтэд гарын үсэг зурж баталгаажуулсны хариуд 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 20 сая төгрөг, нийт 45 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Х.А-г үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хахуульд авсан 45 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.
- Г.Р нь шүүхээс 3 жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж, уг ялаа эдэлж байхдаа хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хянах төхөөрөмжийг удаа дараа унтрааж зөрчил гаргасан үйлдэлдээ зохих хариуцлага хүлээхгүй байх ашиг сонирхлын үүднээс, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчид нэр бүхий компанийн 500 мянган төгрөгийн үнэ бүхий эрхийн бичгийг хахууль болгож өгөхийг завдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Г.Р-г хахууль өгөхийг завдсан хэрэгт гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 сая төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн.
- Ш.Н нь нийтийн албан тушаалтан буюу ... дүүргийн ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тушаалаар Б.Э-г сэтгэл зүйчээр томилж, хөдөлмөр эрхлээгүй байхад нь 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаарын сарын 10-ны өдрийн хооронд нийт 2,7 сая төгрөгийн цалин бодож, гарт олгогдсон 1,9 сая төгрөгөөс 1,6 сая төгрөгийг иргэн Э.Б, Д.А нарын дансаар дамжуулан хувьдаа авсан,
Мөн “С...” ХХК-тай 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 3 сая төгрөгийн үнийн дүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр тус компанийн данс руу 3 сая төгрөг шилжүүлж, 2,7 сая төгрөгийг бэлнээр гаргуулан хувьдаа авч өөртөө эдийн давуу байдал бий болгож, 33 дугаар цэцэрлэгт нийт 5,7 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Ш.Н-г эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, 3,7 сая төгрөгийн хохирол төлөгдсөн талаар дурдаж шийдвэрлэсэн.
Өвөрхангай аймгийн прокурорын газраас
- Д.Н нь нийтийн албан тушаалтан буюу ... аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, үнэлгээний хорооны даргаар, Б.П нь үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа бүлэглэн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/307 дугаартай захирамжийн дагуу “...Эрүүл мэндийн салбарын их засвар тоног төхөөрөмж” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахдаа холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, тендерт оролцогчдоос зөөврийн компьютерийн үзүүлэлт “i7” гэсэн үзүүлэлт, шалгуурыг хангаагүй “Н... ” ХХК-ийг шалгаруулж, тус компанид давуу байдал олгож, төсөвт 86 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах )-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Д.Н, Б.П нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар тус тус хасаж, Д.Н-д 7 сая төгрөгөөр торгох, Б.П-д 6 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, иргэний хариуцагч “Н... ” ХХК-иас 28,8 сая төгрөгийг гаргуулан тус аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтэст олгохоор шийдвэрлэсэн.
Увс аймгийн прокурорын газраас
- Б.С-ыг Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллахдаа холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/20 дугаартай захирамж гаргаж, ерөнхий боловсролын сургуулиас кадастрын зургаар 212 метр зайд, хүний явах замаар 240 метр зайд байршин үйл ажиллагаа явуулдаг иргэн Х.Б-ын эзэмшлийн “М...” хүнсний дэлгүүрт тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгож, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах )-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүх Б.С-ыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн.
Цаг үе
COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулжээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээнд ажиллах жолооч нарт зориулсан нэгдсэн сургалтыг Зам, тээврийн яамны “Хөсөг” танхимд зохион байгууллаа.
Сургалтад COP17-ын үеэр автотээврийн үйлчилгээнд ажиллах төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, “Зорчигч тээвэр I, II”, “Зорчигч тээвэр III, IV”-ийн нийт 250 орчим жолооч, тээврийн хэрэгслийн зохион байгуулалт хариуцан ажиллах албан хаагчид хамрагдаж байна.
Монгол Улсад зохион байгуулагдах олон улсын хэмжээний энэхүү арга хэмжээний үеэр гадаадын зочид, төлөөлөгчдөд аюулгүй, шуурхай, соёлтой, мэргэжлийн түвшинд тээврийн үйлчилгээ үзүүлэх бэлтгэлийг хангах нь сургалтын гол зорилго юм.
Сургалтаар COP17-ын ерөнхий ойлголт, ач холбогдол, зохион байгуулалтын онцлог, зочид, төлөөлөгчдийн ангилал, үйлчилгээний стандарт, жолооч нарын үүрэг хариуцлага, сахилга бат, үйлчилгээний соёл, ёс зүй, мэргэжлийн харилцааны талаар нэгдсэн мэдээлэл өгчээ.
Түүнчлэн зочдыг нисэх буудлаас угтан авах, зочид буудал болон арга хэмжээний байршилд хүргэх үе шат, маршрут, хөдөлгөөний зохион байгуулалт, цагийн менежмент, мэдээлэл дамжуулах журам, холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, аюулгүй ажиллагааны чиглэлээр жолооч нарыг сургалт, арга зүйгээр хангаж байна.
