Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны төрийн айлчлал үргэлжилж байна.

Айлчлын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.

  1. “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Гадаад хэргийн сайд Сироджиддин Мухриддин,

Хоёр улсын дипломат болон албан паспорт эзэмшигчид 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчино. Энэ нь хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, албан ёсны айлчлал, төлөөлөгчдийн солилцоог идэвхжүүлэх, улс төр, эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой.

  1. “Олон улсын автотээврийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Тээврийн сайд Азим Иброхим,

Худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангах, автотээврийн салбарын хамтын ажиллагааг дэмжих, гуравдагч орнууд руу тээвэрлэлт хийх, олон улсын зах зээлд өрсөлдөх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарц нээгдэх боломж бүрдэнэ.  

  1. “Ургамал хамгаалал ба хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын хороо хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат, Хүнсний аюулгүй байдлын хорооны дарга Мухаммадсаид Файзуллозода,

Ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн тогтолцоог бэхжүүлэх, хорио цээрт хөнөөлт организмын тархалтаас урьдчилан сэргийлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааны аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилготой. Ургамал, ургамлын гаралтай болон бусад зохицуулалттай бараа, бүтээгдэхүүний импорт, экспорт, дамжин өнгөрөх үйл ажиллагаатай холбоотой ургамлын хорио цээрийн шаардлагыг уялдуулна.

  1. “Хөдөө аж ахуй, хүнсний хангамжийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын 2026-2028 оны Замын зураглал”-д Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат, Хөдөө аж ахуйн сайд Курбон Хакимзода,

Ажлын хэсэг байгуулж, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний харилцан нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, экспортлогч аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл солилцох зэрэг арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ.

  1. “Бэлчээрийн газрын нөхөн сэргээлт, мөсөн голын хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлт болон цөлжилтийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Байгаль орчныг хамгаалах хороо хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Цэндийн Сандаг-Очир, Байгаль орчныг хамгаалах хорооны дарга Баходур Шерализода,

Мөсөн гол болон криосферийн судалгаа, хамгаалал, бэлчээр, бэлчээрийн доройтлыг бууруулах, цөлжилт, газрын доройтлын эсрэг хамтын ажиллагаа, биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ойжуулалт, нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, ногоон санхүүжилт болон нүүрстөрөгчийн зах зээлийн хөгжлийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлнэ.

  1. “Залуучууд, спортын салбарт хамран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Залуучууд, спортын хороо хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Жуковын Алдаржавхлан, Гадаад хэргийн сайд Сироджиддин Мухриддин,

Залуучуудын солилцоо, оролцоо, идэвх, сайн дурын хөтөлбөр хэрэгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх, спортын салбарын хүний нөөц бэлтгэх, тамирчдын хамтран бэлтгэл, сургалт зохион байгуулах, спортын салбарын хөрөнгө оруулалт, спортын соёл, мэдээлэл технологи, хууль, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллана.

  1. “Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт аюулгүй байдлыг хангах төрийн хяналт шалгалтын алба хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Буриадын Дашпүрэв, Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт аюулгүй байдлыг хангах төрийн хяналт шалгалтын албаны дарга Исмоил Вализода,

Ил болон далд уурхайн аюулгүй ажиллагааг хангах, уул уурхайн аюулгүй ажиллагааны хууль, тогтоомжийн зөрчил, доголдлыг арилгах, шаардлага, стандартуудыг сайжруулах, хяналт шалгалтад дижитал технологи нэвтрүүлэхэд хамтран ажиллана.

  1. “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсролын яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Төмөр-Очирын Ням-Очир, Боловсрол, шинжлэх ухааны сайд Рахим Саидзода,

Оюутан, багш, судлаач солилцох, хамтарсан сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний арга хэмжээ зохион байгуулах, хамтарсан болон хос дипломын хөтөлбөр хөгжүүлэх, богино хугацааны сургалт, тэтгэлэг, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллана.

  1. “Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсролын яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Бага, дунд мэргэжлийн боловсролын хороо хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Төмөр-Очирын Ням-Очир, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Бага, дунд мэргэжлийн боловсролын хорооны дарга Фарход Рахими,

Багш, суралцагч, дадлагажуулагчийн солилцоог дэмжих, хамтарсан сургалтын хөтөлбөр, судалгаа, төсөл хэрэгжүүлэх, сургалтын арга зүй, шинэ техник, технологийн туршлага солилцох, бага хурал, семинар хийх зэргээр хамтарна.

  1. “Геологийн судалгааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний геологийн алба болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Геологийн ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Үндэсний геологийн албаны дарга Намсрайн Мөнхбилэг, Геологийн ерөнхий газрын дарга Илхомджон Оймухаммадзода,

Хамтын ажиллагааг шинээр тогтоох, хөгжүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хэрэгжүүлэх, Үндэсний геологийн албаны мэргэжилтэн, судлаачдын чадавхыг бэхжүүлэх, туршлага судлах,  солилцох, геологийн зураг зохиох, эрлийн ажил гүйцэтгэхэд орчин үеийн техник, технологи нэвтрүүлэх чухал ач холбогдолтой.

  1. “Монгол Улсын Хөрөнгө оруулалт, худалдааны газар болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Экспортын агентлаг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Хөрөнгө оруулалт, худалдааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Батсайханы Батбаяр, Экспортын агентлагийн дарга Бахриддин Сироджиддинзода нар гарын үсэг зурлаа.

Экспортыг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, худалдаа эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг холбож, хамтын ажиллагааг хөгжүүлэх,  форум, семинар бусад арга хэмжээ зохион байгуулах, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлан таниулах чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох