Улстөр нийгэм
УИХ-ын дарга Г.Занданшатар Улсын Бага Хурлын гишүүдийг хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүлэв
Одоогоос 30 жилийн тэртээ 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулснаар Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламентын намтрын хуудас эхэлсэн түүхтэй.
Энэ түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан хүмүүсийг өнөөдөр (2020.09.14) хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлэв. Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж, Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж батлалцах түүхэн үйл хэрэгт хувь нэмрээ оруулсан Улсын Бага Хурлын 20 гаруй гишүүн уулзалтад хүрэлцэн ирсэн юм.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтад хүрэлцэн ирсэн Улсын Бага Хурлын гишүүдэд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлээд “Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой энэ жил тохиож байна. Улс орны цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээг ирэх 11 дүгээр сард тэмдэглэхээр төлөвлөж байна. Улмаар ирэх жил болох Ардын хувьсгалын 100 жилийн ой хүртэлх нэг жилийн хугацаанд энэхүү ойн хүрээнд парламентын засаглал, Үндсэн хуулиа сурталчлах, иргэд олон нийт, өсвөр залуу үеийнхэнд парламентын боловсрол олгох ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулахаар Улсын Их Хурлын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна.

Байнгын ажиллагаатай парламентын үүсэл хөгжлийн түүх, төлөвшил төгөлдөржилт, парламентын засаглалын ач холбогдол, түүнийг улам боловсронгуй болгох арга замын талаар ирэх 11 дүгээр сард эрдэм шинжилгээний бага хурал, Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулахаар төлөвлөсөн. Мөн Үндсэн хуулиа сурталчлах ажлыг өргөн хүрээнд өрнүүлэхээр өчигдрөөс эхлэн Монголын үндэсний олон нийтийн телевизээр тусгай нэвтрүүлэг бэлтгэж олон нийтэд хүргэж эхлээд байна.
Түүнчлэн ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад парламентын боловсрол олгох сургалтын агуулгыг боловсруулж бэлтгэх, цахим засаглал, Е-парламентыг хөгжүүлж хууль тогтоох үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах зэргээр парламентын засаглалын ач холбогдлыг таниулж сурталчлах, олон түмний засаглах эрхийг хангахад чиглэсэн олон ажил, арга хэмжээг хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ бүхэнд Улсын Бага Хурлын болон үе үеийн Улсын Их Хурлын гишүүдийн идэвх оролцоо, үнэтэй сургамж зөвлөгөө, бүтээлч санаачилга чухал байна” гэдгийг онцлов.
Энэ удаагийн уулзалт нь Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд болж буй арга хэмжээний нэг юм гэдгийг Улсын Их Хурлын дарга дурдаад тэдний санал бодлыг сонссон юм.

Уулзалтад оролцогчдыг төлөөлж Улсын Бага Хурлын дарга, Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Р.Гончигдорж, Улсын Бага Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга, Үндсэн хуулийн цэцийн дарга, Хүний эрхийн үндэсний комиссын дарга асан Монгол Улсын гавьяат хуульч Ж.Бямбадорж, Улсын Бага Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дарга асан Монгол Улсын гавьат эдийн засагч Д.Дэмбэрэл, Улсын Бага Хурлын гишүүн, Улсын Их Хурлын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн дарга асан Монгол Улсын гавьяат хуульч Н.Жанцан, Улсын Бага Хурлын гишүүн асан Монгол Улсын гавьяат эдийн засагч Н.Сампилноров нар ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээ, Улсын Их Хурлын цаашдын үйл ажиллагааны талаар санал бодлоо хэлэв.

ТОДРУУЛГА: Монгол орон ардчилалд шилжих үндсэн тохиролцоог 1990 оны 5 дугаар сард баталсан олон намуудын зөвшилцлийн Протокол хэмээх улс төрийн баримт бичгээр анхлан бэхжүүлж, улмаар Ардын Их Хурлаас баталсан “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль” нэртэй шилжилтийн хуулиар тунхагласан билээ. Энэ үндсэн дээр БНМАУ-ын Ардын Их Хурлыг анх удаа олон намын оролцоотой, нэг тойрогт олон нэр дэвшигч бүхий чөлөөт сонгуулиар шинэчлэн сонгохын хамт Үндсэн хуулийн дагуу бүртгэгдсэн намуудын нэрээр ард нийтийн санал хураалт явуулж, анхны байнгын ажиллагаатай парламентыг ардчилсан зарчмаар байгуулах улс төр, эрх зүйн урьдач нөхцөлийг бүрдүүлжээ.
Улсын Бага Хурал нь бүрэлдэхүүний хувьд дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, 50 гишүүнээс бүрдэж байв. Улсын Бага Хурлын удирдлага буюу дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга нь намын суудалгүй, Ардын Их Хурлаас шууд нэр дэвшүүлэн сонгожээ. Харин 50 гишүүний тухайд Ардын Их Хурлын сонгуулиар сонгогчдын 5, түүнээс дээш хувийн санал авсан намд Бага Хурлын гишүүний мандат буюу суудлыг хувь тэнцүүлэн (5 хувийн саналд 1 суудал) хуваарилж, намууд сонгуулиар авсан мандатынхаа тоогоор нэр дэвшүүлэн Ардын Их Хурлаас сонгожээ.
Улсын Бага Хурал нь хоёр жил хүрэхгүй хугацаанд ажиллахдаа шинэ нийгмийн харилцааны эрх зүйн үндсийг тогтоон олон хууль, тогтоол, олон улсын гэрээ, конвенцыг баталж, Ардын Их Хурлаас даалгасны дагуу Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйлсийн зарчмуудад тулгуурлан боловсруулж, өргөн барьсныг Ардын Их Хурлын депутатууд нойр хоолоо умартан 76 хоног өдөр, шөнийг үл харгалзан хэлэлцэж, оюун бодлоо уралдуулан мэтгэлцэн, шүүн тунгааж 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр баталснаар Монгол Улс ардчиллын замаар эргэлтгүй замнасан, парламентын засаглалтай Бүгд Найрамдах Улс болсон түүхтэй.
Улстөр нийгэм
Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ
Тэрбээр, улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг сахин хамгаалж, төсвийн орлогын зохих хэсгийг бүрдүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсаар ирсэн гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч, бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.
Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.доллар болсонд гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдын хувь нэмэр их байсныг тэмдэглэв.
Гаалийн байгууллага үндэсний аюулгүй байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнд суртлыг бууруулах, авлигаас ангид байх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх зэрэгт анхаарч байгааг Ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран хэллээ. Энэ оны эхний 10 сарын байдлаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.
Мөн хугацаанд 9 төрлийн 7,8 кг болон 1,2 л мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэх, 15 гр алт, монетон эдлэлд гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх үйлдлийг илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг зөвхөн хуульд захирагдах, шударга, ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад түргэн шуурхай, тэгш үйлчилгээ үзүүлэхэд онцгой анхаарахыг захиж, амжилт хүсэв.
Улстөр нийгэм
Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж байна
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж буй. Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллалаа.
Тус замын зорчих хэсгийн өргөн долоон метр, хоёр эгнээтэй байх бөгөөд нэг талдаа явган хүний замтай байна. Энэхүү замыг 2015 онд анх барьсан. 2019 онд засаж сайжруулсан боловч айлууд орц, гарцаа гаргахдаа хоолой тавиагүйгээс шалтгаалан уулын ус зам руу урсаж, ихээр тогтсоноос үүдэн эвдэрчээ.

Энэхүү замыг нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр шинэчилж байгаа бөгөөд засварын ажлын гүйцэтгэгчээр “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллаж буй. Замыг шинэчилснээр Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх автозамын хөдөлгөөний нөхцөл сайжирна. Түүнчлэн явган зорчигчийн аюулгүй байдал хангагдана. Мөн амралтын бүс рүү чиглэсэн зорчилтын хүртээмж нэмэгдэнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “2026 онд нийслэлд 111 км замыг шинээр тавьж, 31 км автозамын засвар, арчлалтыг хийсэн. Зуслангийн хөдөлгөөн багассан энэ үед зуслан орчмын замын засварын ажлуудыг хийж байна. Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамын зорчих хэсгийг 11 дүгээр сарын 10 гэхэд нээнэ. 2027 онд нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор торлог зам буюу холбоос замуудыг олноор байгуулна. Тухайлбал, Яармаг, Сэлбэ ухаалаг хот, Зуун айл орчимд торлог замуудыг олноор байгуулж, замын ачааллыг бууруулна. Мөн олон түвшний уулзваруудыг төлөвлөж байна” гэлээ.


Улстөр нийгэм
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






-
Улстөр нийгэм2023/09/11
Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
-
Улстөр нийгэм2020/12/31
Цар тахлын нөхцөл байдалд банк, санхүүгийн салбарын төлбөр тооцооны хэвийн үйл а...
-
Улстөр нийгэм2021/05/20
“Төрийн их өгөгдлийг бодлогын шийдвэрт ашиглах нь” төслийн танилцуул...
-
Улстөр нийгэм2025/09/05
Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр х...
