Улстөр нийгэм
Хаврын тариалалт 73,4 хувьтай байна
Энэ онд улсын хэмжээгээр 384.2 мянган га-д үр тариа, үүнээс 356.8 мянган га-д улаанбуудай, 38.2 мянган га-д малын тэжээл, 41.0 мянган га-д тосны ургамал, 14.9 мянган га-д төмс, 9.2 мянган га-д хүнсний ногоо, 7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478.0 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар хаврын тариалалт улсын хэмжээгээр 73,4 хувьтай явагдаж байна.
Дэлхий нийтийг хамарсан Covid-19 цар тахлын дэгдэлтийн улмаас онцгой дэглэм тогтоосон энэ үед улаанбуудай, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ,тэжээлийн таримлын тариалалтыг нэмэгдүүлэх, газар тариалангийн салбарт ажлын байрыг хадгалах, газар тариалангийн гаралтай бараа бүтээгдэхүүний хангамж нөөцийг нэмэгдүүлж дотоодынхоо хүнсний хэрэгцээг хангах зорилгоор энэ жил хаврын тариалалтыг нэмэгдүүлэхээр ХХААХҮЯам тариаланчид ногоочидтой хамтран ажиллаж ажиллаж байна. Салбарын сайд Ч.Улаан өнгөрсөн амралтын өдрүүдэд газар тариалангийн зарим бүс нутагт ажиллаж хаврын тариалалтын явц байдалтай танилцлаа.
Улсын хэмжээнд үр тариа 83.6 хувь үүнээс улаанбуудай 87.8 хувь, төмс 87.4 хувь, хүнсний ногоо 56.7 хувь, малын тэжээл 20.1 хувь, тосны ургамал 40 хувьтай явагдаж байна. Улаанбуудайн тариалалт ихэнхи нутгаар дуусч, малын тэжээл, тосны ургамлын тариалалт газар тариалангийн бүс нутагт ид явагдаж байна. Төв аймгийн хувьд энэ жил үр тариа 87,7 мян.га, үүнээс улаанбуудай 78,5 мян.га, төмс 7,8 мян.га, хүнсний ногоо 1,6 мян.га, таримал тэжээлийн ургамал 11,5 мян.га, тосны ургамал 10,5 мян.га-д тариалахаар төлөвлөжээ. Аймгийн хэмжээгээр хаврын чийг хаалтын ажлыг 26730 га талбайд, хийж, өнөөдрийн байдлаар 2020.06.04 аймгийн хэмжээгээр үр тарианы тариалалт 53,3 мян.га буюу 68,3 хувьтай, улаанбуудай 50,9 мян.га 64,8 хувь, тосны ургамал 2,5 мян.га 24,3 хувь, төмс 7,8 мян.га 99,6 хувь, хүнсний ногоо 575,3 мян.га 36,0 хувьтай тус тус тариалалт үргэлжилж байна гэж Төв аймгийн ХААГ-ын дарга Б.Жамбалдорж танилцууллаа. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Энэ жил нийтдээ 495.0 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн. Гэвч гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан хаврын тариалалтыг 15-20 хувиар нэмэгдүүлэхээр ХХААХҮЯам ажиллаж байна.
Хаврын тариалалтын бэлтгэлийг сайтар хангаж, тариалалтад шаардлагатай техник тоног төхөөрөмж, үр шатахуун, бордоо ургамал хамгааллын бодисыг Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох ажлыг шуурхай зохион байгуулах, улаанбуудай, төмс хүнсний ногоо, тэжээлийн болон тосны ургамал, жимс жимсгэнэ, хамгаалагдсан хөрсний тарималуудын хангамжийг тогтворжуулах зорилгоор тариалан эрхлэгчдэд 150 тэрбум төгрөгийн 3-5 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан олгохоор ажиллаж байна. Нөхцөл байдалтай уялдуулаад хүнсний нөөцөө бүрдүүлэх, хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо хангахын тулд аль болох тариалалтыг нэмэгдүүлэх бодлогыг хаа хаанаа сайн ойлгож, тариалалтдаа тусгаж байгаа тариаланчид, ногоочиддоо талархаж байна гэлээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Улстөр нийгэм
Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна
2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.
Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.
Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .
Цэцэрлэгийн бүртгэл
- 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
Нэгдүгээр ангийн элсэлт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
- Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.
Их, дээд сургуулийн хичээл
- 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
- 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.
Оюутны дотуур байр
- 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Улстөр нийгэм
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Улстөр нийгэм
Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.
Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:
- Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
- Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
- Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
- Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
- Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
- Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.
Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.
Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.
