Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Зээлийн хүү бууруулах асуудлаар банкуудын удирдлагуудтай уулзаж ярилцлаа

Огноо:

,

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж, банкны зээлийн хүүг бууруулах, экспорт, үйлдвэрлэлийг дэмжих зээлийг нэмэгдүүлэх, банк санхүүгийн салбарт реформ хийх зэрэг асуудлаар санал солилцлоо.

Уулзалтад Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир, Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээ, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч, ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогч Р.Мөнхтуяа, Голомт банкны ерөнхийлөгч Г.Ганболд, Тээвэр хөгжлийн банкны гүйцэтгэх захирал М.Отгонбаяр нарын зэрэг хүмүүс оролцлоо.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахлын улмаас манай эдийн засаг амаргүй нөхцөлд байна. Сонгуулийн үеэр болон сонгуулийн дараа иргэдтэй уулзаж явахад хөндөж буй асуудлуудын эхэнд банкны зээлийн хүүг бууруулах тухай асуудал байна.

Бид ирэх жилүүдэд өр төлнө. Өрөө төлөхийн тулд төлбөрийн баланс сайжрах ёстой. Төлбөрийн баланс сайжрах нөхцөл нь экспортын хэмжээ, үйлдвэрлэгчдийн орлого нэмэгдэх явдал юм. Гэтэл ийм боломж тэр бүр бүрдэхгүй байна.

Манай банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү жилийн 16 хувь байгаа. Гэтэл шинээр үйлдвэрлэл эрхэлж байгаа бизнесийнхэн эхний 5 жилдээ 5 хувиас дээш ашигтай ажиллах ямар ч боломжгүй байна. Үйлдвэрлэл хумигдаж, эдийн засаг агшиж байна. Тиймээс зээлийн хүүг бууруулах, экспортын болон жижиг дунд үйлдвэрлэлийг хүүгийн татаас, зээлийн шугамаар дэмжих шаардлагатай боллоо.

Бидэнд боломж бололцоо бий. Гэтэл түүнийгээ ашиглаж чадахгүй, нийтийн эрх ашгийн төлөө нэгдэж ажиллахгүй байна. Хэд хоногийн өмнө би өмнийн говийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа. Ядаж 4 жилийн өмнө ашиглалтад оруулчихгүй яав даа гэж харамссан. Зөвхөн өнгөрсөн 4 жилд л гэхэд бид эндээс олж болох 5.0 тэрбум ам.долларын орлогоо алджээ. Одоо ингэж боломжоо үгүй хийж суумгүй байна.

Банкуудын нэр хүнд олон нийтийн дунд муу байгаа, нуугаад яахав. Манай банк санхүүгийн тогтолцоонд арилжаа, мөнгө хүүлэлтийг дэмжсэн орчин бий болчихжээ. Тиймээс үүнээс татгалзаж, санхүүгийн зуучлалын үндсэн үйл ажиллагаагаа эрхлэх эрх зүйн шинэ орчин, салбарын реформ хийх нь хойшлуулшгүй зорилт боллоо. Ингэж байж бид банкуудынхаа унасан нэр хүндийг сэргээж, итгэлцлийг бэхжүүлнэ.

Удахгүй УИХ-ын ээлжит бус чуулган чуулна. Энэ чуулганаар мөнгөний бодлого, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тодотгол, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэнэ. Тиймээс зээлийн хүүг бууруулах замаар эдийн засгаа дэмжих, “Монгол экспорт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг асуудлаар та бүхний бодол, саналыг сонсож, ярилцахаар энэ уулзалтыг зохион байгуулж байна гэлээ.

Эдгээр асуудлуудтай холбогдуулан банкны удирдлагууд саналаа илэрхийлэв. Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээ “Зээлийн хүүг бууруулах нь бидний ч сонирхол мөн. Эрсдэл багасна. Зээлийн хэмжээ, хүртээмж нэмэгдэнэ. 8 хувийн ипотекийн зээлийн эргэн төлөлт маш сайн байхад 16 хувийн хүүтэй арилжааны зээлд л асуудал үүсдэг. Харамсалтай нь олон хүчин зүйлээс болоод хүү олигтой буурахгүй байна. Тиймээс юуны өмнө асуудал юундаа байгааг, алийг нь яаж, хэрхэн шийдвэрлэх нь зохистой болох талаар маш сайн судалгаа, шинжилгээ хийх ёстой. Үүндээ үндэслэж, зөв оновчтой, зоримог үйл ажиллагаа өрнүүлэх нь чухал боллоо. Тухайлбал, УИХ-аас банк, санхүүгийн салбарын үйл ажиллагаатай холбоотой хууль, эрх зүйн орчныг шинэчлэх зайлшгүй шаардлагатай” гэлээ.  Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч актив удирдлагын компани байгуулах, төрөөс банкуудаа бодлогоор дэмжих, үр ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх, Хөгжлийн банктай арилжааны банкуудыг хамтарч ажиллуулах,  ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогч Р.Мөнхтуяа томоохон төсөл, үйлдвэрлэлийг дэмжих хамтын зээлийн хэлбэрийг ашиглах, тухайн төслийг барьцаалж зээл олгох, Монголбанкнаас зээлийн хүүг тогтворжуулах бодлого гаргаж хэрэгжүүлэх, Тээвэр хөгжлийн банкны гүйцэтгэх захирал М.Отгонбаяр чанаргүй активыг бууруулахад чиглэсэн багц хуулийн төслүүдийг ойрын үед батлан гаргах, банкууд үйл ажиллагааны зардлаа бууруулахын тулд олон төрлийн АТМ, POS төхөөрөмжүүдээс татгалзаж, нэгдсэн нэг төхөөрөмжтэй болох, Монголбанкны заавал байлгах нөөцийн хэмжээг буулгах зэрэг саналуудыг хэллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын төгсгөлд “Ээлжит бус чуулганаар зээлийн хүү бууруулах стратегийг тодорхойлсон УИХ-ын тогтоол баталъя. Энэхүү тогтоолд чанаргүй активыг бууруулах, эрх зүйн шинэчлэл хийх, эх үүсвэрийн хүүг бууруулах, Хөгжлийн банктай хамтарч ажиллах болон бусад асуудлаар Та бүхэн 8-р сарын 10 гэхэд саналаа өгөх хэрэгтэй байна. Банкуудын холбоо, арилжааны банкууд УИХ-д шинээр байгуулагдсан Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо болон бусад байнгын хороод, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан нараар ахлуулан байгуулсан төсөв, санхүү, банкны шинэчлэлийн асуудлаар дүгнэлт гаргах ажлын хэсгүүдтэй хамтарч ажиллах, өөр өөрийн биш, нийтийн эрх ашгийн төлөө нэгдэж ажиллах нь чухал байна” гэв. УИХ-ын даргын энэхүү саналыг банкуудын удирдлагууд дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох