Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Л.Мөнхгэрэл: Ойн далбига мөөгийг хорт хавдар, вирусийн эсрэг үйлчлэлтэй болохыг тогтоосон

Огноо:

,

Монгол орны мөөг, түүний төрөл зүйл, химийн найрлага болон биологийн идэвхийн судалгаа, мөөгний ач тусын талаар ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн, Хүнсний химийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Л.Мөнхгэрэлтэй ярилцлаа.  

-Мөөг гэж чухам юу вэ. Ургамал уу, хүнсний ногоо юу. Ер нь хэдий үеэс эхэлж судалж, хүн төрөлхтөн хүнсэндээ хэрэглэх болсон юм бэ? 

-Мөөг гэхээр хүн бүрт танил, мэддэг зүйл сонсогдож байгаа байх. Гэхдээ энэ бол бүрэн судлагдаж дуусаагүй, хүнс ч, хоол ч болох байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм. Мөөг нь одоогоос ойролцоогоор 1 тэрбум орчим жилийн өмнө эртний архейн галавт үүсч, палеозойн галавын эхнээс органик бодис дээр сапрофит, ургамал амьтан дээр паразит хэлбэрээр тус тус амьдарч байсан болохыг судлаачид тогтоосон байдаг. 1960-аад он хүртэл дэлхийн шинжлэх ухаанд мөөгийг ургамлын аймагт хамруулж доод ургамал гэж үздэг байсан. Харин 1969 онд АНУ-ын эрдэмтэн Роберт Н.Виттакер амьд организмын ангиллын системийг судлан мөөгний хооллох хэлбэр, амьдралын хэлбэр, бүтэц бүрэлдэхүүний онцлогийг харгалзан үзэж анх удаа бие даасан аймаг гэж үзсэн. Бүх амьд организмыг зүйлийн олон янз байдлын эзлэх хувиар нь харьцуулахад мөөгний аймаг нь шавьжийн дараа ордог.

Манай Монголчууд мөөг гэхээр ургамал гэж төсөөлөөд байдаг боловч ургамал ч биш, амьтан ч биш тусдаа аймаг юм. Мөөг, ургамал хоёрын ялгааг авч үзвэл, ургамал нь фотосинтезийн урвалаар органик бодисоос органик бус бодисыг нийлэгжүүлж хооллодог байхад мөөг болон амьтан бэлэн органик бодисоор буюу гетеротроф хооллодог. Тэгэхээр мөөг нь ургамлын үлдэгдэл, амьтны сэг зэмэн дээр амьдарч бэлэн органик бодисоор хооллон амьд биед шимэгчилж амьдардаг гэсэн үг байх нь.

Шинжлэх ухааны талаас нь авч үзвэл мөөгний эсэд хлорофилл байдаггүй учраас органик бус нэгдлээс органик бодисыг нийлэгжүүлдэггүй, бодисын солилцооны дүнд мочевиныг үүсгэдэг, мөөгний эсийн хананд хитин агуулагддаг зэргээрээ амьтантай төстэй байдаг. Мөөгний үржил, хөгжил чийгтэй нөхцөлд илүү явагддагийг бид бүхэн мэднэ. Мөөгийг сүүлийн үед аж үйлдвэр, хөдөө аж ахуйн хаягдал түүхий эд дээр тарьж ургуулж байгаа бөгөөд энэ нь харьцангуй бага талбайгаас жилийн турш өндөр ургац авах боломжтой экологийн цэвэр бүтээгдэхүүн болж байна.

-Манай орны мөөг судлал аль түвшинд явагдаж байна?

-Монгол орны дээд мөөгний зүйлийн бүрдлийн судалгааг 1980-аад оноос эхлүүлсэн.  Академич Д.Бадгаа, академич Д.Рэгдэл, доктор Г.Уранчимэг, доктор Х.Алтанцэцэг нарыг мөөг судлалын анхдагчид гэж хэлж болох юм. Одоогоор дээрх эрдэмтдийн хамтран зүтгэгчид, шавь нар нь уг судалгааны ажлыг үргэлжлүүлэн манай хүрээлэнгээс гадна, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, МУИС болон ХААҮИС-д мөөг судлалын хэд хэдэн судалгааны баг ажиллаж байна. Манай хүрээлэнгийн судлаачдын хувьд Монгол оронд ургадаг малгайт мөөг, модны ур мөөг болон таримал мөөгний хими, фитохими, биологийн идэвхийн харьцуулсан судалгааг хийж тодорхой үр дүнд хүрээд байна. Мөөгөнд микроэлэементүүд их хуримтлагддаг бөгөөд тухайлбал хүний биед зайлшгүй чухал шаардлагатай даралт бууруулах, цус харвалтаас сэргийлэх үйлдэлтэй зүрхний булчингийн хэвийн ажиллагаанд шаардагддаг, мөн эд эсийн дотор усны балансыг тэнцвэржүүлэх болон тархийг хүчилтөрөгчөөр хангахад оролцдог кали, мэдрэлийн болон тархины эд, булчин, элэг, бөөрний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж яс, фермент, даавар үүсэхэд оролцдог биологийн чухал үүрэг бүхий  элементүүд зонхилон агуулагддагийг бид судалгаагаар тогтоосон. Манай орны хувьд мөөг судлалын салбар бусад салбарын судалгааны хөгжилтэй харьцуулахад харьцангуй хоцрогдмол байгаа гэж би хэлнэ. Өнөөдрийн байдлаар ШУА-ийн хүрээлэнгүүд, мэргэжлийн их дээд сургуульд мөөгийг дангаар нь судалдаг биеэ даасан лаборатори, нэгж байдаггүй хавсарга судалгаа маягаар л ажиллаж байна. Хэрвээ манай мөөг судлаачид мөөгний хими, фитохими, биологийн идэвхийн судалгааг хийхээс гадна мөөгний гаралтай эмчилгээ-сувиллын бэлдмэл гарган авах, биологийн өндөр ач холбогдол бүхий мөөгийг нутагшуулан тарималжуулах зэрэг ажлуудыг бусад салбарын судлаачид болон хувийн аж ахуйн нэгжүүдтэй хамтарч хийвэл мөөг судлал манай оронд илүү хурдан хөгжих боломжтой. Энэ чиглэлийн ажил эхлэл шатандаа явагдаж байгаа гэж болно. Жишээлбэл, бид Монголдоо мөөг тариалалтаараа тэргүүлэгч “Мөөжиг Органик” ХХК-ний тариалж, худалдаанд нийлүүлж буй хүнсний мөөгний химийн ерөнхий найрлага, эрдэс бодис, биологийн идэвхийн судалгааг явуулж, хамтран ажиллаж эхлээд байна.

-Та бүхэн Монголд ургаж байгаа байгалийн мөөгнөөс эмчилгээ сувилгаанд хэрэглэж болох эм бэлдмэл, бодис олж илрүүлсэн үү?

-Тиймээ, одоогоор Ойн далбига болон Хээрийн далбига мөөгнөөс биологийн идэвх бүхий 50 гаруй  байгалийн нэгдлийн молекулын бүтэц байгууламжийг таньж тодорхойлоод байна. Мөн биологийн идэвх бүхий полисахаридууд, фермент, хоёрдогч метаболитууд агуулагддагийг илрүүлсэн бөгөөд эдгээр нэгдлүүд дархлалын системийг өвөрмөц бус байдлаар өдөөдөг. Мөөгөнд агуулагддаг β-глюкан полисахарид нь глюкозын шимэгдэлтийг дэмжих, бага молекулт тосны хүчил үүсэхийг дэмжих, шулуун гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг ихэсгэх, цусан дахь холестеролын хэмжээг бууруулдаг. Үүнээс гадна зарим төрлийн хорт хавдартай өвчтөнүүдэд эмийн эмчилгээтэй хослуулан хэрэглэхэд дархлааны системийг сэргээж хавдрын эсийн өсөлтийг зогсоодог зэрэг эмчилгээний онцгой ач холбогдолтой. Манай хүрээлэнгийн мөөг судлалын багийнхан хэд хэдэн зүйл мөөгийг судалсны дотор тарималжуулсан Хясаан мөөгнөөс биологийн өндөр ач холбогдолтой глюкан полисахаридыг ялган авсан. Улмаар цаашид биологийн идэвхийг тогтоож хэрэглэгчдэд хүргэх ажлыг хийх төлөвлөгөөтэй байгаа.

-Мөөгний ерөнхий найрлагын талаар тодруулж асуух нь зүйтэй болов уу. Ер нь хүний эрүүл мэндэд тустай ямар бодисууд агуулагддаг бол?

-Хүний бие организмын дархлалын болон хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сэргээж бодисын солилцооны хэвийн ажиллагааг хангахад дэмжлэг болдог төрөл бүрийн биологийн идэвхт бодис, уураг, нүүрс ус, тос, эрдэс бодис, амин дэмүүд мөөгөнд агуулагддаг учраас хүмүүс мөөгийг хүнс болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэлбэрээр ихээхэн хэрэглэдэг болсон. Шинэхэн мөөгний 10 орчим хувийг хуурай бодис эзэлдэг бөгөөд нийт хуурай бодисын 1-6% тос, 5-15% нь үнс, 20-35% нь уураг, амин дэм 1-15мг-ийг, харин үлдсэн хувийг нь нүүрс ус эзэлдэг. Маханд агуулагдах уургийн хэмжээ 14-21% байдаг бол манай орны зэрлэг Далбига мөөгөнд 32%, тарималжуулсан Хясаан мөөгөнд 26%-ийн уураг тус тус агуулагдаж байгаа нь мөөгөн дэх уургийн хэмжээ махныхаас харьцангуй өндөр байгааг илтгэхийн сацуу мөөг бол байгалийн гаралтай уургийн эх үүсвэр болохыг баталж байгаа юм.

-Та  мөөгний фитохимийн болон биологийн идэвхийн судалгаагаар химийн ухааны докторын зэрэг хамгаалсан юм байна. Докторын судалгааны ажлынхаа талаар яриач?

-Би Ойн далбига (Agaricus silvaticus Schaeff) мөөгний фитохими болон биологийн идэвхийн судалгаагаар 2015 онд Химийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Ойн далбига мөөгийг монголчууд эрт дээр үеэс эхлэн уламжлалт анагаах ухаанд чихрийн шижин өвчин, могойд хатгуулах зэрэгт хэрэглэсээр ирсэн байдаг. Гэсэн хэдий ч өмнө нь энэ мөөгний шинжлэх ухааны судалгааг манай оронд хийгээгүй байсан юм. Бид 2010 оноос БНХАУ-ын Ченгдугийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтарч монгол орны 50 гаруй зүйл ургамал, мөөгний биологийн идэвхийн тандалт судалгааг хийсэн байдаг. Хамтарсан судалгааны дүнд Ойн далбига мөөг нь тэжээллэг бөгөөд холестерол болон өөх тосны хэмжээг бууруулдаг, мутаген, хавдар, вирүсийн эсрэг үйлчлэлтэй интерферон төст идэвх үзүүлдэг болохыг тогтоосон. Бүр тодруулбал, бид энэ мөөгнөөс JAK/STAT уургийн дохио дамжуулалтыг идэвхжүүлдэг интерферон төст идэвхтэй 5α,6α–эпокси-(22E,24R)-эргоста-8(14),22-диен-3β,7α-диол стеролыг ялгаж бүтэц байгууламжийг тогтоосон юм. Тэгээд судалгааны үр дүнд үндэслэн энэхүү мөөгнөөс интерфероныг орлохуйц байгалийн гаралтай эм бэлдмэл үйлдвэрлэх боломж байна гэж дүгнэсэн.

-Сонирхолтой үр дүн гаргажээ. Энэ мөөгний тархалт хэр байдаг вэ?

-Ерөнхийдөө манай оронд элбэг тархсан гэж болно. Энэ мөөг нь ойд ургадаг цагаан мөөг бөгөөд салбан нь шинэ дээрээ ягаан байснаа хөгшрөөд ирэхээр хар хүрэн болдог онцлогтой.

-Мөөгийг буруу аргаар их хэмжээтэй түүж бэлтгэснээс болж түүний нөөц ховордож байгаа талаар яригдах болсон. Тухайлбал олны мэддэг талын цагаан мөөг. Ер нь мөөгийг яаж түүж бэлтгэх талаар зөвлөгөө өгөөч?

-Монголчууд дээр үеэс хүрээний цагаан мөөг буюу талын цагаан мөөгийг л хүнсэндээ хэрэглэдэг байсан. Харин сүүлийн үед ой болон тал хээр ургадаг идэшний олон зүйл мөөгийг хүнсэндээ ихээр хэрэглэх болсон. Гэхдээ аливаа юманд анхаарал болгоомж илүүддэггүй. Хэдийгээр мөөгийг хоол хүнсэндээ өргөнөөр хэрэглэж байгаа нь сайхан зүйл ч гэлээ сайн мэдэхгүй, танихгүй мөөг хэрэглэх нь эрсдэлтэй тул мөөгний мэргэжилтэн, ангилал зүйчээр таньж тодорхойлуулан, зөв түүж бэлтгэн хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. Мөөгийг огтолж, эсвэл мушгиж сугалж түүх гээд хэд хэдэн арга байдаг. Хүрээгээр, бөөндөө ургадаг болон салбант мөөгнүүдийг огтолж түүдэг бол бүдүүн иштэй, гуурст мөөгнүүдийг мушгиж түүдэг. Манай орны мөөг судлаачид ихэвчлэн хүнсний мөөг түүхдээ малгайнаас доош 1 см орчим хутгаар зүсэж аваад, үлдсэн хэсгийг шороогоор хөнгөн дарж үлдээхийг зөвлөдөг.  Үүнээс харахад мөөгийг түүх арга тухайн мөөгний үржил, шинж чанараас бас хамаардаг байх нь л дээ.

-Мөөгийг нутагшуулан тарималжуулдаг аж ахуйн нэгжүүд байдаг гэлээ.  Таримал мөөгний хангалт ер нь хэр байдаг вэ?

-Хэдийгээр бид зундаа идэх мөөгөө байгалиас нөөцөлдөг ч гэлээ өнөө үед мөөг тариалдаг хувь хүмүүс, аж ахуйн нэгжийн шинэхэн мөөгийг жилийн дөрвөн улиралд ч хүнсэндээ хэрэглэх боломж гарч байгаа нь сайшаалтай. Энэ нь эргээд байгалийн мөөгний нөөц хамгаалалтанд эерэг нөлөө үзүүлнэ. Манай орны хувьд хэрэглээнийхээ мөөгний 70 гаруй хувийг БНХАУ, БНСУ-аас оруулж ирдэг. Хэрвээ мөөг тариалагч дотоодын жижиг аж ахуйн нэгж, байгууллагууд олширч үйл ажиллагаа нь өргөжвөл импортын хүнсний мөөгний хангалтын хэмжээ тодорхой хувиар буурч, бид ч гэсэн дотоодын органик мөөгөө хүнсэндээ хэрэглэх нь боломж нэмэгдэнэ.  

Эх сурвалж: ШУА

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулжээ

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээнд ажиллах жолооч нарт зориулсан нэгдсэн сургалтыг Зам, тээврийн яамны “Хөсөг” танхимд зохион байгууллаа.

Сургалтад COP17-ын үеэр автотээврийн үйлчилгээнд ажиллах төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, “Зорчигч тээвэр I, II”, “Зорчигч тээвэр III, IV”-ийн нийт 250 орчим жолооч, тээврийн хэрэгслийн зохион байгуулалт хариуцан ажиллах албан хаагчид хамрагдаж байна.

Монгол Улсад зохион байгуулагдах олон улсын хэмжээний энэхүү арга хэмжээний үеэр гадаадын зочид, төлөөлөгчдөд аюулгүй, шуурхай, соёлтой, мэргэжлийн түвшинд тээврийн үйлчилгээ үзүүлэх бэлтгэлийг хангах нь сургалтын гол зорилго юм.

Сургалтаар COP17-ын ерөнхий ойлголт, ач холбогдол, зохион байгуулалтын онцлог, зочид, төлөөлөгчдийн ангилал, үйлчилгээний стандарт, жолооч нарын үүрэг хариуцлага, сахилга бат, үйлчилгээний соёл, ёс зүй, мэргэжлийн харилцааны талаар нэгдсэн мэдээлэл өгчээ.

Түүнчлэн зочдыг нисэх буудлаас угтан авах, зочид буудал болон арга хэмжээний байршилд хүргэх үе шат, маршрут, хөдөлгөөний зохион байгуулалт, цагийн менежмент, мэдээлэл дамжуулах журам, холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, аюулгүй ажиллагааны чиглэлээр жолооч нарыг сургалт, арга зүйгээр хангаж байна.

Мөн зам тээврийн осол, саатал болон бусад эрсдэл, онцгой нөхцөл үүссэн үед авах арга хэмжээ, ачаалал ихтэй нөхцөлд тайван, зөв, шуурхай шийдвэр гаргах, өдөр тутмын ажлын бэлэн байдлыг хангах зэрэг практик ур чадварыг сургалтын хөтөлбөрт тусгажээ.

Сургалтыг танилцуулах лекц, асуулт-хариулт, жишээнд суурилсан сургалт, багаар ажиллах дасгал, маршрут болон тээвэрлэлтийн урсгалын зураглалтай танилцах, онцгой нөхцөлд ажиллах дадлага зэрэг онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.

Сургалтын үеэр COP17 олон улсын бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба, Нийслэлийн тээврийн газар, Автотээврийн үндэсний төв болон Тээврийн цагдаагийн албаны холбогдох албан хаагчид чиг үүргийнхээ хүрээнд мэдээлэл өгч, мэргэжил, арга зүйн зөвлөмж хүргэлээ.

Тухайлбал, Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн хяналт, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй ажиллагаа болон олон улсын арга хэмжээний үеэр жолооч нарын анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн байна.

Уг сургалт нь COP17-ын үеэр зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээг аюулгүй, шуурхай, зохион байгуулалттай явуулах, үйлчилгээний нэгдсэн стандарт, сахилга хариуцлагыг хэвшүүлэх бэлтгэл ажлын нэг хэсэг гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт хоногт 250 м³ лаг боловсруулах үйлдвэр байгуулна

Огноо:

,

Инженерийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд “Лаг хатаах, шатаах үйлдвэр”-ийг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт, нийт 40 мянган ам метр талбайд 2025-2027 онд байгуулахаар төлөвлөжээ.

Одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжаас хоногт дунджаар 238 тонн лаг гардаг бөгөөд хуримтлагдсан лагийн хэмжээ 843,200 м³-д хүрсэн байна.

Шинээр барих үйлдвэр хоногт 250 м³ лаг боловсруулах хүчин чадалтай. Боловсруулалтын дараа лагийн хэмжээг 5-6 м³ үнс болгон бууруулахаар тооцжээ.

Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан бөгөөд Барилга хөгжлийн төвийн 2025 оны долоодугаар сарын 22-ны өдрийн магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан байна.

Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/01 дүгээр тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д лаг хатааж, шатаах үйлдвэр барих төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэхээр тусгажээ.

Лаг хатаах, шатаах технологи нь бохир ус цэвэрлэх байгууламжаас гардаг лагийг байгаль орчинд аюулгүй аргаар боловсруулж, эзлэхүүнийг эрс бууруулах зориулалттай. Лагийг өндөр температурт шатааснаар эзлэхүүн нь 90 хүртэл хувиар буурч, бактери, вирус болон бусад өвчин үүсгэгч бичил биетнийг устгах боломжтой.

Түүнчлэн шаталтын явцад үүсэх дулааныг цахилгаан болон дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж болдог. Зарим технологийн хувьд шаталтын дараа үлдэх үнснээс фосфор зэрэг ашигт эрдсийг сэргээн авах боломжтой аж.

Япон, Герман, Швейцар, Нидерланд, Өмнөд Солонгос зэрэг улс лаг хатаах, шатаах технологийг ашиглаж байна. Тухайлбал, Германд лаг шатаах үйлдвэрээс гарсан үнснээс фосфор сэргээн авах технологи ашигладаг бол Нидерландад төвлөрсөн лаг боловсруулах үйлдвэрүүдээр дулаан, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг.

Ийнхүү лаг хатаах, шатаах технологийг лагийн эзлэхүүнийг бууруулахын зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэх, нөөцийг дахин ашиглах чиглэлээр олон улсад өргөн ашиглаж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орууллаа

Огноо:

,

Баянзүрх дүүргийн Монелийн гудамжийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг 2026 оны 08 дугаар сарын 7-ны 23:00 цагаас 2026 оны 08 дугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл хаана.

Энэ авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн Ч:19А “Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв” чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орж байна.

Авто замын засварын хугацаанд тус чиглэл дараах зураглалын дагуу үйлчилгээ үзүүлэх тул иргэд та бүхэн зорчилтоо төлөвлөнө үү гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох