Шударга мэдээ
Монголбанк мэдэгдэл гаргалаа
Монголбанкнаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мэдэгдэл гаргасныг та бүхэнд бүрэн эхээр нь хүргэж байна.
Эдийн засаг, санхүүгийн зах зээлд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан санхүүгийн нөхцөлийг зөөлрүүлэх үүднээс нарийвчилсан судалгаа, олон улсын сайн туршлагад суурилан мөнгөний бодлогын болон зохицуулалтын холбогдох шийдвэр (бодлогын болон макро зохистой бодлогын хэрэгслүүд)-ийг Мөнгөний бодлогын хороогоор хэлэлцүүлж ойрын хугацаанд шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Эдгээр арга хэмжээ нь цар тахлаас үүдэлтэй бизнес эрхлэгчид, өрх гэр, санхүүгийн байгууллагуудад учирч буй хүндрэлийг даван туулах, эдийн засгийг тогтворжуулж, сэргээхэд чиглэнэ.
Монгол Улсын банкны салбарын бүтээгдэхүүн үйлчилгээ, төлбөр тооцоо цахим хэлбэрээр тасралтгүй, хэвийн үргэлжилж байна. Одоогоор дотоод төлбөр тооцоо саатсан, тасалдсан тохиолдолд гараагүй. Тухайлбал, 11 дүгээр сарын 12-16-ны өдрийн хооронд хийгдсэн банк хоорондын гүйлгээний тоо хэмжээ 2, 3 дугаар улирлын өдрийн дундаж түвшнээс бага зэрэг буурсан хэдий ч, 1 дүгээр улирлын түвшинд хадгалагдаж байна. Энэ нь иргэд, аж ахуйн нэгжүүд төлбөр тооцоог төлбөрийн карт, интернет, мобайл зэрэг цахим хэлбэрээр гүйцэтгэх боломжтойг харуулж байгаа бөгөөд цаашид ч улам түлхүү ашиглахыг нөхцөл байдал шаардаж байна.
Монголбанкнаас Ковид-19 цар тахалд өртсөн иргэд, аж ахуйн нэгжүүд хэрэглээний болон бизнесийн зээлийн эргэн төлөлтөө банкуудтайгаа тохиролцон хойшлуулах боломжийг олгосон зохицуулалт энэ оныг дуустал үргэлжилж байгаа. Тухайлбал, өнөөдрийн байдлаар нийт 125,206 зээлдэгчийн 5.3 их наяд төгрөгийн зээл Ковид-19 цар тахалд өртсөн нь нийт зээлийн багцын 33 хувийг бүрдүүлж байна. Үүнээс 3.7 их наяд төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт хийгдсэний 2.2 их наяд төгрөг нь бизнесийн зээл, 1.5 их наяд төгрөг нь иргэдийн зээл байна. Иймд Ковид-19 цар тахлаас үүдэн орлого, үйл ажиллагаанд хүндрэл үүссэн иргэд, аж ахуйн нэгжүүд харилцагч банкиндаа хандан зээлдээ бүтцийн өөрчлөлт оруулах асуудал нээлттэй байгаа болно.
Харин төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг түр хугацаанд хойшлуулах арга хэмжээ нь энэ оны 5 дугаар сараас 10 дугаар сарын хооронд 6 сарын хугацаанд хэрэгжсэн. Энэ хугацаанд нийт 38,152 зээлдэгчийн 2.0 их наяд төгрөгийн зээлийн төлбөрийг 6 сарын хугацаатайгаар хойшлуулсан билээ. Монголбанкны зүгээс Засгийн газартай зөвшилцөж, дэмжих тохиолдолд энэ арга хэмжээг үргэлжлүүлэх боломжтой гэж үзэж байна.
Эдгээр бизнесийн, хэрэглээний болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах боломжийг олгосон зохицуулалтын арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх асуудлыг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.
Монгол Улсын Засгийн газраас Гамшгаас хамгаалах хуулийн дагуу улсын хэмжээнд энэ оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргаснаар арилжааны банкууд нийтийн эрүүл мэндийг хамгаалах, коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор салбар, нэгжүүдээ тодорхой хугацаанд ажиллуулахгүй байхаар шийдвэрлээд байна. Харин эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм, Улсын онцгой комиссын зөвшөөрлийн хүрээнд банкууд салбар, нэгжүүдээ тодорхой хэмжээнд нээн ажиллуулахад бэлэн болохыг мэдэгдсэн.
Монголбанкны зүгээс санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх үүднээс банкны салбарын үйл ажиллагааг тогтвортой байлгахад үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Санхүүгийн салбарын зээлдэгч болон харилцах, хадгаламж эзэмшигчийн аль алины эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ёстой болно. Тухайлбал, банкны салбарт нийт 9.2 сая харилцах, хугацаагүй болон хугацаатай хадгаламжийн дансанд нийт 21.7 их наяд төгрөгийн эх үүсвэр байршиж байна. Энэ оны 10 дугаар сарын дүнгээр банкны салбараас эх үүсвэрт төлж буй 1 сарын хүүний зардал 184.7 тэрбум төгрөг байгаа нь банкны хүүний орлогыг хязгаарлах тохиолдолд томоохон алдагдал үүсэхийг харуулж байна. Иймд аливаа бодлого, шийдвэр нь санхүүгийн зуучлал, санхүүгийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх ёстой гэсэн зарчим баримталж байна.
Нийгмийн эмзэг бүлэгт дэмжлэг үзүүлэх, орлого багатай иргэдийг ядуурлаас хамгаалах, ажлын байрыг хадгалахад чиглэсэн Засгийн газрын хөтөлбөр, арга хэмжээг санхүүжилт (зээл олгох, бондыг худалдан авах)-ээр дэмжиж ажиллахад бэлэн байна.
Цар тахлыг хязгаарлах, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд зориулан Засгийн газар болон банкуудад санхүүжилт олгох бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
МОНГОЛБАНК
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Шударга мэдээ
Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ
-
Шударга мэдээ2026/01/29
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I ...
-
Цаг үе2020/03/25
Гүлнара Каримаво авлигын хэргээр дахин ял сонслоо
-
Шударга мэдээ2022/11/15
Уруул ба тагнайн сэтэрхий, хэл, ам болон залгиурын бусад төрөлх гажиг засах тусл...
-
Цаг үе2024/03/05
Шар усны үерээс сэрэмжлүүлж байна
