Улстөр нийгэм
Цэргийн Төв Эмнэлэгт 1 сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор болжээ
2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 09.00 цагт Төрийн ордонд ХБНГУ-ын Холбооны Батлан хамгаалах яамны “Түнш орнуудын аюулгүй байдал, батлан хамгаалах, тогтвортой байдлыг хангах, сайжруулах хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв эмнэлэгт тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэл, эм тариа худалдан авах зориулалтаар 1 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэх тохиролцоонд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Ёорн Розенберг нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Арга хэмжээний үеэр Элчин сайд, ноён Ёорн Розенберг – Герман-Монгол улсын найрамдалт харилцаа, түүний дотор батлан хамгаалах салбарын харилцаа өндөр төвшинд хүрсэн бөгөөд цаашид улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Дэлхий дахиныг түгшээж буй цар тахлыг бид хамтын хүчээр даван туулах ёстой. Өнөөдөр ХБНГУ-аас цар тахалтай тэмцэх үүрэг хүлээсэн Цэргийн төв эмнэлгийн тоног төхөөрөмжийг бэхжүүлэх, эмч, ажиллагсдыг хамгаалах хэрэгсэл, шаардлагатай эм тариагаар хангах зорилгоор санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлэх тохиролцоог баталгуулж байгаадаа баяртай байна. Энэхүү тусламж нь Монгол Улсын цар тахлын эсрэг авч буй арга хэмжээнд дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна. Герман Улс нь зөвхөн COVID-19 цар тахлын эсрэг тэмцлээр хязгаарлахгүйгээр сайн анд нөхдийн хувиар Монгол Улсын дэргэд ирээдүйд ч хамт байх болно гэдгийг илэрхийлсэн юм.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд - Хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин тэлж байгаа ба ХБНГУ-ын ХБХЯ-аас Монгол Улсын Зэвсэгт хүчний шинэчлэлд үргэлж дэмжлэг үзүүлсээр ирсэн юм. Хоёр орны цэргийн алба хаагчид даяан дэлхийн энх тайвны төлөө мөр зэрэгцэн алба хааж буй нь бидний батлан хамгаалах салбарын харилцааны хөгжлийн тод илрэл гээд Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв эмнэлэг нь COVID-19 цар тахалын үед тусгаарлалт, эмчилгээний гол эмнэлгийн нэг болон ажиллаж байгаа энэ чухал хариуцлагатай үед эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулж, хамгаалах хэрэгсэл болон эм тариа худалдан авахад шаардлагатай санхүүгийн тусламж үзүүлж байгаа нь манай цэргийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид эрсдэлгүй ажиллах, цаашлаад цэргийн алба хаагчид болон иргэдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулахад маш том дэмжлэг болж байгааг онцолсон юм.
Түүнчлэн ХБНГУ-ын Зэвсэгт хүчний нөөцөөс Монгол Улсын Зэвсэгт хүчин, энхийг сахиулагчдын эрүүл мэндийн үйлчилгээ болон яаралтай осол, гамшгийн үед хэрэглэх зориулалттай 20 ширхэг зөөврийн амьсгалын аппаратыг буцалтгүй тусламжаар олгохоор шийдвэрлэсэн ба удахгүй хүлээж авна.
Улстөр нийгэм
“Талын түнш-2026” хамтарсан байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль амжилттай явагдаж өндөрлөлөө
Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын чөлөөлөх армийн хамтарсан “Талын түнш-2026” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль амжилттай явагдаж өндөрлөлөө.
Хамтарсан сургууль анх удаа БНХАУ-ын нутаг дэвсгэрт явагдсан ба уг сургуулийн нэгдсэн буудлага болон хаалтын ёслолын ажиллагаанд Монгол Улсын талаас Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Ц.Төрмөнх тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцлоо.

Хаалтын ёслолын ажиллагааг “Талын түнш-2026” хээрийн сургуулийн Монгол талын удирдагч бригадын генерал Ц.Буяндэлгэр, БНХАУ-ын талын удирдагч хошууч генерал Ү Юүн Жюнь нар илтгэлээр эхлүүлж, үргэлжлүүлэн хоёр талын хүндэт зочид энэхүү сургуулийн онцлог, ач холбогдол болон үр дүнгийн талаар үг хэлсэн юм.

Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба хэлсэн үгэндээ “Уг сургууль нь хоёр орны харилцааг хөгжүүлж, цэргийн итгэлцлийг нэмэгдүүлэн, талуудын харилцан ашигтай, бодит хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын гадаад бодлогын мөн чанар, түүний илэрхийллийг бүс нутаг, олон улсын тавцанд бататгаж байна. Энэхүү арга хэмжээ нь Монгол, Хятадын найрамдалт харилцааны түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээсэн бодит алхам боллоо” хэмээн тодотголоо.

Хаалтын ёслолын ажиллагааны төгсгөлд хээрийн сургуульд амжилттай оролцож, өгөгдсөн үүргийг өндөр түвшинд гүйцэтгэсэн хоёр орны цэргийн алба хаагчдад Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон БНХАУ-ын Батлан хамгаалах яамны шагналыг гардууллаа.

Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд
Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгийн өнөөдрийн /2026.06.08/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.


Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барилаа.
Ерөнхий сайд “Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хууль бол Засгийн газрын “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”, “Чөлөөлье” бодлогыг амилуулж биежүүлэх хууль” гэдгийг онцлов.
Засгийн газраас Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл, түүнийг дагалдуулан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад холбогдох хуулийн төслийг боловсрууллаа.

Монгол Улсад бизнес эрхлэхтэй холбоотой харилцааг шууд болон шууд бус хэлбэрээр зохицуулсан 360 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч бизнесийн үйл ажиллагааны явцад төр болон бизнес эрхлэгчдийн хооронд баримтлах зарчмууд тухайлбал, хуулиар хориглосноос бусад тохиолдолд бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, бизнесийн тогтвортой байдлыг хангах, төр, хувийн аж ахуй нэгжүүдтэй өрсөлдөхгүй байх, төрийн оролцоог бууруулах зэрэг суурь зарчмуудыг тусгасан нэгдсэн хууль байхгүй байна.
Энэ төсөл нь хууль зүйн тодорхой байдал, төрийн хариуцлагыг нэмэгдүүлж, захиргааны дарамт багасах, төрийн үйлчилгээний чанар сайжрах нөхцөлийг бүрдүүлж, бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн өсөлт, ажлын байр нэмэгдэхэд дэмжлэг үзүүлнэ.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулж буй гол өөрчлөлтүүд нь хөрөнгө оруулагчдаас төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хүлээн авч, судалж, гомдлыг барагдуулах талаар нэгдсэн тогтолцоог бий болгосон байна.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад салбарын хуулиудад оруулсан гол өөрчлөлт нь зөвшөөрлийн тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлэх, эрсдэл багатай зарим үйл ажиллагааг зөвшөөрөл авах бус мэдэгдлийн үндсэн дээр эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, зөвшөөрөл олгох, сунгах ажиллагааг хялбаршуулах, бизнес эрхлэгчид тавигдах зарим давхардсан болон хүндрэлтэй шаардлагыг бууруулах чиглэлээр зохицуулалт тусгагджээ.

-
Шударга мэдээ2021/12/01
Уртасгасан цагийн болон богино эргэлтийн автобус иргэдэд үйлчилж байна
-
Цаг үе2021/04/02
Хотын стандартын удирдамж, арга зүйн баримт бичгийг 61 сэдвийн хүрээнд боловсруу...
-
Цаг үе2021/02/04
Өнөөдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
-
Цаг үе2022/05/06
Нийслэлчүүд бидэнд ногоон байгууламж Ус агаар мэт хэрэгтэй байна
