Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

УИХ-ын дарга зээлийн хүүг бууруулж, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэл өглөө

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны тавдугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хурлын гишүүдийн хамт Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга зээлийн хүүг бууруулах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тэр дундаа халаалтаа сэргээгдэх эрчим хүч болон цахилгаанаар шийдсэн амины орон сууцанд ипотекийн зээл олгох боломжийг судалж, богино хугацаанд шийдэл танилцуулахыг Монголбанкны удирдлагуудад чиглэл болгосон байна.

Монголбанкны зүгээс банкны системийн нөхцөл байдал хэвийн, үйл ажиллагаа, хөрөнгө эх үүсвэр хангалттай байгааг танилцуулжээ. Харин арилжааны банкуудад зээл олгох боломж байгаа ч ипотекийн зээлийн хүсэлт гаргасан 45 мянган иргэн хүлээлттэй байгааг УИХ-ын дарга онцлоод, энэ асуудлаар тодорхой бодлого, шийдэл танилцуулахыг үүрэг болголоо.

УИХ-ын дарга С.Бямбацогт хэлэхдээ, иргэдийн өмнө тулгамдаж буй гол асуудлын нэг нь өрхийн орлого зарлагаа нөхөж чадахгүй байгаа явдал гэдгийг тэмдэглэв. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар бага орлоготой иргэдийн сарын хэрэгцээ орлогоосоо 400-500 мянган төгрөгөөр дутаж байгаа бөгөөд иргэд энэ зөрүүг нөхөхийн тулд өндөр хүүтэй зээл авч буйг дурдсан байна.

Тэрбээр “Жилийн 50 хувиас давсан хүүтэй аппликэйшний зээл авдаг иргэд нэмэгдсэн. Тиймээс инфляцыг хөөрөгдөхгүйгээр эдийн засгаа тэлэх, зээлийн хүүг бууруулах асуудал чухал” гэжээ.

Мөн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг хуралдуулж, Засгийн газартай бодлогоо уялдуулах замаар богино хугацаанд үр дүнтэй арга хэмжээ авах шаардлагатайг анхааруулсан байна.

Уулзалтын үеэр Капитал банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банк зэрэг банкуудын хохирлыг төлүүлэх асуудлыг мөн хөнджээ. УИХ-ын дарга эдгээр банкуудын барьцаанд ирсэн хөрөнгийг үнэгүйдүүлэх, үр ашиггүй шилжүүлэх зэрэг шүүмжлэл гарч байгааг дурдаад, Нийгмийн даатгалын сан болон төрийн өмчит компаниудын хөрөнгийг яаралтай төлүүлэх чиглэлээр шуурхай ажиллах үүрэг өгсөн байна.

Монголбанкны мэдээлснээр банкны системийн нийт актив 84.8 их наяд төгрөг, нийт зээлийн хэмжээ 44.8 их наяд төгрөг, салбарын цэвэр ашиг 306.3 тэрбум төгрөг байгаа аж. Төв банкны удирдлагууд зээлийн хүүг бууруулах зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт шаардлагатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа

Огноо:

,

МЭДЭГДЭЛ

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мэдэгдэж байна.

1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд ашиглалтын талбай дахь олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд оршин суугаа иргэд, мал амьтанд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, учирч болзошгүй эрсдэлийг арилгах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тогтмол зохион байгуулах;

2. Ашиглалтын болон хайгуулын талбайд үүссэн  ам цооног, ил уурхайн ухаш, нүх, шуудуу, хаягдлын байгууламж болон бусад аюултай хэсгийг хашаажуулах, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах, шаардлагатай хамгаалалтын хэрэгслээр тоноглох, аюулгүй байдлыг хангах, ашиглалт дууссан болон эрсдэл бүхий талбайг үе шаттайгаар булж тэгшлэх;

3. Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжид нийцүүлэн хүүхэд хамгааллын бодлогоо баталж мөрдүүлэх, хүүхэдтэй холбоотой эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, урьдчилан сэргийлэх, мэдээлэх болон шаардлагатай хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх;

4. Энэхүү мэдэгдлийн хэрэгжилтийг зохион байгуулж, авсан арга хэмжээ, хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх мэдээллийг 2026 оны 06 дугаар сарын 10-ны дотор  Нийслэлийн Байгаль орчны газарт тухай бүр ирүүлж ажиллах.

Мэдэгдлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, олборлолтын үйл ажиллагааны аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал, нийгмийн хариуцлагыг хангаж ажиллахыг үүгээр мэдэгдье. 

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг өвлүүлнэ

Огноо:

,

2026 оны зургаадугаар сарын 2-4-ний өдрүүдэд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг хууль ёсны өвлөгчдөд өвлүүлэхтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх нэгдсэн арга хэмжээг Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний 31 төвд зохион байгуулж байна. 
 
Иргэд өөрт байрлах нэг цэгийн үйлчилгээний төвд хандан хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээллийг авах боломжтой.
 
Мөн нотариатын үйлчилгээ үзүүлдэг нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд өв хүлээн авах ажлыг зохион байгуулна.
 
Мөн 2026 оны зургаадугаар сарын 3, 4-ний өдрүүдэд 21 аймгийн нэг цэгийн үйлчилгээний төвд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцааг өвлүүлэхтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх, өв хүлээн авах ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулна.
 
Иргэд дээрх өдрүүдэд хувьцаа, ногдол ашиг өвлүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой бөгөөд нас барсан иргэдийн хувьцааг өвлүүлэх ажил 2027 оны зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл буюу нэг жилийн хугацаанд үргэлжилнэ гэж Эрдэнэс Тавантолгой ХК-иас мэдээллээ. 
 
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэгийг цуцалжээ

Огноо:

,

2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй “Жанми” хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалжээ. 

“МИАТ” ТӨХК-иас 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн OM501/OM502 нислэгийн зорчигчдыг 6 дугаар сарын 4-ний өдрийн нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

Уг нислэгт зорчих тийз худалдан авсан зорчигчид, тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандаж нислэгийн өдрөө өөрчлүүлэхийг “МИАТ” ТӨХК-иас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох