Улстөр нийгэм
Норовлин суманд баригдах “Шихихутаг-Их засаг” цогцолборын шавыг тавилаа
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Норовлин сумын Жаргалант багийн Уран дөш хайрханы энгэрт баригдахаар болсон “Шихихутаг-Их Засаг” аялал жуулчлалын цогцолборын шавыг тавилаа. 2019-2020 оны улсын төсөвт уг төслийн санхүүжилтийн зарим хэсэг нь тусгагдсан байгаа юм.

Түүний санаачилсан түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон төсөл Хэнтий аймагт бодит ажил болж эхлээд байгаа юм. Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгохоор зарласан. Энэ хүрээнд Бэрх хот, Батноров, Норовлин, Баян-Адарга, Дадал, Биндэр, Баян-Овоо, Галшар, Баянхутаг гэсэн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн 41-р тойргийн сум тус бүрт түүхэн брэнд цогцолборуудыг барьж байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Ингэснээр гадаад, дотоодын жуулчдыг татах Хэнтий аймаг руу татах ач холбогдолтой төслүүд хэмээн үзэж БОАЖЯ-наас уг төслийг дэмжин хамтарч ажиллаж байгаа юм.

Чингис хотоос Дадал сум хүртэл хэд хэдэн сумыг холбосон 250 км урттай “Түүхэн аялал жуулчлалын зам”-ын ажил бас эхлээд явж байгаа билээ. Эдгээрээс Батноров суманд баригдаж буй Тэмүүжин, Боорчи нарын андгай тавьж, анд бололцсон газар хэмээн түүхэнд үлдсэн Хөхүүрийн тал, Дэлгэр-Өлзийт хайрханд “Андлалын өргөө” цогцолборын ажлын гүйцэтгэл хэвийн үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 60 хувьтай байгаатай Л.Оюун-Эрдэнэ сайд газар дээр нь очиж танилцсан.
Энэ мэтчилэн Дадал суманд гэхэд л Дэлүүн болдог овооны өөдөөс харсан Бага Яргайт уулын энгэрт “Тэнгэрийн хаан” цогцолбор, Биндэр суманд Монголын анхны Их хуралдай хуралдсан түүхэн газарт “Их хуралдай” цогцолбор, Галшар суманд Шөрмөсөн чулуут дов хэмээх газарт Өвгөн ноён М.Пүрэвжавын дурсгалын цогцолборууд зэрэг олон бүтээн байгуулалтыг шинээр бий болгохоор ажиллаж байна.

Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх эдгээр бүтээн байгуулалтын нэг хэсэг болох Норовлин сумын төвөөс холгүй орших Уран дөш уулын энгэрт “Шихихутаг-Их Засаг” аялал жуулчлалын цогцолборыг барих бөгөөд УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Норовлин суманд ажиллах үеэрээ шавыг нь тавьсан юм. Уран дөш уул нь төрийн их заргач Шихихутагийн төрсөн газар төдийгүй “Монголын нууц товчоо”, “Их Засаг” хууль зэрэг түүхэн эх сурвалжууд бичигдсэн газар хэмээн түүхэнд үлдсэн байдаг. Тиймээс уг газрыг сонгосон бөгөөд Цонжин болдогийн “Чингис хааны хөшөөт цогцолбор”, “Морин хуур”, “Их Майдар” төслийг санаачлагч, Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалын Дадал, Батноров суманд хэрэгжиж байгаа цогцолборуудын загварыг зохиосон МУУГЗ, барималч М.Эрдэмбилэг энэ удаагийн “Шихихутаг-Их Засаг” аялал жуулчлалын цогцолборын скиз зураг, загварыг мөн гаргасан. Харин барилгын гүйцэтгэгчээр “Эл Си Би” ХХК ажиллахаар шалгарсан юм.
Домгийн гуурст хүлэг морь унасан бяцхан хүүг дүрсэлсэн, оюун ухааныг билэгдсэн номын хуудас бүхий томоохон байгууламжтай энэхүү цогцолборыг Норовлин суманд бүтээн байгуулснаар нутгийн иргэдэд ажлын байр, орлогоо нэмэгдүүлэх шинэ эх үүсвэр бий болох, орон нутгийн хөгжлийг дэмжих зэрэг олон талын ач холбогдолтой төсөл хэмээн шав тавих ёслолд оролцсон БОАЖЯ-ны газрын дарга С.Баясгалан дүгнэсэн юм.

Улстөр нийгэм
Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна
2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.
Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.
Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .
Цэцэрлэгийн бүртгэл
- 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
Нэгдүгээр ангийн элсэлт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
- Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.
Их, дээд сургуулийн хичээл
- 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
- 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.
Оюутны дотуур байр
- 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Улстөр нийгэм
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Улстөр нийгэм
Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.
Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:
- Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
- Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
- Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
- Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
- Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
- Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.
Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.
Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.
