Шударга мэдээ
Б.Агваанцэрэн: Банканд дугаарлах цаг заваа хэмнээд бас урамшуулал авах боломж олгож байгаа
Төрийн банк хэрэглээний төлбөрөө цахимаар төлж буй харилцагчдадаа урамшуулал олгоно гэсэн мэдээллийн дагуу Төрийн банкны Сурталчилгаа, идэвхжүүлэлт албаны захирал Б.Агваанцэрэнгээс дараах асуулт тайлбарыг авлаа.
- Нийгмийн сүлжээнд Төрийн банкийг дараалал ихтэй гэсэн шүүмж их гарч байгаа харагддаг. Төрийн банканд яагаад дараалал ихтэй байдаг талаарх асуултаас яриагаа эхэлье?
- Төрийн банкны хувьд Монгол Улсын өнцөг булан бүрт байрлах 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан 2.1 сая харилцагчдадаа банк санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Одоогийн байдлаар Монгол Улсад 12 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байгаагаас Төрөөс иргэдэд олгож буй халамжийн үйлчилгээний 85 орчим хувь, тэтгэврийн тэн хагасыг Төрийн банк дангаараа олгодог. Дээр нь нэмээд хэрэглээний төлбөрийн 90 орчим хувийг манай банк дамжуулан гүйцэтгэдэг. Дээрх үйлчилгээг банканд ирэлгүй цахимаар авах боломжийг Төрийн банк бүрдүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа хэдий ч банканд ирж дугаарлан зогсож үйлчилгээ авдаг харилцагчид цөөнгүй байна. Жишээлбэл, сар бүрийн 10-25-ны өдрүүдэд байр, цахилгаан, СӨХ, контор, IPTV, гар утас гэх мэт хэрэглээний төлбөрөө төлөх иргэд, харилцагчид банканд дараалал үүсгэдэг.
- Ер нь Төрийн банкны дараалалд зогсож буй иргэдийн хэдэн хувь нь халамж, тэтгэврээ авахаар, хэдэн хувь нь хэрэглээний төлбөрөө төлөхөөр ирдэг вэ?
- Товчоор хэлэхэд Төрийн банканд дараалалд зогсож байгаа 10 хүний 3 нь халамжийн мөнгөө авах, 2 нь байрны мөнгөө төлөх, 2 нь тэтгэврээ авах, үлдсэн 3 нь бусад үйлчилгээ авах дараалалд зогсож байна.
- Банкны дарааллаа бууруулах зорилгоор Төрийн банкнаас авч буй арга хэмжээний талаар мэдээлэл өгнө үү?
- Төрийн банкнаас нийт тэтгэвэр авагчдадаа тэтгэврийн картаа үнэгүй захиалан авах боломжийг олгож байгаа бөгөөд цалинтай ээж, хүүхдийн мөнгө, одонгийн мөнгө, асаргааны мөнгө гэх мэт халамжийн үйлчилгээгээ картаараа авч, цахим банкаа ашиглан удирдаж зарцуулах боломжтой. Мөн байрны мөнгө болон бүх төрлийн хэрэглээний төлбөрөө цахимаар төлж, банкны үйлчилгээг онлайнаар авах боломжийг Гялсбанк үйлчилгээгээр бүрдүүлж өгсөн.
- Хэрэглээний төлбөрөө цахимаар төлөхөд НӨАТ-н баримт өгөх үү?
- Өгөлгүй яахав. Хэрэглээний төлбөрөө цахимаар төлөөд бүртгэлтэй цахим шуудангаараа НӨАТ-н баримтаа авах боломжтой.
- Хэрэглээний төлбөрөө цахимаар төлөөд урамшуулал аваарай гэж байсан. Яг ямар урамшуулалтай хөтөлбөр вэ?
- Дэлхий нийтээрээ цахим шилжилт хийж буй өнөө үед өөрсдийн цаг заваа хэмнэн хэрэглээний төлбөрөө цахимаар төлж хэвшиж байна. Гэсэн хэдий ч цахимаар авах боломжтой үйлчилгээг банканд дугаарлан зогсож авах нь дараалал үүсэх гол шалтгаан болж байна.
Тиймээс Төрийн банкнаас БИЛЛИНГ-ийн үйлчилгээг ашиглан хэрэглээний төлбөрөө ухаалгаар төлсөн харилцагчдаа идэвхжүүлэх зорилгоор урамшуулалт хөтөлбөр зарлаж байна. Өөрөөр хэлбэл Банканд дугаарлах цаг заваа хэмнээд бас урамшуулал авах боломж олгож байгаа.
2020.09.15-2020.11.30-ныг дуустал хугацаанд Биллингийн үйлчилгээг ашиглан хоёроос дээш гүйлгээ хийсэн хүн бүр урамшууллын хөтөлбөрт хамрагдан 1,000,000 төгрөгийн эзэн болох ГУРВАН харилцагчийн нэг болох боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийн манай банкны веб сайтаас авах боломжтой. Эцэст нь нийт харилцагчдадаа хандаж хэлэхэд “КОВИД-19” цар тахлын үед цахим банкаа ашиглан салбарт ирэлгүй санхүүгийн үйлчилгээгээ авч өөрийн болоод бусдын эрүүл мэндийг хамгаалахыг уриалж байна.
- Ярилцсан танд баярлалаа
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
