Улстөр нийгэм
Шадивлангийн зуслангийн 12 байршилд орц гарц чөлөөлөх ажлыг зохион байгууллаа
Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Ногоон бүсийн зусланд газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай “ А/454 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан.Тэгвэл /2020.06.13/ Зуслангийн бүсэд Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Шадивлан орчмын зуслангийн бүсэд ажиллав. 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор зуслангийн 26 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан. Зуслангийн бүс нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 23872,2 га газар нутгийг хамардаг бөгөөд нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийт 12334 айл өрх, аж ахуйн нэгж газар эзэмшиж, ашиглаж байна. Одоогийн байдлаар зуслангийн 4 амны ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх зургийн даалгаварыг батлуулаад байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргал “2020 он гарсаар нийслэлийн нутаг дэвсгэрийн ногоон бүсэд өнжмөл өвсний түймэр 273 удаа гараад байна. Тиймээс Нийслэлийн нутаг дэвсгэрт оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зуслангийн бүсэд иргэд чөлөөтэй нэвтэрч амарч зугаалах орчин нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, ой хээрийн түймэр болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, яаралтай тусламжийн автомашин чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Ногоон бүсийн зусланд газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/454 дүгээр захирамж батлагдсан. Тус ажлын хүрээнд нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компани, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран 26 зуслангийн аманд үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ ажил иргэдийн дэмжлэгтэйгээр хамтран ажиллаж үр дүнд хүрэх учиртай.Эхнээсээ иргэд орц гарц нээх асуудлыг дэмжиж байгаа учраас энэ ажил үр дүнтэй болж Шадивлангийн 12 байршилд орц гарцыг амжилттай нээгээд байна” гэв.
Шадивлан зуслангийн тухайд 896.9 га талбайг эзэлдэг бөгөөд 176 өрхийн 528 хүн амтай. Судалгаагаар Шадивлан зуслангийн аманд илүү талбай хашаалсан, ойн сан руу орж хашаалсан 687 зөрчлийг илрүүлээд байгаа бөгөөд ойн сан руу орох орц гарцыг 12 байршилд нээхээр байршлыг тодорхойлсон. Тиймээс Шадивлан зуслангаас эхлэж байна. Ажлын хэсэгт нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран орц гарц чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна. Нийт 65 албан хаагчид оролцож байна. Цаашдаа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан зуслангийн 26 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөө баримтлан дүүргүүд газар олголт хийх, кадастрын зургийн дагуу хашаа бариулах, орц гарц гаргаж газар зохион байгуулалтыг хийх, зөрчлийг арилгуулах арга хэмжээг авах шаардлагатай байна.
Улстөр нийгэм
Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна
2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.
Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.
Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .
Цэцэрлэгийн бүртгэл
- 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
Нэгдүгээр ангийн элсэлт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
- Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.
Их, дээд сургуулийн хичээл
- 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
- 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.
Оюутны дотуур байр
- 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Улстөр нийгэм
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Улстөр нийгэм
Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.
Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:
- Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
- Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
- Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
- Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
- Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
- Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.
Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.
Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.
-
Улстөр нийгэм2023/04/20
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Цаг үе2022/06/15
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
-
Шударга мэдээ2020/02/28
БНСУ-д оршин суугаа иргэдийн визийн талаар
-
Шударга мэдээ2026/04/30
Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, экспортын асуудлыг хэлэлцл...
