Шударга мэдээ
ӨНӨӨДӨР: Олон Улсын энхийг сахиулагчдын өдөр
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 2002 оны 05 дугаар сарын 29-нийг Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр болгон зарласан түүхтэй.
Монгол Улсын Зэвсэгт хүчний Зэвсэгт хүчний болон Төрийн цэргийн байгууллагуудын бие бүрэлдэхүүн 2002 оноос эхлэн энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлснээс хойшхи хугацаанд 18000 гаруй энхийг сахиулагчид үүргээ амжилттай гүйцэтгэж, өнөөдрийн байдлаар дэлхийн халуун цэгүүдэд 1100 гаруй цэргийн алба хаагчид үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.
Харин Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2012 оноос хойш даян дэлхийн энх тайвны төлөө дэлхийн орнуудын дайчин эрстэй мөр зэрэгцэн энхийг сахиулах үүргийг гүйцэтгэж байгаа билээ.
Энэ хугацаанд 320 орчим алба хаагч цэнхэр дуулгатнуудын эгнээнд орж, дэлхийн энх тайвныг батлан хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж Онцгой байдлын байгууллагын төдийгүй Монгол Улсынхаа нэрийг олон улсад өндөрт өргөн, үүргээ биелүүлж байна. Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цэнхэр дуулгатнуудын гурав нь эмэгтэй алба хаагч байгаа юм.
НҮБ-ын энхийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн, үүргээ нэр төртэй биелүүлж буй Онцгой байдлын байгууллагын нийт Цэнхэр дуулгатан Та бүхэнд “Энхийг сахиулагчдын өдөр”-ийн мэндийг хүргэе гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Шударга мэдээ
Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа
МЭДЭГДЭЛ
Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мэдэгдэж байна.
1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд ашиглалтын талбай дахь олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд оршин суугаа иргэд, мал амьтанд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, учирч болзошгүй эрсдэлийг арилгах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тогтмол зохион байгуулах;
2. Ашиглалтын болон хайгуулын талбайд үүссэн ам цооног, ил уурхайн ухаш, нүх, шуудуу, хаягдлын байгууламж болон бусад аюултай хэсгийг хашаажуулах, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах, шаардлагатай хамгаалалтын хэрэгслээр тоноглох, аюулгүй байдлыг хангах, ашиглалт дууссан болон эрсдэл бүхий талбайг үе шаттайгаар булж тэгшлэх;
3. Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжид нийцүүлэн хүүхэд хамгааллын бодлогоо баталж мөрдүүлэх, хүүхэдтэй холбоотой эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, урьдчилан сэргийлэх, мэдээлэх болон шаардлагатай хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх;
4. Энэхүү мэдэгдлийн хэрэгжилтийг зохион байгуулж, авсан арга хэмжээ, хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх мэдээллийг 2026 оны 06 дугаар сарын 10-ны дотор Нийслэлийн Байгаль орчны газарт тухай бүр ирүүлж ажиллах.
Мэдэгдлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, олборлолтын үйл ажиллагааны аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал, нийгмийн хариуцлагыг хангаж ажиллахыг үүгээр мэдэгдье.
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР
Шударга мэдээ
Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг өвлүүлнэ

Шударга мэдээ
Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэгийг цуцалжээ
2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй “Жанми” хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалжээ.
“МИАТ” ТӨХК-иас 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн OM501/OM502 нислэгийн зорчигчдыг 6 дугаар сарын 4-ний өдрийн нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Уг нислэгт зорчих тийз худалдан авсан зорчигчид, тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандаж нислэгийн өдрөө өөрчлүүлэхийг “МИАТ” ТӨХК-иас мэдээллээ.
