Улстөр нийгэм
Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан боллоо
УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өнөөдрийн /2020.10.26/ хуралдаанаараа холбогдох байгууллагуудын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын мэдээлэл, тайланг сонсох асуудлыг хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй ажлынхаа талаар танилцуулав. Мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Г.Ганболд, Г.Дамдинням, Б.Саранчимэг нар асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Г.Ганболдын сайжруулсан шахмал түлшний хэрэглээнээс шалтгаалан угаарын хийн хордлогод орсны улмаас хэчнээн хүн нас барсан талаар тоон мэдээллийг тодруулсан асуултад Цагдаагийн байгууллагын ажилтан И.Даваажамъян улсын хэмжээнд сүүлийн 10 жилд угаарын хийн хордлогын улмаас амь хохирсон 136 хэрэг бүртгэгдсэнээс Улаанбаатарт 72, орон нутагт 64, харин 2020 онд Улсын хэмжээнд 10 гэмт хэрэг бүртгэгдсэнээс Улаанбаатарт 9, орон нуагт 1 хэрэг байна гэж хариуллаа.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням хөдөө орон нутагт агаарын бохирдол ямар байгаа болон сайжруулсан шахмал түлшний чанар, хорт бодисын хэмжээний талаар, мөн хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулах асуудлыг тодруулав. Дээрх асуултад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Ховд аймгуудад агаарын бохирдол өндөр байгааг тэмдэглээд хог хаягдал боловсруулах үйлдвэрүүдийг дөрвөн жилийн турш аймгуудад шат дараатай байгуулна, эхний үйлдвэр 2021 оны сүүл гэхэд ашиглалтад орно гэсэн хүлээлттэй байна гэж хариуллаа. Сайжруулсан шахмал түлшний чанар, хорт бодисын хэмжээтэй холбоотой асуултад Нийслэлийн мэргэжлийн хяналтын дарга Л.Эрдэнэчулуун “Тавантолгой түлш” сайжруулсан шахмал түлшний үйлдвэр ашиглалтад орсноос хойш бүтээгдэхүүнээс тогтмол шинжилгээ авч байгаа бөгөөд шинжилгээгээр хорт бодисын хэмжээ нормоос хэтрээгүй гэсэн хариулт өглөө.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн сайжруулсан шахмал түлш үйрч, бутарсан зэргээр нунтаг гарч буйг хаягдалгүй савлахад хяналт ямар байгаа талаар болон авто машины насжилтаас шалтгаалж агаар бохирдож байгаагийн эсрэг хийж буй ажил, мөн агаарыг бохирдуулж буй хамгийн том хүчин зүйл болох нам даралтын хэчнээн уурын зуухыг түүхий нүүрсээр галлаж, төсөвт хэдэн төгрөг тусган, санхүүжүүлж буй тооцоог тодруулав. Энэ асуултад Нийслэлийн мэргэжлийн хяналтын дарга Л.Эрдэнэчулуун “Тавантолгой түлш”-ийн үйлдвэрлэлийн явцад хяналт тавьж хөлдсөний улмаас үйрч бутарсан түлшийг дахин боловсруулалтад оруулж, хэрэглэгчдэд хүргэхгүй байх тал дээр өнгөрсөн өвөл хяналт тавьсан. Ашиглалтын шаардлага хангахгүй микро автобусыг ашиглалтаас хасаж, үйлчилгээнд явуулахгүй болсон. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон нийтийн тээврийн том оврын автобусыг ашиглалтаас хасаж байна гэх хариулт өгсөн бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл 70 байршилд түүхий нүүрсээр галладаг 202 уурын зуух байна. Эрчим хүч үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжийг шууд сайжруулсан шахмал түлш хэрэглэ гэж шаардаж болдоггүй. Технологийн томоохон өөрчлөлт хийх шаардлага тулгардаг учир шууд шийдвэрлэх боломжгүй байна. Гэхдээ эдгээр аж ахуйн нэгж яндандаа шүүлтүүр тавьсан гэлээ.
Үргэлжлүүлэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Г.Ганболд, Б.Саранчимэг нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Улаанбаатарт түүхий нүүрс хулгайгаар оруулж ирж байна. Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг гурван аж ахуйн нэгж 70 гаруй тонн нүүрс оруулж ирснийг саяхан илрүүллээ. Хулгайгаар нүүрс оруулж ирж, түлдэг нь агаарын бохирдол, утааг бууруулах том зорилгоос хойш нь татаж байна гээд түүхий нүүрс хулгайгаар оруулж ирж түлэхгүй байхыг уриалж буйгаа илэрхийлэв. Мөн сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн тоог нэмэгдүүлэх талаар тэмдэглэлээ. УИХ-ын гишүүн Г.Ганболд угаарын хийн хордлогоор нас барсан хүний тоо түүхий нүүрс түлж байсан үеэс буурсан үзүүлэлттэй юм байна.
Энэ талаарх мэдээллийг иргэдэд сайн түгээх хэрэгтэй гэж саналаа хэллээ. Мөн “Тавантолгой түлш”-ийг бизнесийн зарчмаар нь явуулж, түлшний үнийг тогтвортой байлган, улсын төсвөөс татаас өгдгийг болиулах хэрэгтэй гээд цахилгааны шөнийн тарифыг тэглэхдээ Эрчим хүчний яамнаас санал авч, чанарын шаардлага хангасан халаагуур хэрэглэсэн тохиолдолд тэглэж байх нь зүйтэй талаар саналаа хэлж, агаарын бохирдол технологийн хоцрогдлоос болж байгаа талаар байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Г.Дамдинням ард иргэдэд мэдээллээ тодорхой хүргэх, Улаанбаатарын утааг 80 хувь бууруулах зорилгодоо хүрэх, аймаг орон нутгийн агаарын бохирдлын мэдээллийг тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагуудад гаргаж өгч байх талаар саналаа хэллээ. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг агаарын бохирдлыг бууруулахын тулд холбогдох байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж, шинэ технологиудыг нэвтрүүлж ажиллах талаар санал хэлэв.
Дэд хорооны хуралдааны төгсгөлд Олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ хүрээнд Засгийн газраас Хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын үр дүнтэй газар дээр нь танилцаж, зохих шийдвэр гаргах Ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэв. Тус Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэгээр ахлуулан байгуулах саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 100 хувийн саналаар дэмжин, тогтоолын төсөл баталснаар хуралдаан өндөрлөв.
Улстөр нийгэм
Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ
Тэрбээр, улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг сахин хамгаалж, төсвийн орлогын зохих хэсгийг бүрдүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсаар ирсэн гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч, бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.
Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.доллар болсонд гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдын хувь нэмэр их байсныг тэмдэглэв.
Гаалийн байгууллага үндэсний аюулгүй байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнд суртлыг бууруулах, авлигаас ангид байх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх зэрэгт анхаарч байгааг Ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран хэллээ. Энэ оны эхний 10 сарын байдлаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.
Мөн хугацаанд 9 төрлийн 7,8 кг болон 1,2 л мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэх, 15 гр алт, монетон эдлэлд гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх үйлдлийг илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг зөвхөн хуульд захирагдах, шударга, ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад түргэн шуурхай, тэгш үйлчилгээ үзүүлэхэд онцгой анхаарахыг захиж, амжилт хүсэв.
Улстөр нийгэм
Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж байна
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж буй. Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллалаа.
Тус замын зорчих хэсгийн өргөн долоон метр, хоёр эгнээтэй байх бөгөөд нэг талдаа явган хүний замтай байна. Энэхүү замыг 2015 онд анх барьсан. 2019 онд засаж сайжруулсан боловч айлууд орц, гарцаа гаргахдаа хоолой тавиагүйгээс шалтгаалан уулын ус зам руу урсаж, ихээр тогтсоноос үүдэн эвдэрчээ.

Энэхүү замыг нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр шинэчилж байгаа бөгөөд засварын ажлын гүйцэтгэгчээр “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллаж буй. Замыг шинэчилснээр Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх автозамын хөдөлгөөний нөхцөл сайжирна. Түүнчлэн явган зорчигчийн аюулгүй байдал хангагдана. Мөн амралтын бүс рүү чиглэсэн зорчилтын хүртээмж нэмэгдэнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “2026 онд нийслэлд 111 км замыг шинээр тавьж, 31 км автозамын засвар, арчлалтыг хийсэн. Зуслангийн хөдөлгөөн багассан энэ үед зуслан орчмын замын засварын ажлуудыг хийж байна. Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамын зорчих хэсгийг 11 дүгээр сарын 10 гэхэд нээнэ. 2027 онд нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор торлог зам буюу холбоос замуудыг олноор байгуулна. Тухайлбал, Яармаг, Сэлбэ ухаалаг хот, Зуун айл орчимд торлог замуудыг олноор байгуулж, замын ачааллыг бууруулна. Мөн олон түвшний уулзваруудыг төлөвлөж байна” гэлээ.


Улстөр нийгэм
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






-
Шударга мэдээ2021/11/10
“Буянт-Ухаа” хороололд 280 ортой цэцэрлэг ашиглалтад орно
-
Цаг үе2025/12/31
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
-
Цаг үе2025/05/26
АИ-92 шатахууны үнийг литр тутамд 200 төгрөгөөр нэмжээ
-
Шударга мэдээ2022/03/02
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэрэгжилттэй холбогдуулан ...
