Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монголын сайтын холбоо үзэл бодлоо илэрхийлэх эрхийг тууштай хамгаалахаа мэдэгдлээ

Огноо:

,

Монголын сайтын холбооноос цаг үеийн асуудлаар мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь нийтлэв.

Монголын сайтын холбоо нь цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган холбоо бөгөөд 11 дэх жилдээ тогтвортой үйл ажиллагаа   явуулж байна. Тус холбоо нь “Цахим орчинд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе” уриан дор сургалт, сурталчилгааны ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран мэргэжлийн ёс зүйтэй цахим сэтгүүл зүйг төлөвшүүлэх, цахим орчинд хүний эрх, эрх чөлөө, оюуны өмчийг дээдлэх, цахим орчинд соёлтой, зөв хэрэглээг бий болгох чиглэлээр ажилладаг билээ.  Монгол Улсын Засгийн газраас ардчиллын гол баталгаа болсон хэвлэлийн эрх чөлөөг хумих, иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо  илэрхийлэх эрх чөлөөг боогдуулсан хуулийн төсөл боловсруулж, мэргэжлийн холбоодод урьдчилан мэдэгдэж, нэгдсэн  санал авалгүйгээр батлуулах гэж зүтгэж байгааг Монголын сайтын холбооноос эсэргүүцэн энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

  1. Зөрчлийн тухай хуулиар сэтгүүлчдийг 2 сая, хэвлэл мэдээллийн байгууллагыг 20 хүртэл сая төгрөгөөр торгодог, торгох, цагдахаар айлган сүрдүүлж дарамталдаг байдал бий болоод удаж байна. Гэтэл хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах гэсэн энэ үйлдэл улам гаарч Эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар 80 хүртэлх сая төгрөгийн торгууль оноодог, сэтгүүлчдийг 5 хүртэлх жил хорих ялтай болгоод зогсохгүй олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг торгож шийтгэдэг болохоор хуулийн төсөл боловсруулж байгаад гүнээ харамсаж байна.
  2. Улстөрчид иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөг хатуу хязгаарлах, нийгмийн сүлжээг хаахыг удаа дараа оролдож байгаа бөгөөд энэхүү бусармаг санаархлаа Эрүүгийн хуулинд тусган хэвлэл мэдээллийн байгууллагыг санхүүгийн бүрэн хараат байдалд оруулах, иргэдийг үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй болгохыг санаархаж байна.
  3. Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөмжийг 2017 онд хүлээн авч, сэтгүүлчдэд мэдээлэл түгээх, иргэдэд үзэл бодлоо илэрхийлэхэд нь хатуу хяналт болдог нэр төр гутаах, гүтгэлэг, доромжлолтой холбоотой зүйл заалтыг  Эрүүгийн хуулиас  хэсэгчлэн халсан билээ. Гэтэл өнөөдөр энэхүү хуулийг сэргээн, ял шийтгэлийг улам чангаруулж, ардчиллын үнэт зүйл болсон хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдаж, хүний эрхийг хязгаарлаж боогдуулах гэсэн энэхүү хуулийн заалтаа эрх баригчид өмгөөлөн худал мэдээ тараах, гүтгэх гэсэн зүйл заалтаар хаацайлж байгааг эсэргүүцэж байна.
  4. Мэргэжлийн сэтгүүлчид бид худал мэдээ тараахгүй, бусдыг гүтгэн доромжлохгүй байх зарчмыг  баримталж ажилладаг. Монголын сайтын холбоо нь өөрийн зохицуулалтын байгууллагыг байгуулахд санаачлагчийн бүлэгт нэгдэн орж,  мэргэжлийн ёс зүйн кодоо батлан, сэтгүүлчдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, холбогдох хууль тогтоомж, хүний эрхийн конвенциудыг дагаж мөрдөж ажиллахыг чухалчилдаг билээ.  Гэтэл эрх мэдэлтнүүд Эрүүгийн хуулиар сэтгүүлчдийг айлган дарамтлах, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд бүдүүлгээр халдаж байгааг эсэргүүцэж байна.
  5. Хувь хүний нэр хүндийн асуудлыг нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болгон зүйлчилж, 5 хүртэлх жилээр хорих ялтай Эрүүгийн гэмт хэрэг болгон хуульчилж болохгүй хэмээн Монголын сайтын холбооноос үзэж байна.
  6. Мэдэх, мэдээлэл олж авах нь aрдчилсан нийгэмд амьдарч буй иргэн хүний үндсэн эрхийн нэг юм. Тиймээс Монголын сайтын холбоо сэтгүүл зүйн үнэт зүйлийг хумиж боохоор санаархаж байгаа энэ үйлдлийг эсэргүүцэж, иргэдийн мэдээлэл хайх, олж авах, мэдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалахын төлөө тууштай ажиллах болно.

Монголын сайтын холбооноос

- Эрүүгийн хуулийн төслөөр сэтгүүлчид болон сошиал хэрэглэгчид 5 хүртэл жилээр хоригдох боломжтой болоод байгаа энэ үед Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг парламентаар хэлэлцүүлэхийг эсэргүүцэж байна.

- Энэ хуулийн төслийн хэлэлцүүлэгт салбарын аль ч байгууллага оролцохгүй байхыг уриалж байна.

- Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцүүлгүүдийг зогсоохийг шаардаж байна.

- Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэх 13.14 дэх заалтыг бүрмөсөн хасах шаардлагатай гэж үзэж байна.

- Хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хамгаалах, шударга бус зохицуулалтыг албадан тулгах гэж буй үйлдлийн эсрэг сэтгүүлчид, редакциуд, мэргэжлийн холбоод нэгдэж, байр суурь, дуу хоолойгоо хамтарч хүргэхийг уриалж байна.

- Ардчиллыг дээдэлдэг, шударга ёс, хүний эрхийг хүндэтгэдэг хүн бүрийг мэдэх эрхийнхээ төлөө, мэдээлэл олж авах эрхийнхээ төлөө тэмцэхийг сануулж байна.

МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО

2020.12.15

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Огноо:

,

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.

Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.

Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .

Цэцэрлэгийн бүртгэл

  • 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.

Нэгдүгээр ангийн элсэлт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
  • Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.

Их, дээд сургуулийн хичээл

  • 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
  • 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.

 Оюутны дотуур байр

  • 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов

Огноо:

,

Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.

Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.

Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.

Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.

Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.

Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:

  • Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
  • Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
  • Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
  • Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
  • Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
  • Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.

Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.

Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох