Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга та оффшор бүст нуусан мөнгөө оруулж ирж, ядарсан ард түмэндээ туслаач...
Энэхүү нийтлэлээс харахад Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор бүст байгуулсан “Женко Холдинг Пи-Ти-И” компани байгуулсан. Сингапур улсад бүртгэлтэй “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн 50 хувийг Х.Баттулга өөрийн охин Баттулгын Намуун, үлдсэн 50 хувийг Х.Баттулгын оффшор хөрөнгийн манаач Сингапурын хятад Билли Лим өөрийн хүү Деннис Лимээр дамжуулан эзэмшдэг нь баримтаар нотлогдоод байна. Анх энэ компанийг Х.Баттулга сая ам долларын хөрөнгөтэйгээр байгуулж, өөрөө УИХ-ын гишүүн байхдаа гарын үсэг зурдаг захирлаар ажиллаж байсан.

Дараа нь охин Б.Намуунаагийнхаа нэр дээр шилжүүлсэн нь тодорхой болов. Тэр ч бүү хэл Х.Баттулгын Сингапурт Сентоза арал дээр хэдэн олон арван сая долларын үнэтэй вилла, төрсөн дүү Х.Баттуулынх нь эхнэр Наранцэцэгийн Алтанцэцэгийн нэр дээр 2.299 тэрбум төгрөгийн үнэ бүхий өөрийн эзэмшлийн талбайтай, гурван давхар тансаг амины орон сууцыг АНУ-ын Вашингтон хотын Даллис нисэх онгоцны буудлаас холгүй газар худалдан авсан. Х.Баттулга “Түмэн хишигтэн” компаниараа АНУ-ын Нью Йорк мужийн Ниагара хотод бас л хэдэн гар дамжуулж үл хөдлөх хөрөнгө худалдан авч АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн бүртгэлээс бас гарч ирлээ. Өөрөөхэлбэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг төрөөсөө баян, хуулиасаа дээгүүр эрх мэдэлтэн бий болсныг дээрх баримтууд гэрчилж байна. Үүнээс үүдэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх хөрөнгө мөнгийг хэрхэн цуглуулснаа тайлбарлах ёстой.

Мөн орлогоо зугатаж, татвараас нуугддаг оффшор дансаа хааж, хөрөнгө мөнгөө Монголд оруулж ирэх учиртай. Монгол Улс 2017 оны дөрөвдүгээр сард Хувийн ашиг сонирхлын тухай хуульд нэмэлт оруулж, төрийн албан тушаалтнууд болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд оффшор бүсэд өмч хөрөнгөтэй байх, компанитай байхыг хатуу хориглосон. Гэвч Х.Баттулга өөрийнхөө нуусан хөрөнгийг далдалж, өнгөрсөн дөрвөн жил “Офшшор бүст байгаа хөрөнгийг оруулж ирнэ гэж худлаа шоудав. Х.Баттулга сайн жүжиглэж байна. Тэрээр оффорт нуусан хөрөнгөө ил гарахаас айж бүхэл бүтэн дөрвөн жил ард түмнийхээ толгойг худал амлалт, хөөсөрсөн мэдээллээр угаав.
Баримт сөхөж үзье.
- Х.Баттулга УИХ-ын сонгуульд нэр дэвшингүүтээ “Би оффшорчидтой тэмцэж, хариуцлага тооцно” гэдгээ мөрийн хөтөлбөртөө тусгалаа. Түүгээр ч үл барам сонгуулийн оргил үе болох VI сард үүнийгээ улам бататгаж оффшорчдын эсрэг тэмцэхээр байгуулагдсан “Ард түмний онц зөвлөл”/АТОЗ/-той оффшорт нуугдсан 17 тэрбум долларыг эргүүлэн татаж, эздэд нь хариуцлага тооцно” гэж гэрээнд гарын үсэг зурав.
- Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсныхоо дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга миний бие оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна. Дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна гэх сүржин үгтэй уриалга гаргав.
- Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлах үеэрээ “АНУ-ын талаас НҮБ-ын авлигын эсрэг конвенцийн тодорхой заалтын хүрээнд оффшор дансан дахь мөнгө, авлигын мөнгөөр худалдан авсан АНУ дахь үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг Монголын талд шилжүүлэх, ямар хөрөнгө хаана байгааг илрүүлэх зэрэг хүсэлт гаргав.
- УИХ-ын чуулганы нээлт бүр дээр “Оффшор бүсээс мөнгө татаж ирнэ” хэмээн үг хэлэв.
- Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшортой хийсэн тэмцэл амжилтад хүрч 2021 оны сонгуулиас өмнө хэд хэдэн оффшор мөнгө орж ирэхээр болжээ гэдэг мэдээллийг байнга цацаж эхлэв.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.
Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.
Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал. Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав.

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.





Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн
“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ.
- Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
- Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
- Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
- Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
- “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
- Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
- Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
- "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
- Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
- Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Улстөр нийгэм
Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.
Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.
Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.
Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.
