Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол-АНУ-ын харилцааны төлөв байдал” сэдвээр уулзалт, ярилцлага өрнүүлэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 30-ны өдөр АНУ-ын Вашингтон хотод хүрэлцэн ирж, тус улсын Стратеги, олон улсын судалгааны төвд зочиллоо. Энэ төв нь 1962 онд Вашингтон хотноо байгуулагдсан бөгөөд батлан хамгаалах, эдийн засаг, бүс нутгийн интеграцчлал зэрэг өргөн хүрээтэй асуудлаар судалгаа шинжилгээний ажил хийдэг дэлхийн тэргүүлэх олон улсын судалгааны хүрээлэнгүүдийн нэг юм.

Мөн төв нь дэлхий дахинд өрнөж буй үйл явдлын талаар судалж, АНУ-ын Конгресс болон Засгийн газарт судалгаа шинжилгээний үр дүнд тулгуурласан, шинжлэх ухааны үндэслэлтэй, бодлогын шинжтэй зөвлөмжүүд хүргүүлж мэдээллээр хангадаг байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Стратеги, олон улсын судалгааны төвийн Ерөнхийлөгч Жон Хамри угтаж, хоёр улсын харилцааны асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх гэж байгаад талархал илэрхийлэв. Мөн Ерөнхийлөгчийн хэлэх үг бүр нь чухал тул энэ удаагийн ярилцлагаас хоёр улсын харилцааны ирээдүйн чиг хандлага болоод АНУ дахь айлчлалын талаар тодорхой ойлголттой болно гэсэн өндөр хүлээлттэй байгаа гэсэн юм.

“Монгол-АНУ-ын харилцааны төлөв байдал” сэдвээр өрнөсөн уулзалт ярилцлагад олон улсын сэтгүүлчид, эрдэмтэн судлаачид зэрэг 250 хүн оролцлоо.

УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГЫН ЭХЭНД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Эрхэм хүндэт

Ноён Жон Хамри,

Ноён Майкл Грийн,

Хүндэт зочид, судлаачид аа,

Хатагтай, ноёд оо,

Монголын анд нөхөд өө,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Үндэсний аюулгүй байдлын чиглэлээр судалгаа хийдэг дэлхийн тэргүүлэх судалгааны төвд зочилж, Та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна.

Та бүхэнд шинэ баяртай мэдээ дуулгая. Миний АНУ-д хийж буй энэхүү айлчлалын үеэр манай хоёр улсын харилцааг “шинэ түвшин”-д гаргаж, бид улам ойр, нягт ажиллахаа маргааш зарлах гэж буйдаа баяртай байна. Энэ мэдээ нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг үнэт зүйлсийг хуваалцаж маш ойр байдаг манай хоёр орны хувьд зүй ёсны ахиц гэж үзэж байна

Өнөөдрийн энэ уулзалтаар, хоёр улсын харилцааны түүх, өнөө ба ирээдүйн талаар санал бодлоо солилцохоор ирлээ.

Эхлээд, Та бүхэнд манай хоёр улсын харилцааны өнөөг хүртэл зарим сонирхолтой түүхээс хуваалцъя.

Нэг. Хоёр улсын харилцааны түүхэн жим

Монгол Улс, АНУ нь 1987 онд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон. Харин хоёр улсын иргэд хоорондын харилцаа олон зуун жилийн өмнөөс эхлэлтэй байдаг юм билээ. Монгол Америкийг ойртуулсан түүх 100 гаруй жилийн өмнөөс, Америкийн бизнесменүүд, хувь хүмүүс Монголд ирж бизнес, тэр тусмаа хөдөө аж ахуй, уул уурхай салбарыг сонирхож байсан нь өнөө цагт ч ихээхэн өөрчлөгдөөгүй санагдана.

Сонирхолтой нь, 20-р зууны эхэнд, Америкийн иргэд Монголд алтны орд хайхын зэрэгцээ Монголын нутагт төмөр зам тавих боломжийг мөн судалж байжээ. Монгол Улс бүх аймгуудаа авто замаар холбож дуусгаад төмөр замын төслүүдээ өөрсдийн дотоод нөөцөөрөө эхлүүлээд байгаа билээ. Амжилтад хүрэх байх. Бид аж үйлдвэр хөгжүүлэхэд чухал суурь болох дэд бүтцийн төслүүд дээр хамтран ажиллах талаар олон жилийн өмнө ч ярилцаж байсан байна.

Америкийн уул уурхайн инженер, хожмоо АНУ-ын 31 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан Херберт Хүүвэр 1899 онд алтны нөөцийн эрэл хайгуул хийх зорилгоор тухайн үеийн Монголын нийслэл Хүрээнд ирж, Бурхан шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагттай уулзсан талаараа өөрийнхөө дурдатгал номдоо бичсэн байдаг.

Тухайн үед Америкийн “The Mongolian Trading Company”, “Anderson and Meyers Co Ltd”, Англи-Америкийн хамтарсан “British-American Tobacco Company” зэрэг аж ахуйн нэгж Монголд үйл ажиллагаа явуулж байсан баримтууд байдаг. 1919 онд Америкийн нэгэн пүүс Монголоос 3 сая ам.долларын хонины ноос, 1921 онд нэг сая ширхэг тарваганы арьс худалдан авсан баримт байдаг. Мөн 1925 онд 150 мянган пүү хонины ноос АНУ-д гаргасан байна.

Яг 100 жилийн дараа буюу 2019 онд ч Монгол-Америк бизнесмэнүүд ноос ноолууран бүтээгдэхүүний худалдаагаа идэвхжүүлэхээр хоёр талын төрийн дэмжлэг хүсээд ажиллаж байна.

Мөн энэ үеэс хоёр улсын хооронд соёл, шинжлэх ухаан болон бусад салбарын харилцаа хөгжиж эхэлсэн. Тухайлбал, Америкийн хайгуулч, Байгалийн түүхийн музейн захирал Рой Чапмен Эндрюс эртний хүний ул мөрийг олох, үлэг гүрвэлийн үүслийг тогтоох шинэ нээлт хийхээр Монголд хэд хэдэн удаагийн экспедиц зохион байгуулж, улмаар үлэг гүрвэлийн чулуужсан өндгийг олж, дэлхийд гайхагдсан нээлт хийснийг бүгд мэддэг түүх болжээ.

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Хенри А.Уоллес 1944 онд манай улсад айлчилсан нь хоёр улсын улс төрийн харилцааны эхлэлийг тавих, мөн АНУ дахь Монгол судлалыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулжээ. Хэнри Уоллес өмнө нь Рерихийг АНУ-ын төрийн зардлаар Монгол руу судалгааны ажилд явуулсан нь зарим сониуч хүмүүсийн анхаарлыг их татдаг түүх юм.

Монголчуудын зүгээс ч мөн адил Америктай харилцаа тогтоох ажлууд хийгдэж байсан. Тухайлбал, 1911-1924 оны Богд Хаант Засгийн үед Монгол Улс АНУ-тай дипломат харилцаа тогтоох үүднээс АНУ-ын Орос, Хятад дахь Элчин сайдын яамаар дамжуулан удаа дараа бичиг илгээж байжээ. Үүнийг албан ёсны анхны харилцаа, бичиг баримт хэмээн үздэг.

Ийнхүү Монгол Улс, АНУ хоёр нь түүхийн урт удаан хугацаанд маш олон саад тотгорыг даван туулсны эцэст АНУ-ын эрдэмтэн судлаачид, хоёр улсын иргэд, албаны хүмүүсийн уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд одоогоос 32 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосон. Хоёр улс дипломат харилцаа тогтоох үед Монгол Улс ардчилал шинэчлэлийн зам руу замнах түүхэн сонголтоо хийж байлаа. Тиймээс АНУ-тай дипломат харилцаа тогтоосон нь цаг үеэ олсон, Монголын ирээдүйн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан түүхэн үйл явдал болсон юм. Энэ цаг үеэс хойш АНУ нь Монгол Улсын ардчилсан тогтолцоо руу шилжих шилжилтийн хүнд үеийг даван туулахад тусламж дэмжлэг үзүүлсээр ирлээ.

Хоёр. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөө ба цаашдийн чиглэл 

Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа дипломат харилцаа тогтоосноос хойших дийлэнх хугацаанд, АНУ-ын тусламж дэмжлэг дээр голчлон тулгуурлаж ирсэн. Харин сүүлийн үед, хамтран үнэ цэнэ бүтээж, өгөөжөө хуваалцах, харилцан ашигтай байхаар ажиллаж байгаа болно.  Ингэж байж урт хугацааны стратегийн түншлэл баталгаажих болно.

Үүний нэг илрэл нь батлан хамгаалах салбарт, Монгол-Америкийн цэргүүд Ирак, Афганистанд хамтран үүрэг гүйцэтгэж байна. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал (USINDOPACOM)-ын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга GPOI” хөтөлбөрт хамтран “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийг 17 дахь удаагаа зохион байгууллаа. Энэхүү сургуулилтад АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлалын зүгээс өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон

Харамсалтай нь, бидний эдийн засгийн хамтын ажиллагаа нэн чамлалттай  байгааг хоёр тал хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Жишээ нь, 2018 оны байдлаар АНУ-тай хийж буй худалдаа манай улсын нийт худалдааны эргэлтийн дөнгөж 1,7 хувийг эзэлсэн байна. Ялангуяа, өндөр технологи, хурдацтай шинэчлэлийн энэ цаг үе, орчинд тохируулж эдийн засгийн хамтын ажиллагааны хөрс сууриа сайжруулах ёстой гэж бодож байна. Манай бүс нутгийн онцлог нь төрийн өмчлөлтэй компаниуд зах зээл дээр үлэмж давамгайлдаг, эдийн засаг нь дунд, урт хугацаагаар төлөвлөгддөг. Ийм орчинд монгол, америк бизнес эрхлэгчдээ чөлөөтэй өрсөлд хэмээн, ямар ч санхүүгийн дэмжлэггүй орхих нь зөөлнөөр хэлбэл боломж муу гэдгийг статистик тоонууд харуулж байна.

Иймээс маргааш болох хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалт ихээхэн ач холбогдолтой болно гэж итгэж байна.

Монгол-Америкийн хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асар их нөөц бололцоо байна.

Тухайлбал, ноолуурын салбараар ганц жишээ хэлэхэд:

Боловсруулсан ноос, ноолууран бүтээгдэхүүн нь Монгол Улсын хамгийн их нөөц боломжтой экспортын бүтээгдэхүүн юм. Манай улс дэлхийн ноолуурын 40-50 орчим хувийг нийлүүлдэг. Гэвч, санхүү технологийн шалтгаанаар ноолуурынхаа дөнгөж 10 хүрэхгүй хувийг дотооддоо боловсруулж, 90 орчим хувийг нь өмнөд хөрш рүү түүхий эдээр нь буюу хямд өртгөөр экспортолдог.

Дашрамд сануулахад, хэдийгээр манай эдийн засгийн хэмжээ хөрш орнуудтайгаа харьцуулшгүй бага боловч “шударга худалдаанд” итгэж Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагад элсэн орсон түүхтэй. Тиймээс, манайд гаалийн тарифын болон өөр ямарваа нэг худалдааны саад, хүнд суртал байдаггүй билээ.

Ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь хөдөөгийн иргэдийн аж амьдралыг сайжруулах, мөн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх, нүүдлийн соёл иргэншлээ хамгаалж үлдэх гол суурь нь юм. Тийм учир нэмүү үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжсөнөөр малчдын, хөнгөн үйлдвэрлэлд ажилладаг эмэгтэйчүүдийн орлого нэмэгдэж, Монгол Улсын эдийн засаг төрөлжин хөгжихөд чухал хувь нэмэр оруулна. Бидний тооцолсноор 40-50 мянган хүний ажлын байр бэлэн болох юм.

Энд тодруулан тайлбарлахад, монголын ноос, ноолуурын үйлдвэрлэл нь малчны хотноос эхлээд эцсийн бүтээгдэхүүн болон гарах хүртэл хүн, амьтан, байгальд ээлтэй шат дамжлагыг дамждаг, энэрэнгүй үйлдвэрлэл юм.

АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүдийн санаачилсан “Гуравдагч хөршийн худалдааны хууль”-ийг манай улс талархан хүлээн авч байгаа бөгөөд Америкийн ард иргэд, Конгрессийн гишүүд дэмжинэ гэдэгт миний бие итгэлтэй байна. Миний бие хувийн хэвшлийн аливаа зөв санаачилгыг дэмждэг тул танай улс ч дэмжин батлаасай хэмээн хүсэж байна.

Энэ мэт боломжууд бидэнд их байна. Бидэнд газар зүйн байрлалын хувьд дэлхийн томоохон зах зээлд хүрэх гарц, улс төрийн өндөр итгэлцэлтэй гурав дахь хөршүүд мөн зарим банкны тооцоолсноор 32 триллион ам.долларын үнэлгээтэй байгалийн баялаг байгаа давуу талууд байна. Түүнээс ч илүү боломжийг шинжлэх ухаанд суурилсан өндөр технологи, хиймэл оюун ухаан, биг дата, конективити буюу харилцаа холбоо, цахим эдийн засгийн хүрээнд бид бий болгох ёстой. Манай бүс нутгийн эдийн засаг Америктай харьцуулахад бүтээмж муу байгааг манай хамтарсан бизнесийнхэн шийдэж чадах ч улс төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй.

Хатагтай, ноёд оо

Дээр дурдсанчлан манай хоёр улс түүхийн урт удаан хугацааны ээдрээтэй замыг туулан дипломат харилцаа тогтоосноос хойш 30 гаруй жилийн хугацаанд ойр дотно хамтран ажиллаж ирлээ. Цаашид ч энэхүү хамтын ажиллагааны эрчээ алдахгүй үргэлжлүүлэн хөгжүүлнэ гэдэгт миний бие бат итгэлтэй байна.

Ардчилал, хүний эрх зэрэг нийтлэг үнэт зүйлс дээр тулгуурлан эрчимтэй хөгжсөн улс төрийн харилцааны бат бэх суурин дээр тулгуурлан цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх нь нэн чухал гэж үзэж байна.

Хоёр улсын хооронд байгуулсан “Монгол, Америкийн эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглал”, “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр” зэрэг баримт бичиг нь эдийн засгийн хамтын ажиллагааны үндсэн суурь нөхцөлийг бүрдүүлж байна. Түүнээс гадна АНУ-ын Конгрессоос “Гуравдагч хөршийн худалдааны хууль”-ийг батлан гаргавал хоёр талын эдийн засгийн харилцаанд шинэ хуудас нээгдэнэ хэмээн монголчууд хүлээж байна.

Манай орны хүн амын гуравны нэг нь ядуу байгаа үед миний бие эдийн засаг ярьж, хүний хөгжилд өндөр ач холбогдол өгөх үүрэгтэй юм. Хөдөө аж ахуй, боловсруулах аж үйлдвэрлэл нь ядуурлыг бууруулах хамгийн үр дүнтэй бодлого гэдэгтэй эрдэмтэд та бүхэн маргахгүй биз ээ.

Цаашдаа, өндөр бүтээмжтэй ажлын байр, орлогоор хангах салбаруудаа  хөгжүүлэхийн тулд гурав дахь хөрш нартайгаа шинжлэх ухаан, өндөр технологи, сансар судлал, цахим эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө ажиллах болно.

Эцэст нь хэлэхэд хоёр улсын харилцааны хөгжилд чухал хувь нэмэр оруулж буй эрдэмтэн судлаачдад, Монголд элэгтэй америк иргэдэд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье!

Баярлалаа” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хоёр улсын харилцааны талаар үг хэлсний дараа Стратеги, олон улсын судалгааны төвийн Тэргүүн дэд захирал Майкл Ж.Грийн оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон улсын сэтгүүлчид, эрдэмтэд, монгол судлаачдын сонирхсон асуултад хариуллаа.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Огноо:

,

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.

Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.

Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .

Цэцэрлэгийн бүртгэл

  • 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.

Нэгдүгээр ангийн элсэлт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
  • Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.

Их, дээд сургуулийн хичээл

  • 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
  • 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.

 Оюутны дотуур байр

  • 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов

Огноо:

,

Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.

Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.

Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.

Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.

Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.

Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:

  • Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
  • Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
  • Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
  • Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
  • Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
  • Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.

Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.

Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох