Шударга мэдээ
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Замын-Үүд боомтод ажиллав
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр тэргүүтэй Ажлын хэсэг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс Замын-Үүд боомтод ажиллаж, Монгол, Хятадын хооронд экспорт, импортын ачаа тээвэрлэлт хийж буй нөхцөл байдалтай танилцаж, боомтын үйл ажиллагааг хэвийн болгох чиглэлээр Дорноговь аймаг, Замын-Үүд сумын албаны хүмүүс болон холбогдох хувийн хэвшил, холбоодын төлөөлөлтэй уулзаж, санал солилцов.
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал, ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг нар мөн энэ хугацаанд хятадын талын Эрээн боомтын нөхцөл байдалтай танилцаж, ӨМӨЗО болон Эрээн хотын удирдлагатай уулзалт хийв. Замын-Үүд-Эрээн боомтын хилийн дундын бүсэд ажиллах 32 жолоочийг хятадын талтай тохиролцон Эрээнд нэвтрүүлж, тусгаарлалтын зардлын асуудлыг шийдвэрлэв.

Ажлын хэсэг болон Дорноговь аймаг, Замын-Үүд сумын удирдлага 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Оуян Шяхуй тэргүүтэй хятадын талын албаны хүмүүстэй цахим уулзалт хийж, Замын-Үүд-Эрээн, Гашуун сухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ зэрэг хоёр улсын худалдаанд чухал үүрэгтэй боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгож, экспорт, импортын барааны урсгалыг эрчимжүүлэх боломжийн талаар санал солилцож, тодорхой тохиролцоонд хүрэв.
Тухайлбал, Замын-Үүд-Эрээн боомтын тухайд боомт хооронд өдөрт солилцох тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх, тээвэрлэлт хийж буй жолооч нарын тоог үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тохиролцов. Тодорхой хугацаанд тасалдаад байсан мах, ноолуур зэрэг уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг монголын талаас хүлээн авахаар болж, цаашид тогтвортой үргэлжлүүлэх, жолооч нарыг монголын талд тусгаарлахгүйгээр зөвхөн хятадын талд 14 хоног тусгаарлахаар болсноо хятадын тал илэрхийлэв. Гашуун сухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтуудаар нүүрс, зэсийн баяжмал хүлээн авах гарцыг нэмэгдүүлэх замаар эдгээр бүтээгдэхүүний худалдааг аль болох нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг цаашид ч үргэлжлүүлэхээ хятадын тал илэрхийлэв.
Цаашид хоёр талын худалдааны эргэлтийн тогтвортой байдлыг хангахын тулд ковид 19-ийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулж, халдвараас ангид “ногоон бүс” байгуулах, хил дамнасан тээвэрлэлтэд оролцогч иргэдийг халдварын эсрэг шинжилгээнд хамруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээний цар хүрээг нэмэгдүүлэхээр тохиролцов.
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
