Шударга мэдээ
Италийн брэндүүд “Монголын хаан ширхэгт” ноолуурыг захиалав
Монгол ноолуурын өнгө болон давуу шинж чанарт тулгуурлан “Монголын хаан ширхэгт” брэндийг хөгжүүлж, зах зээлд таниулах, сурталчлах ажлыг амжилттай хийж байна. “Монголын хаан ширхэгт” тохирлын тэмдэг нь дэлхийн стандартад нийцсэн, байгальд ээлтэй үйлдвэрлэлээр үйлдвэрлэгдсэн, өндөр чанартай бүтээгдэхүүн гэдгийг гэрчлэх тэмдэглэгээ, ноос, ноолууран бүтээгдэхүүний гарал үүслийн ба чанарын баталгаа юм.
Энэхүү гарал үүсэл, чанарын баталгаат бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гэрчилгээг Ханбогд Кашимер ХХК өнгөрөгч 2019 онд авч анхны “Монголын хаан ширхэгт” тохирлын тэмдэгтэй хялгасыг нь ялгасан ноолуурыг Итали улс руу экспортолж байсан юм. "Ханбогд Кашимер" ХХК нь анхан шатны ноолуур боловсруулах 20 жилийн туршлагатай, 12 аймагт өөрийн түүхий эд бэлтгэлийн төлөөлөгчтэй ноолуурын салбарын томоохон компаниудын нэг юм. Энэ жилийн хамгийн нарийн микронтой ноолуур буюу “Хаан ширхэгт”-ийн стандартыг Сүхбаатар аймгаас бэлтгэсэн ноолуур /15.8-16.1 микрон/ хангасан байна.
Манай улс жилд 9800-10 000 тонн ноолуур бэлтгэдэг нь дэлхийн зах зээл дэх түүхий эдийн 40 гаруй хувь юм. Одоогоор манай улсаас бэлтгэгдэж байгаа ноолуурын 20-30 хувь нь “Хаан ширхэгт”-ийн стандартыг хангаж байгаа юм. Хамгийн нарийн ширхэгт буюу тансаг зэрэглэлийн, чанар сайтай “Хаан Ширхэгт” ноолуурыг дэлхийн брэндүүд хэдийнэ хүлээн зөвшөөрч, тэдний хүсэн хүлээдэг бүтээгдэхүүн болоод байна. Тухайлбал, Ханбогд Кашимер ХХК Итали улсаас 100 тонн “Хаан ширхэгт” стандартын ноолуурын захиалга авч, эхний бүтээгдэхүүнээ экспортод гаргахаар бэлтгэж байна.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, тус компанийн экспортын бэлтгэл ажилтай танилцах үеэрээ, “Хаан ширхэгт” брэндийг дэлхий дахинд таниулах чиглэлээр хийсэн ажлын үр дүн эхнээсээ гарч байгааг харахад таатай байна. ХХААХҮЯ-наас малчдад ноолуурын анхан шатны бэлтгэлээ чанартай хийх, үнэ цэнийг нь хадгалахыг байнга зөвлөж байсан. Цаг уурын эрс тэс нөхцөл, бэлчээрийн маллагаанд зохицсон монгол малаас гардаг түүхий эдийн чанар дэлхий дахинд өндрөөр үнэлэгддэг. Зөөлөн алт гэгддэг энэ онцгой түүхий эдийн дулаан хадгалах, агаар нэвтрүүлэх чанар, зөөлөн, тансаг шинж, нарийн ширхэглэг, эдэлгээ даадаг зэрэг нь брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэн, дэлхийн зах зээлд ноёрхох давуу талыг бүрдүүлж байдаг. Энэ ч утгаараа өнгөрсөн жилийнхээс 5 дахин их захиалга ирсэн гэж бодож байна. Тэр дундаа Сүхбаатар аймгийн малчид маань “зөөлөн алт”-ынхаа чанар нэр хүндийг өндөрт өргөж байгаад салбарын сайдын хувьд ихээхэн талархаж байна гэлээ.
"Ханбогд Кашимер" ХХК-ийн захирал Ч.Ганцэцэг, Бид Хөвсгөл, Завхан, Сүхбаатар, Хэнтий, Архангай, Дорноговь, Говь-Алтай, Дорнод, Баянхонгор, Өвөрхангай зэрэг аймгуудад түүхий эд бэлтгэлийн төлөөлөгчийн газруудыг байгуулсан. Эдгээр аймгаас шаардлага хангасан, сайн чанарын ноолуурыг бэлтгэж байна. Жилд 1000 тонн самнасан ноолуур боловсруулах, 100 мянган ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, тогтвортой, чанартай ноолуурыг бэлтгэн нийлүүлэгч компани. Англи, Итали, Хятад, Герман, Энэтхэг, Япон, Солонгос зэрэг улс руу дэлхийд танигдсан брэндүүдийн өндөр зэрэглэлийн чанарын шаардлагад нийцсэн самнасан ноолуурыг бэлтгэн нийлүүлдэг. Энэ жилийн хувьд томоохон захиалга ирээд байсан “Хаан ширхэгт”-ийн өндөр стандартыг Сүхбаатар аймгийн ноолуур хангасанд маш их баяртай байна. Цаашид бусад аймгуудад энэхүү стандартыг хангахад туслах чиглэлээр малчидтайгаа хамтарч ажиллахаар төлөвлөж байна гэв.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Шударга мэдээ
Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ
-
Цаг үе2023/12/18
Өнөөдрөөс автомашинууд улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцон...
-
Цаг үе2019/10/31
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
-
Цаг үе2023/02/03
ЗТХЯ: Хамтарсан зохицуулах хорооны хурал боллоо
-
Цаг үе2022/09/30
Сэрэмжлүүлэг: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтрэхийг а...