Мөн зам тээврийн осол, саатал болон бусад эрсдэл, онцгой нөхцөл үүссэн үед авах арга хэмжээ, ачаалал ихтэй нөхцөлд тайван, зөв, шуурхай шийдвэр гаргах, өдөр тутмын ажлын бэлэн байдлыг хангах зэрэг практик ур чадварыг сургалтын хөтөлбөрт тусгажээ.
Сургалтыг танилцуулах лекц, асуулт-хариулт, жишээнд суурилсан сургалт, багаар ажиллах дасгал, маршрут болон тээвэрлэлтийн урсгалын зураглалтай танилцах, онцгой нөхцөлд ажиллах дадлага зэрэг онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.
Сургалтын үеэр COP17 олон улсын бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба, Нийслэлийн тээврийн газар, Автотээврийн үндэсний төв болон Тээврийн цагдаагийн албаны холбогдох албан хаагчид чиг үүргийнхээ хүрээнд мэдээлэл өгч, мэргэжил, арга зүйн зөвлөмж хүргэлээ.
Тухайлбал, Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн хяналт, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй ажиллагаа болон олон улсын арга хэмжээний үеэр жолооч нарын анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн байна.
Уг сургалт нь COP17-ын үеэр зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээг аюулгүй, шуурхай, зохион байгуулалттай явуулах, үйлчилгээний нэгдсэн стандарт, сахилга хариуцлагыг хэвшүүлэх бэлтгэл ажлын нэг хэсэг гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Цаг үе
Улаанбаатарт хоногт 250 м³ лаг боловсруулах үйлдвэр байгуулна
Инженерийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд “Лаг хатаах, шатаах үйлдвэр”-ийг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт, нийт 40 мянган ам метр талбайд 2025-2027 онд байгуулахаар төлөвлөжээ.
Одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжаас хоногт дунджаар 238 тонн лаг гардаг бөгөөд хуримтлагдсан лагийн хэмжээ 843,200 м³-д хүрсэн байна.
Шинээр барих үйлдвэр хоногт 250 м³ лаг боловсруулах хүчин чадалтай. Боловсруулалтын дараа лагийн хэмжээг 5-6 м³ үнс болгон бууруулахаар тооцжээ.
Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан бөгөөд Барилга хөгжлийн төвийн 2025 оны долоодугаар сарын 22-ны өдрийн магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан байна.
Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/01 дүгээр тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д лаг хатааж, шатаах үйлдвэр барих төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэхээр тусгажээ.
Лаг хатаах, шатаах технологи нь бохир ус цэвэрлэх байгууламжаас гардаг лагийг байгаль орчинд аюулгүй аргаар боловсруулж, эзлэхүүнийг эрс бууруулах зориулалттай. Лагийг өндөр температурт шатааснаар эзлэхүүн нь 90 хүртэл хувиар буурч, бактери, вирус болон бусад өвчин үүсгэгч бичил биетнийг устгах боломжтой.
Түүнчлэн шаталтын явцад үүсэх дулааныг цахилгаан болон дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж болдог. Зарим технологийн хувьд шаталтын дараа үлдэх үнснээс фосфор зэрэг ашигт эрдсийг сэргээн авах боломжтой аж.
Япон, Герман, Швейцар, Нидерланд, Өмнөд Солонгос зэрэг улс лаг хатаах, шатаах технологийг ашиглаж байна. Тухайлбал, Германд лаг шатаах үйлдвэрээс гарсан үнснээс фосфор сэргээн авах технологи ашигладаг бол Нидерландад төвлөрсөн лаг боловсруулах үйлдвэрүүдээр дулаан, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг.
Ийнхүү лаг хатаах, шатаах технологийг лагийн эзлэхүүнийг бууруулахын зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэх, нөөцийг дахин ашиглах чиглэлээр олон улсад өргөн ашиглаж байна.
Цаг үе
Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орууллаа
Баянзүрх дүүргийн Монелийн гудамжийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг 2026 оны 08 дугаар сарын 7-ны 23:00 цагаас 2026 оны 08 дугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл хаана.
Энэ авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн Ч:19А “Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв” чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орж байна.
Авто замын засварын хугацаанд тус чиглэл дараах зураглалын дагуу үйлчилгээ үзүүлэх тул иргэд та бүхэн зорчилтоо төлөвлөнө үү гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

-
Улстөр нийгэм2025/11/20
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Улстөр нийгэм2020/02/14
ХХЗХ-ноос телевиз, суваг, радиогийн үйлчилгээ эрхлэгчдэд мэдэгдэл хүргүүллээ
-
Цаг үе2024/04/22
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргө...
-
Үзэл бодол2021/10/01
Б.Бямбадорж: Ковидын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний ажилд нэгдэхийг ...
