Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Б.Жавхлан: Төрийн өмчит компаниудын үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана

Огноо:

,

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Г.Амартүвшин, Г.Дамдинням, Д.Өнөрболор, Б.Энхбаяр нар 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн явцтай танилцлаа.

Тус компани 2007 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан.

“Эрдэнэс Монгол” ХХК нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүд болон тэдгээртэй хамаарал бүхий дэд бүтцийн бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн төрд ногдох хувь, төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж, тэдгээрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь өргөтгөж ашигт ажиллагааг сайжруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө босгох, нэмүү өртөг бий болгох боловсруулах үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, компаниудын үйл ажиллагаанд Засгийн газрын бодлогыг уялдуулах зэргээр нэгдсэн стратеги, удирдлагаар хангахад анхаарч ажиллаж иржээ.

Өнөөдрийн байдлаар компани нь “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК, “Багануур”” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК-иудын 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшиж байна. Мөн “Оюу толгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийг өөрийн охин компаниар дамжуулан эзэмшиж,  Тавантолгой -Гашуунсухайт чиглэлийн авто замын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр байгуулан ажиллуулж байна. 

  

Тус компани цаашид байгалийн нөөцийг үр ашигтай удирдах замаар улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд жинтэй хувь нэмэр оруулахуйц үндэсний тэргүүлэгч компани төдийгүй үйл ажиллагаандаа олон улсын стандартыг нэвтрүүлсэн, компанийн өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нэмэгдүүлсэн, олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн компани болох бизнесийн зорилгоо бүрэн дүүрэн биелүүлэхээр зорьж байна гэдгийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү танилцуулж, төсөл хөтөлбөрүүдийн талаар гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, “Засгийн газраас Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон бусад холбогдох хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд энэ удаагийн парламент анхны төсвийн хуулийг хэлэлцэн болж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийн хүрээнд зарлага болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр улам чанаржуулж, алдагдлыг бууруулж, үр ашигтай болгоход анхаарч бүтээлчээр хэлэлцэн батлах учиртай. Иймд байнгын хорооны гишүүд төрийн өмчит компаниудын үйл ажиллагаатай танилцаж, төсөвт оруулж буй үр ашгийн талаар мэдээлэл авах, төсвийн хуулийн төсөл дээр хамтарч ажиллаж, санал солилцох уулзалтуудыг хийж байна. Өнгөрөгч долоо хоногт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ажиллалаа” хэмээн хэлэв.

“Эрдэнэс Монгол” компани Байгалийн хийн хоолойн төслийг хэрэгжүүлэхээр болжээ.  Уг хоолойг төмөр замын дагуу байгуулахаар тогтсон байна. Ингэснээр төслийн нийт өртөг буурахын зэрэгцээ хийн хоолойн хүчин чадал жилд 50 тэрбум шоо метр болж нэмэгджээ. Хийн хоолой нь манай улсын дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлж, агаарын бохирдлыг бууруулахын зэрэгцээ бүс нутгийн эрчим хүчний интеграцад чухал байр суурь эзэлнэ. Умард хөршийн эрчим хүчний мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хийн хоолойн дорнод маршрутын хөгжил нь Хятад болон Азийн бусад орон “Газпром”-ын урт хугацааны хэрэглэгч болох учир ойрын 10 жилд байгалийн хийн ашиглалт эрс нэмэгдэнэ гэж тооцож буй аж.

Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил эрчимтэй өрнөж байна

Өнгөрсөн долоо хоногт ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаснаар эдийн засгийн өсөлтийг хангах стратегийн мега төслүүдийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж, ашиглалт үр өгөөжийг дээшлүүлэхэд анхаарахаар болсон. Сүүлийн хоёр жилд Засгийн газраас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэдэлд тодорхой лиценз, компаниудын хувьцааг эзэмшүүлэх замаар бодит хөрөнгөтэй болгож, тодорхой төслүүдээ хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал, сүүлийн 30 жилд хөрөнгө оруулагчдыг татах оролдлого хийж байсан Асгатын мөнгөний ордыг 2019 оны долдугаар сард “Эрдэнэс Монгол”-ын мэдэлд шилжүүлсэн. Ингэснээр малталт хийж байсан босоо амуудыг нээж үйлдвэрлэлийн дээж 20 тонныг авсан бөгөөд одоогоор ТЭЗҮ-гээ шинэчлэх зэрэг бусад ажлууд эрчимтэй хийгдэж буй. Мөн энэ оны эхээр зургаа хүртэлх сая төгрөгийн тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг тэглэсэнтэй холбоотойгоор Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил эрчимтэй, бас цаг хугацааны хувьд шахуу өрнөж буй аж. Уг ажлыг “Эрдэнэс Силвер Ресурс” компани хариуцаж, ирэх оны тавдугаар сард тэтгэврийн зээлгүй 200 орчим мянган ахмадад зориулсан “Эрдэнэс бонд”-ын санхүүжилтийг олгохоор зорьж байна. “Улс орны хөгжилд хамгийн бодитой хувь нэмэр оруулсан ахмадууддаа байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударга зарчмаар хүртээж буй төрийн бодлогын илрэл нь “Салхитын мөнгөний орд” хэмээн компанийн удирдлага онцолсон.

Хэдийгээр дэлхий нийтэд цар тахал дэгдэж, хөл хорионы улмаас хөрөнгө оруулагчидтай хийх бодит уулзалт, олон улсын арга хэмжээ хязгаарлагдаад буй ч энэ хугацаанд “Эрдэнэс метан” компанийн хэрэгжүүлж буй Тавантолгойн бүлэг ордын нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажил урагштай явж буй аж. Өнгөрсөн оны тавдугаар сард Австралийн “Жейд метан” компанитай “Нүүрсний давхаргын метан хийн эрэл, хайгуулын хөрөнгө оруулалт”-ын гэрээ байгуулснаас хойш Тавантолгойн бүлэг ордын Бортээгийн хэсэгт эрлийн ажлууд гүйцэтгэж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд тайлангаа илгээжээ. Одоо нарийвчилсан хайгуул хийхээр бэлтгэл хангаж байгаа юм байна.

Багануур, Шивээ-Овоо төсвөөс татаас авахаа больжээ

Дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг нийлүүлдэг Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн техникийн шинэчлэл шувтрах шатандаа оржээ. 2013 оноос хойш тус хоёр уурхайн төрийн мэдлийн хувийг “Эрдэнэс Монгол” ХХК-д хариуцуулснаас уурхайн найдвартай, хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангах зорилгоор Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (JBIC)-ны экспортын зээлийн шугамын санхүүжилтийг ашиглан 18.3 сая ам.долларын үнийн дүн бүхий 20 ширхэг техник худалдан эхний шатны шинэчлэлүүдийг хийгээд дуусжээ. Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн техник тоног төхөөрөмжийн 60-70 хувийнх нь насжилт хэтэрсэн бөгөөд эдгээрийг үе шаттай шийдвэрлэхэд толгой компанийн зүгээс жил бүр 3-4 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр зарцуулж, улсын төсөвт учруулдаг дарамтыг шийдвэрлэснээ гүйцэтгэх захирал П.Ганхүү тайлбарлалаа. Уг зээл нь хүү багатай бөгөөд Японы технологи, тоног төхөөрөмжийг ашиглах, цаашид JBIC-тэй хамтран Хөрөнгө оруулалтын сан байгуулах замаар Эрдэнэс Монголын охин, хараат компаниудын төслүүдэд хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх юм. Цаашид хоёр уурхайн үйл ажиллагаа хэвийн найдвартай үргэлжлэх боломж бүрдсэн гэдгийг хурлын үеэр онцоллоо. Тус хоёр уурхайд 1998 онд Монгол нүүрс төслийн хүрээнд Дэлхийн банк болон Япон улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр техник технологийн шинэчлэл хийж байжээ. Ийнхүү 22 жилийн дараа техникийн томоохон шинэчлэл хийж байгаа нь энэ юм байна.

Стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлнэ гэлээ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгдлийн хэмжээнд 2022 хүн ажилладаг. Толгой компанийн хүний нөөцийн 25 орчим хувь нь гадаадын их дээд сургууль төгссөн, олон улсын түвшний мэргэжилтнүүд ажилладаг нь үе үеийн захирлуудын бий болгосон хүний нөөцийн чадавх юм. Тус нэгдэл одоогоор 10 охин компани, хоёр төслийн нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Компанийн мэдэлд байдаг стратегийн 16 ордоос өдгөө Оюутолгой, Тавантолгой, Багануур, Шивээ-Овоо, Асгат, Салхит гэсэн зургаан орд л эргэлтэд ороод буй.

Нөгөөтээгүүр, олон улсад Монгол Улсыг төлөөлөн, бизнесийн том төслүүдийг хөдөлгөж, улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилготой байгууллагын хувьд Засгийн газрын дэмжлэггүйгээр үйл ажиллагаа урагшлахгүй. Тиймээс ч сүүлийн хоёр жилд Асгат болон Салхитын мөнгөний орд, Мон Атом, Багануурын 400 орчим сая тоннын нүүрсний ордын тусгай зөвшөөрөл, тодорхой алтны ордуудыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэдэлд шилжүүлж, компанийг бодит хөрөнгөтэй болгосон юм.

Эдгээр хөрөнгийг зөв удирдаж, олон улсад үлгэр жишээ манлайлах шийдэл нь Баялгийн сан байгуулах явдал. “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Монгол Улс баялгийн сантай байна гэж тусгасан. Ирээдүйн өв сан болон Төсвийн тогтворжуулалтын сангаас ялгаатай нь хөгжлийн сан байхаар яригдаж байгаа юм. Норвегийн баялгийн сангийн орлого газрын тосны гол компанийн ордуудын төвлөрүүлэх орлого, ногдол ашигорлогод тулгуурлан бүрддэг. Үүн шиг баялгийн сангийн гол эх үүсвэр нь томоохон орд газрын ногдол ашиг байх юм” хэмээн П.Ганхүү захирал ярив.

Баялгийн сангийн удирдлагыг оновчтой авч явах, компанийн засаглалыг сайжруулах, дотоод гадаад эх үүсвэрээс хөрөнгө босгох бэлтгэл ажлыг тус компани хангаж буй аж. Энэ хүрээнд Австралийн олон улсад данстай BDO аудитын компаниар бизнесийн үнэлгээгээ шинэчлүүлж, нийт 15.7 их наяд төгрөгийн үнэлгээтэй гэж тогтоолгоод байгаа юм байна.

Төрийн өмчит компаниудын үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүдийг өнгөрөгч долоо хоногт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар ажиллах үеэр хэд хэдэн анхаарал татахуйц асуудал гарчээ. Тодруулбал, манай улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниуд бүгд нийлээд ойролцоогоор 32 их наяд төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй боловч төсөвт тушаах орлого энэ жил 150 тэрбум төгрөг, ирэх онд 180 тэрбум төгрөг байна гэж төлөвлөжээ. Үүнээс харвал 0.4-0.6 хувийн өгөөжтэй ажилладаг байна. Улсын төсвөөс даруй 2-3 дахин их, ДНБ-ий 80 орчим хувьтай тэнцэхүйц том эдийн засгийг УИХ баталж, хянахгүй явж болохгүй. Иймд 2021 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэхдээ төрийн өмчит компаниудын үр өгөөжийг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллах шаардлагатай байгааг Байнгын хорооны дарга Б.Жавхлан хэлсэн юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох