Шударга мэдээ
“Өргөө” амаржих газарт 150 сая төгрөгийн автоклавтай боллоо
Халдваргүйтлийг хамгийн дээд зэргээр сахин хамгаалах учиртай “Өргөө” амаржих газар аюулгүй ажиллах нөхцөл бүрдлээ. Тус эмнэлгийн автоклав буюу ариутгалын аппарат нь хоёр жилийн өмнөөс хэвийн ажиллах боломжгүй болж, тодорхой хэмжээгээр засвар, үйлчилгээ хийдэг ч үр дүн муутай байжээ.
Харин “Наро Банчэн Хутагт” сангийн зүгээс тус амаржих газарт 150 сая төгрөгийн үнэ бүхий автоклав буюу ариутгалын аппаратыг хүлээлгэн өглөө. Эмнэлгийн хамт олон дээрх аппаратаа доголдож эхэлснээс хойш хоёр жилийн хугацаанд холбогдох газруудад хүсэлт тавьсан ч шийдэгдэлгүй өнөөг хүрчээ. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтнууд “Наро Банчэн хутагт” санд ханджээ.
Тэдний энэхүү хүсэлт ёсоор болж, ариутгалын шинэ аппараттай боллоо. Аппаратыг хүлээлгэн өгөх үеэр Халхын тамгатай 13-н хутагтын нэг Наро Банчэн Гэгээн Данзанлхүндэв “Наро Банчэн хутагт сангийн зүгээс нийгмийг соён гэгээрүүлэх сургалт болон хүмүүнлэгийн ажлыг чадах чинээгээрээ хийхийг зорьж байгаа. Өмнө нь манай сангийн зүгээс зарим эмнэлэг, цэцэрлэгүүдэд шаардлагатай аппаратууд хандивлан өгч байсан. Энэ удаа “Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нь хүлээлгэн өгч байна. Тус эмнэлгийн зүгээс хүсэлт тавьсны дагуу бид судалсан. Үнэхээр, зайлшгүй шаардлагатай аппарат байсан. Тиймээс өнөөдөр ийн хүлээлгэн өгч байна.” гэсэн юм.
Наро Банчэн Гэгээн Данзанлхүндэв өөрт нь олон түмний өргөсөн өргөл хандивыг ийн “Наро Банчэн Хутагт” сангаар дамжуулан нийгмийн сайн, сайхны төлөөх буяны ажилд зарцуулдаг. Энэ удаа ч мөн олон нийтийн өргөл, хандиваар цугларсан 150 сая төгрөгөөр ариутгалын багаж, тоног төхөөрөмж авч өгч буй юм.
Энэхүү арга хэмжээнд Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц хүрэлцэн ирсэн байв. Тэрээр хэлэхдээ Манай залуу үе, хувилгаад бусдыг бодсон сайхан сэтгэлтэй, буян үйлдэж, дагуулж байгаад би их баяртай байна. Би өнөөдөр Монголын Бурхан шашинтны тэргүүний хувьд энэ сайхан буяны үйл ажиллагаа хийж байгаад нь даган баясах, хутагтынхаа ямар ажил хийж, туурвиж байгааг үзэх гэж ирсэн. Нэлээд өндөр үнэтэй аппарат хэрэгслийг монголын олон үрсэд оновчтой газар өгч байгаад нь баяртай байна.” гэлээ.
Харин “Өргөө” амаржих газрын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга А.Дүүрэнбилэг “Манай амаржих газрын хувьд 450 гаруй ажилтан, 360 ортой үйл ажиллагаагаа явуулдаг. Жилдээ 12 мянга гаруй эхийг амаржуулдаг ууган байгууллагын нэг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд манай байгууллагын хамгийн том цөм болсон ариутгалын хэсэгт техникийн үйлчилгээ хийгдсэн боловч ашиглалтын хугацаа нь нэгэнт дуусчихсан болохоор доголдол гарах зэргээр хүндрэлтэй нөхцөлүүд үүссэн.
“Наро банчэн хутагт” сангийн зүгээс эмнэлгийн тоног төхөөрөмжийн ариутгалын аппаратыг хандивлаж байгаа нь эх үрсийн эрүүл мэндийн төлөө үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгаа хэрэг. Эх, нярайтай холбоотой бүхий л багаж, тоног төхөөрөмж, мэс засал, ариун зөөлөн эдүүд бүгд ариутгалын аппаратаар ариутгагдсан байх шаардлагатай байдаг. Тиймээс энэ автоклав манай эмнэлэгийн нэн тэргүүнд шаардлагатай төхөөрөмж байсан. Монголын олон мянган эх, үрс, ирээдүйн төлөө буяны гараа сунгаж, бидний хүсэлтийг хүлээн авсан “Наро Банчэн Хутагт” сангийн хамт олонд гүнээ талархаж байна.” гэлээ.
Нийслэлийн “Өргөө” амаржих газар өдөртөө зөвхөн амаржихаар 40-50 эх хэвтдэг. Тиймээс ариутгал, халдваргүйжилтийн ажил хамгийн чухал. Өнгөрсөн жилүүдэд автаклав нь ажиллахгүй тохиолдолд тус эмнэлгийнхэн бусад төрөх болон эмнэлэгт багаж, тоног төхөөрөмжөө ариутгадаг байжээ. “Наро Банчэн Хутагт”сангийн тусламжаар ийн шинэ орчин үеийн ариутгалын аппараттай болсондоо эмнэлгийн эмч, ажилтнууд ч талархаж байлаа.

Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
