Бидэнтэй нэгдэх

Цаг үе

АТГ-аас Сангийн сайдад зөвлөмж хүргүүллээ

Огноо:

,

Авлигатай тэмцэх газраас онцгой нөхцөл байдлын үед худалдан авах ажиллагааны болон хандив, тусламжийн хөрөнгийг бүртгэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнахтай холбоотой арга хэмжээний ил тод, нээлттэй байдлыг хангуулах зорилгоор Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасны дагуу авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх Зөвлөмжийг Сангийн сайдад хүргүүлж, хувийг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газарт илгээлээ.

Дэлхий нийтэд тархаад байгаа шинэ төрлийн Коронавирусын халдвар (Ковид-19)-аас сэргийлэхэд зориулж Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, олон улсын байгууллага, гадаад улсаас эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, хил хамгаалах, гааль, мэргэжлийн хяналт зэрэг төрийн байгууллагуудад сайн дурын үндсэн дээр бэлэн мөнгө, эд материал хандивлах, үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх зэрэг хэлбэрээр дэмжин ажиллаж байгаа талаарх мэдээлэл төрийн байгууллагын цахим хуудас, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өдөр тутам цацагдаж байна.

Онцгой нөхцөл байдлын улмаас төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэх шаардлага эрүүл мэндийн болон холбогдох бусад салбарт зүй ёсоор тулгарч байна. Иргэн, аж ахуйн нэгж, олон улсын байгууллага, гадаад улсаас үзүүлсэн хандив, тусламжийн хөрөнгийн захиран зарцуулалтын байдалд хяналт тавих боломжийг хандивлагч этгээдэд олгох, иргэд олон нийтийг нэгдсэн мэдээллээр хангах, төрийн байгууллага, албан тушаалтныг аливаа эрсдлээс хамгаалах, гарч болзошгүй авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахад төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын үүрэг, оролцоо чухал.

Энэ цаг үед тэгш бус байдал үүсэж, шударга ёсны зарчим алдагдах, үнийн хөөрөгдөл бий болох, улсын төсөв, хандив тусламжийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулах, завших, гүйцэтгэлд тавих хяналт сулрах зэрэг эрсдлүүд үүсч, авлигын гэмт хэрэг гардаг болохыг олон улсын байгууллагууд анхааруулан зөвлөж байна. Өмнө нь зохион байгуулж байсан өндөр хэмжээний уулзалт, зөвлөгөөний үеэр улсын төсөв, нийслэлийн төсөв, төрийн өмчит үйлдвэрийн газрын хөрөнгө, зээл, хандив, тусламжийн хөрөнгийг үр дүнгүй, хяналтгүй зарцуулсан, үл хамаарах арга хэмжээг санхүүжүүлсэн, худалдан авах ажиллагаа, нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн, уг үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн төсөв баталж мөрдөөгүй, уулзалт, хурлын ач холбогдол, үр дүнг дүгнэсэн баримтгүй байсан талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч байсныг цар тахалтай тэмцэж буй энэ үйл ажиллагааны явцад дахин давтан гаргахгүй байхад анхаарч ажиллах шаардлагатай.

Дээрх дурдсан нөхцөл байдлуудад дүгнэлт хийн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Авлигын эсрэг хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд Авлигатай тэмцэх газраас дараах Зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

Зөвлөмж 1. Иргэн, аж ахуйн нэгж, олон улсын байгууллага, гадаад улсаас үзүүлж буй хандивын хөрөнгө, үйл ажиллагааны зарлага нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4-т заасанчлан төсвийн бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд хөрөнгийг бүртгэх, зарцуулах, тайлагнах арга хэмжээг зохион байгуулж, олон нийтэд нэг эх сурвалжаас мэдээлэл авах боломжийг олгох, үнэн зөв мэдээллээр хангах;

Зөвлөмж 2. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хандивтай холбоотой хязгааралтыг зөрчихөөс урьдчилан сэргийлж, нийтийн албан тушаалтан, ялангуяа төрийн жинхэнэ албан хаагчийг аливаа эрсдэл, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх шаардлагын улмаас хандив, тусламжийн хөрөнгийг зөвхөн төсвийн ерөнхийлөн захирагчаар дамжуулан авах зохицуулалтыг баримтлах;

Зөвлөмж 3. Онц байдлын үед үүрэг гүйцэтгэж байгаа эрүүл мэндийн байгууллагын ажилтан, мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаагийн байгууллагын болон бусад ажилтан, албан хаагчдыг мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах нөхцөл боломжоор хангах, тэдэнд нэмэлт ачаалал үүрүүлэхгүй байх, шаардлагатай тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгсэл ... зэргийг худалдан авах үйл ажиллагааг аль болох мэргэжлийн байгууллага (Сангийн яамны холбогдох нэгж, Төрийн худалдан авах ажиллагааны газар, нутгийн захиргааны байгууллагын худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан нэгж)-аар шуурхай гүйцэтгүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах;

Зөвлөмж 4. Онц байдлын үед Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлогын шинжтэй арга хэмжээний хэрэгжилтийн байдалд тусгайлан анхаарах, иргэд, олон нийтийн дунд хүлээлт үүсгэсэн асуудлуудад тухай бүр шийдэл, гарцыг тодорхойлж, шуурхай шийдвэрлэх, олон нийтэд мэдээллийг нээлттэй, дэвшилтэт техник технологийг ашиглаж тогтмол хүргэх, хүнд суртал, чирэгдэл үүсгэхгүй байх;

Зөвлөмж 5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасан гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй нөхцөлд шууд гэрээ байгуулсан этгээд буюу гүйцэтгэгч нь улс төрд нөлөө бүхий этгээд болон түүний хамаарал бүхий этгээд биш байхад онцгойлон анхаарах, авлига, ашиг сонирхлын зөрчлийн шинжтэй зөрчил илэрсэн тохиолдолд Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдэгдэх.

Зөвлөмжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа үеэр /2026.09.30/ тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзаж, Засгийн газрын бодлогоо танилцуулав.

Ерөнхий сайд Н.Учрал энэ удаагийн айлчлал нь Засгийн газрын тэргүүний түвшинд найман жилийн дараа болж байна. Олон жил дуусдаггүй яриаг дуусгаж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн санхүүжилтийг шийдвэрлэлээ. Аялал жуулчлал, тээвэр логистик зэрэг олон салбарт эерэг нөлөө гарна.  Хоёр орны харилцааны хамгийн том баялаг бол хүн. Тиймээс Япон загварын “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер” төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэх эрмэлзлээ илэрхийллээ. 

Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг олон жил ярьсан, хэлэлцээг энэ онд багтаан эхлүүлнэ. Мөн Давхар татварын хэлэлцээрийг 2026 онд эхлүүлэхээр тохиролцлоо. Хөрөнгө оруулагчдад тогтвортой орчин чухал. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд шинэчилнэ. Засгийн газрын “Дөрвөн Чөлөөлөлт”-ийн бодлого хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд ач холбогдол өгч байгааг хэлэв. Тухайлбал,  280 зөвшөөрлийг цахимаар олгож байна. УИХ-аар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг батлуулсан. Гадаадын банк байгуулах эрх зүйн орчин нээлттэй болсон. БНСУ-ын хоёр банк, Унгарын нэг банк сонирхлоо илэрхийлсэн. 

Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, хөрөнгө оруулалтын шинэ бат бөх суурь бий болгох хүрээнд хөрөнгийн удирдлагын чиглэлээр салбартаа тэргүүлэгч BlackRock компанитай гэрээ байгуулж ажиллаж байна. Төрийн өмчит компаниуд IPO гаргаж, менежментийг олон улсын компани удирдах тогтолцоонд шилжинэ. Ирэх онд 1072 хувьцааг Хөрөнгийн биржид бүртгэснээр иргэн бүрийн эзэмшиж буй хувьцааны үнэлгээ өснө гэж үзэж байна.

Уулзалтын үеэр Японд ажиллаж, амьдарч буй манай иргэдийн санал бодлоо хэлж, Ерөнхий сайд асуултад нь хариулав.  Япон Улсад  21 мянга гаруй монгол иргэн байнга оршин сууж байна. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Жетро монголд салбараа нээнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын Ерөнхийлөгч Н.Ишигүро /2026.09.30/ бараалхав. 

Уулзалтын үеэр Монгол, Японы худалдаа, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар санал солилцов.

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж буй талаар мэдээлэв.

 Монгол Улсад ЖЕТРО Төлөөлөгчийн газраа байгуулах тухай манай саналыг Японы тал дэмжиж буйд талархал илэрхийлж, манай улсаас Японд нийлүүлэх экспортын бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэсэн. Мөн Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр ЖЕТРО-той хамтран ажиллахаа илэрхийлэв.

ЖЕТРО олон улсын худалдааны өндөр мэдлэгтэй мэргэжилтнийг түнш орондоо илгээж, тухайн орноос Японы зах зээлд худалдаалах бараа, бүтээгдэхүүнийг судалж, үйлдвэрлэлт, борлуулалтын “ноу-хау”, инновацыг нутагшуулах, маркетингийн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Энэ нь хөгжиж буй улс орнуудын хувьд технологи, инновацын хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой юм. 

ЖЕТРО 1958 онд Япон Улсын Олон улсын худалдаа, үйлдвэрийн яамны дэргэд гадаад орнуудтай хийж буй худалдаанд дэмжлэг үзүүлэх зорилготой байгуулагдсан. Японы бараа бүтээгдэхүүнийг гадаад улс орнуудад таниулан сурталчлах, Японы хэрэглэгчдэд шаардлагатай импортын бараа бүтээгдэхүүнийг судлах, үзэсгэлэн яармаг зохион байгуулж, сурталчлах, бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авах зэрэг үйл ажиллагааг явуулдаг байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрчээ

Огноо:

,

Үнэ тогтворжуулах бодлого, ипотекийн зээл зэрэгтэй холбоотойгоор Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн талаар тус банкны Ерөнхийлөгч С.Наранцогт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүдтэй уулзах үеэр мэдээллээ.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Лувсанжамц, Ж.Золжаргал, О.Батнайрамдал, Р.Батболд нар 2026 оны есдүгээр сарын 29-нд Монголбанканд ажиллаж, төв банкны үйл ажиллагаатай танилцсан байна.

Уулзалтын үеэр С.Наранцогт “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-ийг танилцуулж, гишүүдтэй санал солилцов. Тэрбээр төслийг сүүлийн 15 жилийн сургамжид үндэслэн, тухайн жилийн онцлогт нийцүүлж, хэмжигдэхүйц, үр дүнд суурилсан байдлаар боловсруулсныг онцолжээ. Хуульд заасан хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэх уг төслийг олон нийтээр хэлэлцүүлж, санал авсан байна.

Мөн тогтолцооны суурь шинэчлэл хийх шаардлагатайг дурдаж, төв банкны эрх зүйн орчныг боловсронгуй болгоход парламентын дэмжлэг хэрэгтэй байгааг илэрхийлэв. Монголбанк анх удаа дунд хугацааны стратеги баталж, үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төв банкны засаглалыг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэхээр зорьж буйг танилцуулжээ.

Байнгын хорооны дарга Б.Заяабал Валютын зохицуулалтын тухай хууль болон уулзалтаар хөндсөн, хэрэгжилт хангалтгүй эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд ажлын хэсэг байгуулах асуудлыг хөндөв.

Гишүүдийн зүгээс ипотекийн зээлийн хөтөлбөрийн харьяалал, ногоон зээл, төв банкны санхүүгийн нөхцөл байдлын талаар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Б.Мөнхсоёл ипотекийн зээлийн хөтөлбөрийг өөр байгууллагад шилжүүлэх асуудал олон жил яригдсан ч шийдэгдээгүйг дурдсан бол Г.Лувсанжамц үр дүнд суурилсан төсөл боловсруулсныг сайшааж, ногоон зээлд цахилгаан автомашин хамруулах нь зохистой эсэхийг тодруулав.

О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Монголбанканд өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхийг сануулж, Ж.Золжаргал эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд улс төрийн шийдэл шаардлагатай болсон талаар байр сууриа илэрхийллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох