Цаг үе
ОХУ-ын Дээд шүүхээс авлигын талаарх статистик мэдээллийг танилцуулав
Шүүхээс өнгөрсөн жил 15000 гаруй авлигын хэрэгт ял оноожээ. Тухайлбал 500 гаруй хүн хээл хахууль авсан, 400 гаруй хүн авлигад зуучилсан, 2.5 мянган хүн авлигын хэргээр, үүнээс арай илүү тооны хүн бага хэмжээний авлига авсан хэргээр ял сонссон байна.
Улсын Дээд шүүхийн Шүүхийн хэлтсээс 2019 онд гарсан авлигын хэргийн статистик мэдээллийг нийтэлсэн байна. Статистик мэдээллээр өнгөрсөн оны хэмжээнд авлигын гэмт хэргээр 15562 ялын тогтоол гарсан байна.
Нийт 1463 хүнд хорих ял оногдуулсан байна. Үүнээс:
- 1 жил хүртэлх хорих ялаар 190;
- 1-2 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар 252;
- 2-3 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар 344;
- 3-5 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар 383;
- 5-8 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар 261;
- 8-10 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар 31;
- 10-15 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар 2 хүн тус тус шийтгүүлсэн байна.
Мөн 43 хүн эрх чөлөөгөө хязгаарлуулсан бол хүн засан хүмүүжүүлэх ажил хийх шийтгэлээр 164, зайлшгүй болон албадан гүйцэтгүүлэх ажил хийх шийтгэлээр 17 хүн тус тус шийтгүүлсэн байна. 3746 хүн торгууль төлсөн, 2656 хүн тэнсэн авснаас 400 нь гурваас дээш жилийн ял авсан байна.
Авлигын гэмт хэргийн улмаас 76 хүн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол 1465 хүний албан тушаал хаших, тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарласан нэмэгдэл ялаар шийтгүүлсэн байна. 122 албан тушаалтны тусгай, цэргийн буюу хүндэт цол, албаны зэрэг дэв, төрөөс олгосон шагналыг нь хураан авчээ. Мөн 305 этгээдийн эд хөрөнгийг хураасан бол гэмт хэрэг хийхээр завдаж байсан 2225 этгээдэд шийтгэл оногдуулсан байна.
Улсын батлан хамгаалах салбарын захиалгыг биелүүлэх үйл ажиллагааны явцад албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 1, урьдчилан тохиролцож гэмт хэрэг үйлдсэн 5, залилангийн хэрэг болон мөнгө угаасан хэргээр тус бүр 8 хүн шийтгэл хүлээсэн байна. Мөн 26 хүн гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохирч хууль бус үйлдлийг таслан зогсоогоогүй гэмт хэрэг үйлджээ. Түүнчлэн 10000 рублиэс доош хэмжээний хахууль авсан хэргээр 286 хүнийг ялласан байна.
Түүнчлэн статистик мэдээнд үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд 116 хүн хууль зөрчин оролцсон талаар дурдсан байна. Тус улсын бие даасан муж, тойргийн буюу орон нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдах 2 албан тушаалтан авлига авсан хэргээр шийтгүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн 1 дүгээр зүйл (“Төрийн албан хаагч, олон улсын байгууллагын ажилтан авлига авах”)-д заасан гэмт хэрэг үйлдсэн 149, мөн хуулийн 2 дугаар зүйл (“Их хэмжээний авлига авах”)-д заасан гэмт хэргээр 301, хуулийн 3 дугаар зүйл (“Хууль зөрчин хээл хахууль авах”)-д заасан гэмт хэрэг үйлдсэн 1021 хүнд тус тус шийтгэл оногдуулсан байна.
Хээл хахууль авсан хэргээр 1742, авлигад зуучилсан 418, бага хэмжээний хахууль авсан хэргээр 2674 хүн тус тус шийтгэл хүлээсэн бол 6 хүн энэ гэмт хэргийн ангиллаар өөр төрлийн шийтгэл авсан байна.
Түүнчлэн эрх чөлөөгөө хасуулсан 32 хүнд өршөөл үзүүлж, 21 хүн шийтгэлийн бусад төрлөөр өршөөлд хамрагдсан мэдээлэл байна.
Дээд шүүхийн Шүүхийн хэлтсээс гаргасан статистик мэдээллийг өмнөх оны үзүүлэлттэй харьцуулахад 2019 онд эдийн засгийн үйл ажиллагааны салбар дах гэмт хэргийн тоо өссөн бол төрийн байгууллагын албан хаагчдыг доромжилсон хэргийн тоо буурсан байна.
Эх сурвалж: https://pravo.ru
Цаг үе
COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулжээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээнд ажиллах жолооч нарт зориулсан нэгдсэн сургалтыг Зам, тээврийн яамны “Хөсөг” танхимд зохион байгууллаа.
Сургалтад COP17-ын үеэр автотээврийн үйлчилгээнд ажиллах төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, “Зорчигч тээвэр I, II”, “Зорчигч тээвэр III, IV”-ийн нийт 250 орчим жолооч, тээврийн хэрэгслийн зохион байгуулалт хариуцан ажиллах албан хаагчид хамрагдаж байна.
Монгол Улсад зохион байгуулагдах олон улсын хэмжээний энэхүү арга хэмжээний үеэр гадаадын зочид, төлөөлөгчдөд аюулгүй, шуурхай, соёлтой, мэргэжлийн түвшинд тээврийн үйлчилгээ үзүүлэх бэлтгэлийг хангах нь сургалтын гол зорилго юм.
Сургалтаар COP17-ын ерөнхий ойлголт, ач холбогдол, зохион байгуулалтын онцлог, зочид, төлөөлөгчдийн ангилал, үйлчилгээний стандарт, жолооч нарын үүрэг хариуцлага, сахилга бат, үйлчилгээний соёл, ёс зүй, мэргэжлийн харилцааны талаар нэгдсэн мэдээлэл өгчээ.
Түүнчлэн зочдыг нисэх буудлаас угтан авах, зочид буудал болон арга хэмжээний байршилд хүргэх үе шат, маршрут, хөдөлгөөний зохион байгуулалт, цагийн менежмент, мэдээлэл дамжуулах журам, холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, аюулгүй ажиллагааны чиглэлээр жолооч нарыг сургалт, арга зүйгээр хангаж байна.
Мөн зам тээврийн осол, саатал болон бусад эрсдэл, онцгой нөхцөл үүссэн үед авах арга хэмжээ, ачаалал ихтэй нөхцөлд тайван, зөв, шуурхай шийдвэр гаргах, өдөр тутмын ажлын бэлэн байдлыг хангах зэрэг практик ур чадварыг сургалтын хөтөлбөрт тусгажээ.
Сургалтыг танилцуулах лекц, асуулт-хариулт, жишээнд суурилсан сургалт, багаар ажиллах дасгал, маршрут болон тээвэрлэлтийн урсгалын зураглалтай танилцах, онцгой нөхцөлд ажиллах дадлага зэрэг онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.
Сургалтын үеэр COP17 олон улсын бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба, Нийслэлийн тээврийн газар, Автотээврийн үндэсний төв болон Тээврийн цагдаагийн албаны холбогдох албан хаагчид чиг үүргийнхээ хүрээнд мэдээлэл өгч, мэргэжил, арга зүйн зөвлөмж хүргэлээ.
Тухайлбал, Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн хяналт, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй ажиллагаа болон олон улсын арга хэмжээний үеэр жолооч нарын анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн байна.
Уг сургалт нь COP17-ын үеэр зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээг аюулгүй, шуурхай, зохион байгуулалттай явуулах, үйлчилгээний нэгдсэн стандарт, сахилга хариуцлагыг хэвшүүлэх бэлтгэл ажлын нэг хэсэг гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Цаг үе
Улаанбаатарт хоногт 250 м³ лаг боловсруулах үйлдвэр байгуулна
Инженерийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд “Лаг хатаах, шатаах үйлдвэр”-ийг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт, нийт 40 мянган ам метр талбайд 2025-2027 онд байгуулахаар төлөвлөжээ.
Одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжаас хоногт дунджаар 238 тонн лаг гардаг бөгөөд хуримтлагдсан лагийн хэмжээ 843,200 м³-д хүрсэн байна.
Шинээр барих үйлдвэр хоногт 250 м³ лаг боловсруулах хүчин чадалтай. Боловсруулалтын дараа лагийн хэмжээг 5-6 м³ үнс болгон бууруулахаар тооцжээ.
Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан бөгөөд Барилга хөгжлийн төвийн 2025 оны долоодугаар сарын 22-ны өдрийн магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан байна.
Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/01 дүгээр тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д лаг хатааж, шатаах үйлдвэр барих төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэхээр тусгажээ.
Лаг хатаах, шатаах технологи нь бохир ус цэвэрлэх байгууламжаас гардаг лагийг байгаль орчинд аюулгүй аргаар боловсруулж, эзлэхүүнийг эрс бууруулах зориулалттай. Лагийг өндөр температурт шатааснаар эзлэхүүн нь 90 хүртэл хувиар буурч, бактери, вирус болон бусад өвчин үүсгэгч бичил биетнийг устгах боломжтой.
Түүнчлэн шаталтын явцад үүсэх дулааныг цахилгаан болон дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж болдог. Зарим технологийн хувьд шаталтын дараа үлдэх үнснээс фосфор зэрэг ашигт эрдсийг сэргээн авах боломжтой аж.
Япон, Герман, Швейцар, Нидерланд, Өмнөд Солонгос зэрэг улс лаг хатаах, шатаах технологийг ашиглаж байна. Тухайлбал, Германд лаг шатаах үйлдвэрээс гарсан үнснээс фосфор сэргээн авах технологи ашигладаг бол Нидерландад төвлөрсөн лаг боловсруулах үйлдвэрүүдээр дулаан, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг.
Ийнхүү лаг хатаах, шатаах технологийг лагийн эзлэхүүнийг бууруулахын зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэх, нөөцийг дахин ашиглах чиглэлээр олон улсад өргөн ашиглаж байна.
Цаг үе
Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орууллаа
Баянзүрх дүүргийн Монелийн гудамжийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг 2026 оны 08 дугаар сарын 7-ны 23:00 цагаас 2026 оны 08 дугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл хаана.
Энэ авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн Ч:19А “Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв” чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орж байна.
Авто замын засварын хугацаанд тус чиглэл дараах зураглалын дагуу үйлчилгээ үзүүлэх тул иргэд та бүхэн зорчилтоо төлөвлөнө үү гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

-
Урлаг спорт2022/05/19
ЗГ: Циркийн байрыг зориулалтын дагуу ашиглахыг үүрэг болгов
-
Улстөр нийгэм2023/03/10
УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд Ким Жун Гү-г хүлээн авч уулзлаа
-
Цаг үе2026/04/10
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсга...
-
Шударга мэдээ2021/05/24
“Ай Си Ти групп” компани эх орондоо анхны токенжуулсан үнэт цаас гар...
