Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 21-ний өдөр Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 21-ний өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2026 оны тавдугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 8-13 метр, нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм, говийн бүс нутгаар 18-23 хэм, Дорнодын тал нутгаар 21-26 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж 15-17 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 8-13 метр, зарим үед секундэд 16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж 15-17 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж 12-14 хэм дулаан байна.
2026 оны тавдугаар сарын 22-ноос
2026 оны тавдугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
22-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд сэрүүхэн, шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр 10 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 4 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 5 хэм дулаан, өдөртөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 17-22 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна. 22-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 23, 25-нд нутгийн зүүн хагаст дулаарна.
Цаг үе
Эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь гэмт хэрэг
Хоногийн хугацаанд буюу өчигдөр /2026.06.07/ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6 гэмт хэргийг илрүүллээ.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Цаг үе
“ХУРДАН” киоск төхөөрөмжөөр дамжуулан өнгөрсөн тавдугаар сард нийт 161,898 үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлжээ
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас үндсэн үйл ажиллагааны хүрээнд сар бүр хүн, хуулийн этгээдэд үзүүлсэн үйлчилгээний статистик мэдээллийг танилцуулж байна.
Энэ хүрээнд 2026 оны тавдугаар сард Монгол улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй “ХУРДАН” цэг болон “ХУРДАН” киоск төхөөрөмжөөр дамжуулан нийт 204,607 үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлжээ.
Тодруулбал “ХУРДАН” цэгээр дамжуулан нийт 42,907 үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлсэн байна.
Үүнээс
- Нийслэл Улаанбаатар хотод 7,753
- Орон нутаг 34,592
- Хилийн чанад 364 үйлчилгээг, хүн хуулийн этгээдэд үзүүлжээ.
“ХУРДАН” киоск төхөөрөмжөөр дамжуулан өнгөрсөн тавдугаар сард нийт 161,898 үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлжээ.
Үүнээс
- Нийслэл Улаанбаатар хотод 111,178
- Орон нутагт 50,720 үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлсэн байна.
Мөн өнгөрсөн тавдугаар сард нийслэл Улаанбаатар хотод Да Хүрээ авто худалдааны төвд байрлах “ХУРДАН” киоск төхөөрөмжөөс 6,303 үйлчилгээ үзүүлсэн үзүүлэлтээр тэргүүлжээ.
Харин орон нутагт Дархан-Уул аймгийн авто тээврийн үндэсний төвд байрлах “ХУРДАН” киоск төхөөрөмжөөр дамжуулж 4,806 үйлчилгээг хүн хуулийн этгээдэд хүргэн ажилласан үзүүлэлтээр тэргүүлсэн байна.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийн байдлаар “ХУРДАН” киоск төхөөрөмжөөр 2,083,420 үйлчилгээ, “ХУРДАН” цэгээр дамжуулан 2,031,740 үйлчилгээг тус тус хүргэн ажилласан байна.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь нийслэл болон 21 аймаг дахь салбар хэлтсээрээ дамжуулан дэвшилтэт технологи, олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлж, төрийн үйлчилгээний дижитал шилжилтийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын хэмжээнд 21 аймаг, 330 сум, Нийслэлийн 9 дүүрэг, 204 хороо болон гадаадын 31 улсын 47 дипломат төлөөлөгчийн газарт байрлах 596 “ХУРДАН” цэгээр дамжуулан төрийн үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд тасралтгүй, шуурхай, хүндрэл бэрхшээлгүй хүргэж байна.
Эдгээр “ХУРДАН” цэгүүдээр дамжуулан төрийн 43 байгууллагын 451 төрлийн үйлчилгээг операторын горимоор үзүүлж, иргэдийн өдөр тутамд шаардлагатай лавлагаа, тодорхойлолт болон бусад төрийн үйлчилгээг шуурхай авах боломжийг бүрдүүлж байна
Цаг үе
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын v хурал “Icot-2026” амжилттай зохион байгуулагдлаа
Монгол Улсад эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж, бөөр, элэг, ясны чөмөг, цусны үүдэл эс, шөрмөс зэрэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай нутагшуулан хэрэгжүүлээд байна. Мөн тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоо бэхжин хөгжиж, донорын үйл хэргийн талаарх олон нийтийн ойлголт, оролцоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм.
Энэ хүрээнд “Нэг үндэстэн – Нэг алсын хараа” уриан дор зохион байгуулагдаж буй Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурал “ICOT-2026” 2026 оны 6 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжилж байна.
Тус хурал нь эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний өнөөгийн нөхцөл байдал, дэлхийн хөгжлийн чиг хандлага, дэвшилтэт технологи, инновацын шийдлүүдийг хэлэлцэхийн зэрэгцээ эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, донорын тогтолцоог боловсронгуй болгох зорилготой юм.
”ICOT-2026” хуралд дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгалтын салбарын нэр хүндтэй 20 гаруй эрдэмтэн, профессор, судлаачид оролцож байна. Тухайлбал, БНСУ-ын донор болон эрхтэн шилжүүлэн суулгалтын салбарын тэргүүлэх мэргэжилтэн, Азийн Шилжүүлэн Суулгалтын Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга профессор Curie Ahn, БНТУ-ын Эрхтэн шилжүүлэн суулгах сангийн Ерөнхийлөгч, олон улсын эксперт Eyup Kahveci, Испанийн Donor Transplantation Institute-ийн Ерөнхийлөгч Martí Manyalich нар хүрэлцэн ирж, өөрсдийн туршлага, шилдэг практик, судалгааны үр дүнгээ хуваалцаж байна.
Мөн 21 аймаг, 9 дүүрэг, улсын болон төрөлжсөн мэргэшлийн эрүүл мэндийн байгууллагуудын тархины үхэл тодорхойлох багууд, эмч, сувилагч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, резидент эмч нар өргөнөөр оролцож, эрдэм шинжилгээний илтгэлүүд хэлэлцүүлэхийн зэрэгцээ ажлын байрны сургалт, мэргэжлийн хэлэлцүүлэг, олон нийтэд чиглэсэн сургалт, мэдээллийн үйл ажиллагаанд хамрагдаж байна.



-
Урлаг спорт2019/05/30
Никола Йокич дэлхийн аваргад тоглоно
-
Цаг үе2021/03/16
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Улстөр нийгэм2024/12/18
АҮББХ: Үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын тала...
-
Цаг үе2026/05/29
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төс...
