Цаг үе
Биеэ үнэлэхийг зохион байгуулж, хүн худалдаалсан хэргүүдийг шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллага 2026 оны 6 дугаар сарын 08-наас 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 45,149 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1,568 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 679 хэрэг шинээр нээж, 448 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 181, Өмчлөх эрхийн эсрэг 117, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 80, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Авлигын эсрэг 11, Хүрээлэн байгаа орчны эсрэг 9, Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 7, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг болон Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 6, Эдийн засгийн 4, Эрүүл мэндийн эсрэг болон Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг тус бүр 2, Соёлын өвийн эсрэг болон Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг тус бүр 1 яллах дүгнэлт үйлдсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс зарим хэргийн мэдээллийг тодруулбал
- Э.Б нь 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эрдэнэс буюу 1,604 грамм алтыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд;
- Б.А, Ц.Л нар нь бүлэглэн 2025 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сарын хугацаанд хохирогч нарын эмзэг байдлыг нь далимдуулан, айлган сүрдүүлж, заналхийлэн, биеийг нь үнэлүүлж, ашиг олох зорилгоор цахим орчинд “санхүү авна” гэх зар байршуулж, Нийслэлийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслээр тээвэрлэн бусдад биеийг нь үнэлүүлж, худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Биеэ үнэлэхийг зохион байгуулах), Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Хүн худалдаалах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- Г.Н нь үргэлжилсэн үйлдлээр насанд хүрээгүй хохирогч нарын биеийг нь үнэлүүлж, ашиг олох зорилгоор бусдад зуучлан биеийг нь үнэлүүлж, худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Биеэ үнэлэхийг зохион байгуулах), Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1 дэх заалт (Хүн худалдаалах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- Д.М, Г.М нар нь бүлэглэн нэр бүхий иргэнээс Бүгд Найрамдах Турк Улсаас хууль бусаар илгээсэн НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтсан, матамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2026 оны 2 дугаар сарын 17-ны өдөр худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан, бусдад худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- Б.Э нь 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтсан, дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай, "өвс" гэх хэрэглээний нэршилтэй олсны төрлийн ургамлыг түүж бэлтгэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд;
- Н.Б нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, метамфетамины агууламжтай, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл дотор, гар цүнхэндээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.
Цаг үе
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Цаг үе
Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцууллаа
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комисс 2026.10.09 хуралдлаа. Хуралдааны шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр танилцуулав.
ОХУ-ын Эрхүү хотод тарваган тахалтай холбоотой байж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өнгөрсөн шөнө ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хүний сайн сайхан байдал, эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудал хариуцсан холбооноос албан ёсны хариу иржээ. Шинжилгээний дүнгээр Ковид-19 болон риновирусын тус тус хоёр тохиолдол илэрсэн. Бусад аюултай халдварт өвчний шинж илрээгүй гэв.

Шадар сайдын өгсөн мэдээллээр баавгай суурьшлын бүсэд орж ирсэн дуудлага мэдээлэл 557 ирсэн, есөн баавгайг аюулгүй болгожээ. Шадар сайд Н.Номтойбаяр амиа алдсан иргэний ар гэрт Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ.
Засгийн газрын тогтоол гарч, Амьтны тухай хууль, Хил хамгаалах тухай хууль, Эрүүгийн хуулийг тус тус үндэслэн тусгайлан тогтоосон бүсэд баавгай агнах зөвшөөрөл олгох шийдвэр гарчээ. Тогтоосон байршлаас өөр газар, өөр зорилгоор ан агнасан тохиолдолд Эрүүгийн хууль үйлчлэхийг анхааруулж,хяналтаа сайжруулахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг, даалгавар өгсөн байна.
Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчнөөс сэргийлэх, зайлшгүй шаардлагаар хэрэглэх вакцин үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн. Малын гоц халдвар өвчлөлтэй холбоотой асуудлаар малчид сонор сэрэмжтэй, хариуцлагатай байх шаардлагатайг Шадар сайд тэмдэглэлээ. Өвчний халдварын голомтыг таслан зогсоох зорилгоор устгасан малын тоо, малчин өрхийн мэдээллийг нарийвчлан гаргаж, малчдыг хохиролгүй болгох, цаашлаад буруутай этгээдээр хохирлыг төлүүлнэ гэлээ. Мөн аль болох устгал хийхгүй, малыг эрүүлжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэлэв.

Цаг үе
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж, эрдэнэт хүний амь нас хохирсон эмгэнэлт явдал тохиолоо. Амь насаа алдсан иргэний ар гэр, төрөл төрөгсдөд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Ерөнхий сайд гүн эмгэнэл илэрхийлэв.
Хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж, эрсдэлийг бууруулах шуурхай арга хэмжээ авч, салбар хоорондын нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Улсын Онцгой комисс, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагуудад /2026.10.09/ үүрэг болголоо
Баавгай хүний аминд хүрч хөнөөж байхад хууль, дүрэм өөрчилье гэж ярьж, хугацаа алдах эрх бидэнд байхгүй. Эрх зүйн өөрчлөлтөөс өмнө одоо байгаа хуулийн хүрээнд иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг анхааруулав.

Цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин, байгаль хамгаалагч, мэргэжлийн анчдын багийг эрсдэлтэй байршлуудад илгээх, мэргэжлийн байгууллагуудыг 24 цаг ажиллууллах, Улсын Онцгой комисс иргэдэд шаардлагатай мэдээллийг өдөр бүр хүргэж ажиллахыг даалгалаа.
Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах болон баавгайг барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт нутагт шилжүүлэн тавих арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан, баавгайн унтуулгын буу, эм, урвалж бодис, багаж хэрэгслийг хил, гаалиар оруулж ирэх асуудлыг шуурхайн зохион байгуулахад шаардлагатай нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэсэн. Хэрэгжилтэд нь анхаарч ажиллах, техник, технологийн дэвшлээр баавгайн тоо толгойн мэдээллийг гаргахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.


-
Улстөр нийгэм2021/06/14
“Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд: Улаанбаатарыг "Дэлх...
-
Цаг үе2024/05/17
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
-
Улстөр нийгэм2023/04/03
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Цаг үе2025/09/30
Бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч 2.102.000 төгрөгийг залилжээ
