Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монгол - Хятадын хэвлэл мэдээллийн XI форум амжилттай болж өнгөрлөө

Огноо:

,

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XI форум энэ сарын 22-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Жил бүр хоёр улсад ээлжлэн зохион байгуулагддаг энэхүү форум нь энэ жил цар тахлын улмаас цахимаар зохион байгуулагдсан юм.

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн ээлжит форумыг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Бүх Хятадын сэтгүүлчдийн холбоо, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба хамтран “Цар тахлын үед сэтгүүл зүйд тулгамдаж буй сорилт, туршлага болон хамтын ажиллагаа” сэдвээр зохион байгууллаа. Монголын талаас тус форумоор “Цар тахлын үед Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаанд тулгамдаж буй сорилт, бэрхшээл” сэдвээр Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын дэд дарга Н.Туяацэцэг үндсэн илтгэлийг танилцуулж, улмаар шинэ нөхцөл байдлын үед хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрхэн ажиллаж, ямар туршлага хуримтлуулсан талаар дэд илтгэлүүдийг хэлэлцлээ.

Тус арга хэмжээг нээж, Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар үг хэлж, БОАЖ-ын сайд, МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан Д.Сарангэрэл үйл ажиллагаанд амжилт хүссэн илгээлт ирүүлсэн юм. Мөн зохион байгуулагч талаас МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа үг хэллээ. Тэрбээр “Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XI форумд нь уламжлал болж тогтсон хамтын механизм. Жил бүр хоёр талдаа ээлжлэн зохион байгуулагдаад явдаг. Энэ жил Монгол Улсад зохион байгуулагдах ёстой байсан ч хөл хорионы улмаас ийнхүү онлайнаар хийж байна. Тухайн жилдээ хамгийн хурц, сонирхолтой байгаа сэдвүүдээр бид форумоо зохион байгуулж ирсэн. Энэ жил цар тахлын үед хэвлэл мэдээлэлд ямар сорилт, бэрхшээл тулгарав, ямар туршлага хуримтлуулав гэдгийг ярилцахаар өнөөдрийн форумыг зохион байгуулж байна. Сэтгүүлзүй, хэвлэл мэдээлэл бол үйл явдлаа дагаж явдаг салбар. Манай худалдаа, эдийн засгийн хамгийн ойрын түнш Хятад, Монголын хооронд хорио цээрийн нөхцөл ямар бэрхшээлийг үүсгэв, түүнийг бид хэрхэн даван туулж байна вэ гэдэг дээр үндсэн илтгэлийг хэлэлцүүлнэ” гэсэн юм.


Хоёр орны хэвлэл мэдээллийн цахим форумын модератор  Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Болортулга “Өнөөдөр түүхэн өдөр болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн оны хоёрдугаар сард БНХАУ-д айлчлахдаа 30 мянган хонийг цар тахлын үеийн хүнд нөхцөлд нь хандив болгон өгсөн. 30 мянган хонийг хүлээлгэж өгөхөөр Гадаад харилцааны яамны төлөөллүүд Замын-Үүдэд өнөөдөр ажиллаж байна” гэдгийг онцолсон.

Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XI форумд хэлсэн үгэндээ “БНХАУ болон Монгол Улс бүхэл бүтэн 4.7 мянган километрээр хил залгадаг хэрнээ одоог хүртэл коронавирусийг зөөвөрлөсөн тохиолдол ширхэг ч байхгүй. Энэ бол хоёр улсын цар тахлын үеийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын үр дүн юм. Өнөөдөр Монгол Улс хүнээс хүнд коронавирусний халдварыг дотооддоо алдаагүй орны нэгд багтсаар байна” хэмээн онцолсон юм.

Тэрбээр мөн хоёр орон хамтран цар тахалтай тэмцсэн тухай дүрс бичлэгийг үзээд сэтгэл хөдөлснөө илэрхийлж, цар тахал дэгдэхэд Монгол Улс хамгийн түрүүнд Хятадтай хилээ хаасан ч хоёр улсын хамтын ажиллагаа хэвийн үргэлжилж, БНХАУ ч цар тахлын үед авч байгаа манай улсын арга хэмжээг ойлгож хүлээж авсныг онцолж байлаа.

ХКН-ын төв хорооны суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга, төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дарга Шюй Линь , ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны байнгын хорооны гишүүн, суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юйган нар Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XI форумд Хятадын талыг төлөөлж  нээлтийн үг хэллээ.


