Улстөр нийгэм
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар малчны хотонд халуун яриа өрнүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Баянхонгор аймагт энэ өдрүүдэд ажиллаж байна. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг ид өрнөж буй энэ цаг үед УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Жинст сумын хоёрдугаар багийн иргэдтэй уулзаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар халуун яриа өрнүүлэв.
Энэ үеэр иргэд байгалийн баялагтаа эзэн байх, түүнийг хэрхэн захиран зарцуулж буйг мэдэх эрхтэй байх, парламентын гишүүдийн “давхар дээл”-ийг тайлах, УИХ, Засгийн газар, шүүхийн сахилга хариуцлагын талаар ярилцаж, санал бодлоо илэрхийлж байлаа. Хамгийн онцгой анхаарал хандуулж байсан асуудал нь сумын Засаг даргыг ард иргэдээс сонгох тухай байсан юм. Эхний хэлэлцүүлгээр сумын Засаг даргаа ард иргэдээс сонгох нь зүйтэй. Харин багийн даргыг томилдог байхаар тусгасан. Багийн даргыг сонгодог нь “төрийн сонгууль биш төрлийн сонгууль” болдог гэсэн шүүмжлэл гараад удаж байна. Тиймээс багийн даргыг олон хамаатан садантай хүн нь гардаг сонгууль болж байгааг зогсоох үүднээс томилдог болох нь илүү оновчтой шийдэл болохыг малчид хэлж байсан юм. Томилогдсон багийн дарга нь төрийн төлөөлөгч болно гэсэн үг юм.

Харин сумын Засаг даргын тухайд орон нутгийн иргэд болгоомжлолтой хандаж байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, уул уурхайн нөөц баялагтай суманд гадны нөлөө, мөнгөний нөлөөгөөр сонгуулийн үр дүнг бусниулж, нутгийн зон олны хүсэл зоригийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг Засаг даргатай болчих вий гэсэн болгоомжлол байгаа юм. Төрийн нэгдмэл бодлогыг хэрэгжүүлэхээс илүүтэй жижиг ван, гүн шиг бие даасан сумтай болчих эрсдэл байгааг УИХ-ын дарга Г.Занданшатарт уламжилж байлаа.
Орон нутгийн удирдлагыг сонгох, томилох үйл ажиллагаанд иргэд хяналтаа тавих эрх зүйн боломжийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хийхийг зорьж буйг УИХ-ын дарга тайлбарлав. Ингэхдээ хуулийн хүрээнд ямар нөхцөл бүрдсэн тохиолдолд иргэд огцруулдаг болох механизмыг тодорхой тусгана гэлээ.
Сумын Засаг даргыг нэр дэвшүүлэхдээ Сонгуулийн ерөнхий хороо, мөн аймгийн Засаг дарга зохион байгуулж, хэрэв мөнгөний сонгууль болсон нь нотлогдвол тухайн сонгуулийг хүчингүй болгох эрхийг нь дээрх хоёр субьектэд байлгана. Ингэвэл сумын иргэдийн сонгох эрх хууль эрх зүйн хүрээнд баталгаажих боломжтой болно. Сум засаг захиргааны үндсэн нэгж учраас ард иргэдийн санал дээр тулгуурласан бодлого, шийдвэрүүд гардаг байх ёстойг тэрбээр хэлсэн юм.

Баянхонгор аймгийн Жинст сумын иргэд төр хүчтэй байхад Үндсэн хууль сайн байх хэрэгтэй. Ард түмнээрээ хэлэлцүүлэн санал бодлыг сонсож байгаад УИХ-ын даргад талархал илэрхийлээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна гэлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар, “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд “долоо хэмжиж, нэг огтлох” зарчмыг барьж ажиллаж байна. Энэ өөрчлөлтийг улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэд дэмжиж байгаа. Санал асуулгын дүнгээр иргэдийн 75 орчим хувь нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах цаг нь болсон гэж үзсэн байсан. Гэхдээ иргэддээ хэлэхэд хуулийн төслүүдэд тусгасан доторх зүйл, заалт бүрийг нухацтай уншиж, судлахыг хүсэж байна. Энэ бүх зохицуулалтын цаана Монгол Улсын том эрх ашиг байгааг харах хэрэгтэй. Өөрчлөлтийг хийхийн тулд хүчээ нэгтгэж, хүн бүр сахилга хариуцлагыг ухамсарлаж оролцохыг уриалж байна” гэлээ.

Баянхонгор аймгийн Жинст суманд сүүлийн 30 жилд хийгдээгүй бүтээн байгуулалтын ажил эхэлжээ
УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Жинст суманд зохион байгуулагдсан “Зуслангийн өдөрлөг” арга хэмжээнд оролцсон юм. 90 жилийн түүхтэй тус суманд сүүлийн 30 жилд хийгдээгүй бүтээн байгуулалтын ажил эхэлжээ. Тодруулбал, 2018 оны улсын төсөвт 1,5 тэрбум төгрөгийн өртөг бүхий 150 хүүхдийн дотуур байр, 2,4 тэрбум төгрөгөөр 240 хүүхдийн сургуулийн байр, 1,4 тэрбум төгрөгийн өртөгтэй Соёлын төвийн барилга, сумын Эрүүл мэндийн төвийн өртгөтгөлийн барилга зэрэг бүтээн байгуулалтууд ид өрнөж байна. Барилгын ажлын явц хэвийн үргэлжилж байгаа бөгөөд товлосон хугацаандаа хүлээлгэн өгөх боломжтой гэв. Харин 150 хүүхдийн дотуур байрны төсөвт гаднах дэд бүтэц буюу цэвэр, бохирын шугамын зардал тусгагдаагүй байгаа нь хүндрэл учруулж байгааг “Жамъян Пайтан” ХХК-ийн инженер О.Гантулга хэлэв.
Шинэ сум болон өргөжихөд эдгээр бүтээн байгуулалтууд цагаа олсон чухал дэмжлэг болсныг сумын иргэд ам нэгтэй хэлж, УИХ-ын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлж байсан юм. УИХ-ын даргыг дагалдан Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэн ажиллаж байна.

Тэрбээр өөрийн төрөлх нутаг болох Гурвансайхан сумаа улсын хэмжээнд жишиг сум болгохоор сүүлийн 5 жилийн турш ажиллаж байгаа бөгөөд эхнээсээ бодит үр дүн гарсан талаараа Жинст сумын иргэдэд танилцуулга хийлээ. Монгол Улсын хэмжээнд шинэ сумын жишиг тогтоож эхэлсэн төдийгүй бусад аймаг, сумдаас туршлага судлахаар олноор очдог болжээ. Зам, барилга гэж том зүйлд санаа зовнихоос илүүтэй иргэд, малчид өөрсдийн хандлагаа өөрчилж, аливаа асуудлыг бүгдээрээ хэлэлцэж, зорилгоо тодорхойлж чадвал шинэчлэл хийхэд хялбар болдог. Хийх нэг хэрэг, хийснээ арчилж, хамгаална гэдэг өөр асуудал. Иргэд өөрсдөө санаачилгатай, оролцоотой байх хэрэгтэй гэдгийг Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэн танилцуулгынхаа үеэр онцлов.
Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар сум орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг барьж байгаа гэлээ. Тухайлбал, хонины ноосыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс Баянхонгор аймгийн сум бүрт ноос хяргагч машин, явуулын цахилгаан саалтуур, арьсны шар махыг хуулдаг машин, арьс элдэгч машин зэрэг иж бүрэн тоног төхөөрөмжийг өгсөн байна. Энэ ондоо багтаан аймгийн төвд ноосны үйлдвэр ашиглалтад орох бөгөөд ингэснээр ноосыг эдийн засгийн эргэлтэд оруулж, зах зээлийн ханшийг нь өсгөх бүрэн боломжтой болно гэдгийг тэрбээр Баянхонгор аймгийн Жинст сумын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр тэмдэглэсэн юм.

“Зуслангийн өдөрлөг” арга хэмжээний үеэр хүүхэд, залууст үндэсний өв соёлоо өвлүүлэн үлдээх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн үндэсний шагайн харваа, өсвөрийн үндэсний бөхийн тэмцээн, үндэсний сурын харвааны тэмцээнийг зохион байгууллаа.
Мөн УИХ-ын дарга Г.Занданшатарыг дагалдан ажиллаж буй нарийн мэргэжлийн эмч нарын баг Жинст сумын иргэдэд эхо оношилгоо, гэмтэл, шүд, урологи, эмэгтэйчүүд, хүүхдийн чиглэлээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэв.

Улстөр нийгэм
Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна
2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.
Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.
Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .
Цэцэрлэгийн бүртгэл
- 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
Нэгдүгээр ангийн элсэлт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
- Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.
Их, дээд сургуулийн хичээл
- 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
- 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.
Оюутны дотуур байр
- 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Улстөр нийгэм
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Улстөр нийгэм
Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.
Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:
- Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
- Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
- Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
- Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
- Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
- Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.
Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.
Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.
-
Улстөр нийгэм2020/11/28
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь ариутгана
-
Улстөр нийгэм2023/04/03
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Шударга мэдээ2022/11/18
Орон сууцны барилга барих гэж байсан газрыг нийтийн эдэлбэрт бүртгэхээр боллоо
-
Улстөр нийгэм2025/10/20
Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлж цан цохилоо
