Улстөр нийгэм
ДХИС-ийн тухай хүмүүсийн мэддэггүй сонирхолтой 10 БАРИМТ
1. Таны төсөөлснөөс том сургууль
Монгол Улсын Дотоод хэргийн их сургууль нь 11 бүрэлдэхүүн сургуультай. Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн сургалтын төлбөрөөс бусад үндсэн ангийн сургалтын төлбөрийг төрөөс төлдөг, суралцсан хугацаа нь төрийн тусгай албанд ажилласан жилд орж, цэргийн алба хаасанд тооцогдож, ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ОБЕГ гэсэн байгууллагуудын офицер бүрэлдэхүүнд орж төгсөөд, ажлын байранд томилогддог.
- Удирдлагын академи
- Ахисан шатны боловсролын сургууль
- Цагдаагийн сургууль
- Хилийн албаны сургууль
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль
- Онцгой байдлын сургууль
- Ахлагчийн сургууль
- Эрх зүй, нийгмийн ухааны сургууль
- Шинжлэн магадлахуйн институт
- Гадаад хэлний сургалтын институт
- Ахлах сургууль
Нийт 500 гаруй багш, алба хаагч, ажилтнууд болон 3500 гаруй сонсогч, оюутантай үйл ажиллагаагаа явуулж байна.
2. Тус их сургуульд шинээр элсэн суралцаж буй элсэгчид нэг сар Цэргийн анхан шатны мэдлэг олгох хээрийн сургалтад хамрагдаж “Цэргийн тангараг” өргөдөг. Үндсэн ангийн сонсогчид эхний хоёр жил сонсогчийн /дотуур/ байранд байрлан суралцдаг. Үнэхээр урт хугацаанд хамт байдаг болохоор сонсогчид хоорондоо нэг гэр бүл шиг л дотно байх нь аргагүй.
3. Нэгдүгээр дамжаанд орсон цагаасаа л сонсогчид цагаан сар, наадам, шинэ жилийн баяраар амардаггүй. Учир нь тэд цагдаагийн байгууллагад нэмэлтээр үүрэг гүйцэтгэдэг.
4. Тус их сургууль “Цагдаагийн ажил-Эрх зүй” бакалаврын хөтөлбөрийн хүрээнд эрх зүйн бус бакалаврын боловсролтой иргэдэд зориулсан мэргэшүүлэх хоёр жилийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байгаа. Түүнчлэн дээд боловсролтой иргэдэд зориулсан “Цагдаа-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил” 2 жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Товчхон тайлбарлавал өмнө нь авсан бакалаврын боловсролоо ахиулж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн мэргэшсэн алба хаагчид болж гарах бүрэн боломжтой.
5. Дотоод хэргийн их сургууль дэргэдээ усан бассейн, аврах, эрэн хайх дасгал, сургалт хийх гүний шумбалтын бассейнтай “Спорт цогцолбор-Номын сан”-ийн барилгыг барьж ашиглалтад оруулж, сургалтын таатай орчныг бүрдүүлээд байна.
6. Дотоод хэргийн их сургуулийн фэйсбүүк хуудас төрийн өмчит болон бусад их, дээд сургуулиудаас хандалтаараа дээгүүрт ордог.
7. Сургуулийн "ах нар" төгсөөд дүү нартаа хувцсаа өгдөг нь тэдний ойр дотно байдал, сонсогчдын дунд тогтсон "уламжлал"-ыг илтгэнэ.
8. Элсэн орсон эмэгтэй сонсогчид эрэгтэй сонсогчидтой адилхан үүрэг гүйцэтгэдэг. "Эмэгтэй" гэж авч үзэх асуудал энд байдаггүй. 100/5 хувь орчим л эмэгтэй сонсогч байдаг бөгөөд тэднээр бахархахгүй байх аргагүй.
9. Сонсогчид зун нэг сар, өвөл 14 хоног амардаг.
10. Их сургуулийн орчин маш цэвэрхэн бөгөөд Монгол Улсад хотхон хэлбэрээр хөгжиж буй анхны сургууль юм. 3000 сонсогчийн хичээлийн төв байр болон 850 сонсогчийн байр, номын сан, спорт цогцолбор, сургалт-дадлагын төв зэрэг барилга байгууламж бүхий сургалтын таатай орчинг бүрдүүлж байгаа нь тус сургууль “Оюутны хотхон” хэлбэрээр хөгжих нөхцөлийг хангасан. Өнөөдөр сонсогч, оюутнууд суралцах, амьдрах ая тухтай орчинд байрлаж, төрийн тусгай албаны эрдэм ухаанд шамдан суралцах бүхий л боломж бүрдсэн байна.
Улстөр нийгэм
Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна
2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.
Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.
Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .
Цэцэрлэгийн бүртгэл
- 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
Нэгдүгээр ангийн элсэлт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
- Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.
Их, дээд сургуулийн хичээл
- 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
- 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.
Оюутны дотуур байр
- 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Улстөр нийгэм
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Улстөр нийгэм
Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.
Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:
- Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
- Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
- Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
- Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
- Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
- Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.
Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.
Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.
-
Цаг үе2019/12/10
“Web awards – 2019” наадмын тов гарлаа
-
Цаг үе2025/11/17
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт тав дахин нэмэгдлээ...
-
Улстөр нийгэм2023/01/12
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...
-
Улстөр нийгэм2022/12/07
Хөгжлийн банк “Самурай” бондын эргэн төлөлтийг бүрэн барагдуулах бол...