Өдрийн сонины дизайн, компьютерын төвийн  дарга Я.Баярбат илтгэлдээ “Өдөр тутмын сонины хувьд өглөөний шуурхай хурал тухайн өдрийн ажлын 70 орчим хувь нь байдаг буюу тухайн өдөр юу нийтлэх, ямар асуудлыг голлож хөндөхөө чухалчилж, бүх ажилтан ярилцдаг. Харин цар тахал дэлхий дахинд дэгдсэнээс хойш хоёр сарын хугацаанд өдөр тутмын сонинуудын хувьд онлайн хэлбэрээр ажиллаж эхэлсэн. Онлайн хэлбэрээр хурлаа хийж, ажиллах нь тодорхой хэд хэдэн давуу талтай байсан. Тухайлбал, сэтгүүлчдийг амьсгалын замын аливаа өвчний эрсдэлээс хамгаалахад ач холбогдолтой. Мөн онлайнаар ажиллах нь цаг зав хэмнэх хамгийн том давуу тал болсон бөгөөд тог цахилгаан зэргээс эхлээд эдийн засгийн олон төрлийн хэмнэлт гарсан гэж дүгнэж байна. Гэхдээ цар тахлын улмаас онлайнаар ажиллахын сул тал нь өглөөний хурал дээрх амьд харилцаа, мэтгэлцээн алга болсон зэрэг олон сул талууд бий. Мөн олон газраас интернетийн хурд харилцан адилгүй байсантай холбоотойгоор яг Монголын нөхцөлд онлайн хурал хийхэд нэлээд хүндрэлтэй байсан нь харагдсан. Энэ нь редакц бүр техник технологио сайжруулах шаардлагатайг харуулж байлаа. Түүнчлэн цар тахлын үед төрийн албан байгууллагууд нэг гарцаар мэдээлэл өгнө гэх шийдвэрээс болж мэдээллийн ил тод байдал хумигдсан төдийгүй хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээлэл бүгд ижил төстэй бөгөөд албаны маягтай болж байгаа нь ажиглагдсан. СOVID-19 халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд ярилцагчтайгаа биеэр уулзаж ярилцлага хийх нь ховордсон. Энэ нь амьд ярилцлагын хэмжээнд хүрэхгүй байсан гэж харж байна.

Хамгийн гол нь СOVID-19 цар тахал гарснаас хойш төрийн удирдах албан тушаалтнууд сэтгүүлчийн асуултаас бултах боломжтой болсон. Харин 2020 онд сонгууль болох байсан учраас улс төрчид харьцангуй ярилцлага мэдээллийг нээлттэйгээр өгч байсан гэдгийг онцолъё” гэлээ.

Хятадын талаас илтгэл тавьсан зочдоос БНХАУ-ын өдрийн сонины олон улсын албаны дарга Чэнь Инчюнь “Цар тахал анх Ухань хотод дэгдсэнээс хойш БНХАУ утаагүй дайнд ханцуй шамлан оролцсон. Энэ үед Хятадын өдөр тутмын сонины 15 сэтгүүлч Уханьд очиж эмнэлэг, зах, дэлгүүр, хороолол зэргээр явж тэргүүн фронтод очиж сурвалжилга бэлдэж, шуурхай мэдээллийг газар дээрээс нь дамжуулж байсан. Бидний сурвалжилга нийт 82 өдөр үргэлжилсэн бөгөөд цар тахалтай холбоотой 58 мянга гаруй мэдээллийг бэлтгэсэн. Хятадын Өдрийн сонин нь цар тахалтай холбоотой бүхий л салбарт ажиллаж энгийн иргэнээс эхлээд эмнэлгийн ажилтан зэрэгтэй уулзаж бодит мэдээллийг хүргэж байсан. Цар тахлын үед сэтгүүлчид маш бодитойгоор, нэн даруй шинжлэх ухаанчаар хандаж бүрэн гүйцэд мэдээлэх ёстой. Бид Хятадын туршлага мэдээллийг дэлхий нийттэй хуваалцсан нь өнөөдөр 200 сая хүнд хүрчээ. Хятад, Монгол хоёр улс цар тахлын үед бие биедээ туслан харилцан хамтран ажиллаж, тэмцэж чадсан. Цаашид улам их амжилттай ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярилаа.

МҮОНР-ийн Хурд агентлагийн редактор Г.Ариунболд илтгэлдээ коронавирусний халдвар дэлхий дахинд эрчимтэй дэгдэж эхэлсэн цагаас хойш хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл урьдчилан сэргийлэх чиглэлээр халдваргүйжүүлэлт тогтмол хийж байх ёстойг мэдээлж байсан ч хэдхэн сарын дараа мэдээллийг идэвхтэй хүргэх байдлаа алдаж эхэлснийг дурдав. Тэрбээр “Өөрөөр хэлбэл урьдчилан сэргийлэлт чухал гэсэн ойлголтыг өгч, иргэдийн сэтгэлзүйд нөлөөлж чадахаа больсон. Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хуучин мэдээлдэг байснаасаа шинэ арга хэлбэрээр иргэдийн сэтгэл зүйд нөлөөлөх шаардлагатайг харуулж байна. Мөн бид нягтал, бас дахин нягтал гэх зарчмыг улам лавшруулж мөрдөх шаардлагатай. Учир нь ийм үед нийгмийг цочроож мэдэхээр худал ташаа мэдээлэл ихээр гардаг. Цаашлаад дэлгүүрийн лангуу хүртэл хоосорч байсан тохиолдол бий. Коронавирусний дэгдэлт нэг талаар сэтгүүлчдэд хөгжих боломж олгосон. Тодруулбал, дэлхий дахинд коронавирусийн халдвар шинэ байсан учир иргэдэд судалгаагүй мэдээлэл өгөхгүйн тулд бүгд энэ вирусийн талаар судалж эхэлсэн. Эцэст нь сэтгүүлчид аюул гамшиг цар тахлын үед ажиллах бүрэн чадамжтай болсон туршлага хуримтлуулсан гэж бодож байна” гэлээ.

“Синхуа” сайтын ерөнхий редакторын туслах, сошиал дэлгэрүүлэх төвийн ерөнхий хянагч Лю Хүн ярихдаа “2020 онд цар тахал дэгдсэн нь мэдээллийн хэрэгслийн чадавхыг дээшлүүлэх шинэ сорилт байлаа. Онцгой цаг үед Хятадын төр засгийн албаны мэдээллийг гадаад дотоодод дамжуулан ажилласан. Бид олон хэлний давуу талаа ашиглан "Үүлэн хэлний ярилцлага" гэдэг тусгай арга хэлбэрээр гадаадаас Хятад улсад суугаа Элчин сайд, төлөөлөгч нарын санаа бодлыг цаг алдалгүйгээр дамжуулсан. Ирээдүйд "Үүлэн ярилцлага" сурвалжилгыг хэвлэл мэдээллийн салбарт цаашид ашиглах түргэн шуурхай арга хэмжээ болох байх гэж бодож байна” гэсэн юм.

Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбооны олон улсын албаны дэд дарга Чэнь Чао “Цар тахлын үед сэтгүүл зүйд тулгамдаж буй сорилт, туршлага болон хамтын ажиллагаа” сэдвээр мэдээлэл хийсэн бол Хятадын төвийн телевизийн Ази Африк бүс нутгийн хэлний нэвтрүүлгийн төвийн монгол хэлний албаны дарга Гэрэлт, Өвөр Монголын өдрийн сонины дэд эрхлэгч Лхамжав нар онцгой дэглэмийн үед Хятадын сонин, сайт, телевиз, радио хэрхэн ажиллаж байсан талаар илтгэл хэлэлцүүллээ.

Монгол, Хятад хоёр улсын хооронд тогтоосон стратегийн түншлэлийн харилцааг бүхий л шатанд харилцан ашигтай хамтын ажиллагаа болгон бодитой хэрэгжүүлэхэд хоёр орны хэвлэл мэдээллийн салбар аль ч цаг үед чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд уламжлал болон тогтсон Монгол, Хятад хоёр орны хэвлэл мэдээллийн форумоор дараагийн 10 жилийн хамтын ажиллагааны зорилго, чиглэлийг тодорхойлсон тунхаг бичгийг гаргалаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хооронд нь холбох хамтарсан төсөл, сурвалжилга, технологийн хөгжүүлэлт зэрэг ирэх 10 жилийн харилцааг тодорхойлсон тунхаг бичгийг уншиж танилцуулснаар форум өндөрлөсөн юм.



Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Огноо:

,

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.

Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.

Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .

Цэцэрлэгийн бүртгэл

  • 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.

Нэгдүгээр ангийн элсэлт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
  • Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.

Их, дээд сургуулийн хичээл

  • 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
  • 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.

 Оюутны дотуур байр

  • 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов

Огноо:

,

Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.

Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.

Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.

Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.

Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.

Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:

  • Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
  • Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
  • Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
  • Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
  • Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
  • Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.

Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.

Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох