Улстөр нийгэм
Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томиллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр захирамж гарган Засгийн газрын гишүүдийг томиллоо.
1. Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан

С.Амарсайхан нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 47 настай. 1991 онд Налайх дүүргийн "Эрдмийн оргил" дунд сургууль, 1996 онд АНУ-ын Калифорни Мужийн Пресно хотын институт, 2000 онд АНУ-ын Саут Вест их сургууль төгссөн. Хэл судлал, эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр. 1992-1994 онд Шинжлэх ухаан, мэдээлэл технологийн төвд ажилтан, 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд консулын ажилтан, атташе, 2004-2007 онд "Американ трейд энд девелопмент" ХХК-д хөрөнгө оруулалт, гадаад худалдааны менежер, 2007-2017 онд "Оюуны-Ундраа" группийн гүйцэтгэх захирал, Ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга, 2012-2020 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, 2016-2017 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дарга, 2017-2019 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2019-2020 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 2020 оноос Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд даргаар ажиллаж байна. С.Амарсайхан нь улсад 23 жил, үүнээс төрийн албанд 15 жил ажилласан туршлагатай.
2. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Цэндийн Нямдорж

Ц.Нямдорж нь 1956 онд Увс аймгийн Малчин суманд төрсөн. 64 настай. 1973 онд Увс аймгийн Малчин сумын найман жилийн сургууль, 1975 онд Увс аймгийн Улаангом хотын арван жилийн 1 дүгээр дунд сургууль, 1976 онд Зөвлөлт Холбоот Улсын Эрхүү хотын Улсын их сургууль, 1981 онд Зөвлөлт Холбоот Улсын Санкт-Петербургийн Улсын их сургууль төгссөн. Хуульч мэргэжилтэй. 1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга, 1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч, 1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн, 1990-1992 онд Хууль зүйн тэргүүн дэд сайд, 1992-2016 онд Улсын Их Хурлын гишүүн, 2000-2005 онд Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2005-2007 онд Улсын Их Хурлын дарга, 2016-2017 онд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга, 2017-2020 онд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2020 оны 08 дугаар сараас Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байна. Ц.Нямдорж нь Төрийн албанд 40 жил, үүнээс улс төрийн албан тушаалд 31 жил ажилласан туршлагатай.
3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Нямжавын Уртнасан

Н.Уртнасан нь 1975 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн. 46 настай. 1993 онд Дархан-Уул аймгийн 17 дугаар дунд сургууль, 1998 онд Монгол Улсын Их сургууль төгссөн. 2003 онд Япон Улсад, 2005 онд ХБНГУ-д байгаль орчин, хэрэглээний сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Сэтгүүлч мэргэжилтэй. 1998-2000 онд "Ийгл" телевизид сэтгүүлч, Мэдээний албаны дарга, 2000-2010 онд Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн Нийгэм, эдийн засгийн редакцид байгаль орчин, хариуцлагатай уул уурхайн асуудал хариуцсан сурвалжлагч, редактор, 2011-2013 онд "Шинэ дэлхий" телевизийн гүйцэтгэх захирал, 2014-2016 онд "Юни Си энд Си" ХХК-ийн Маркетингийн хэлтсийн захирал, 2016-2020 онд "Юни Солар" ХХК-д менежер, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.
4. Батлан хамгаалахын сайд Гүрсэдийн Сайханбаяр

Г.Сайханбаяр нь 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. 52 настай. 1985 онд нийслэлийн 53 дугаар дунд сургууль, 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, 1995 онд Засгийн газрын дэргэдэх Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институт, 2002 онд БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалахын их сургууль, 2014 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи төгссөн. Улс төр судлаач, цэргийн стратегич мэргэжилтэй. Төрийн удирдлага, цэргийн ухааны магистр. 1989-1994 онд Ардын армийн 121 дүгээр ангид салбарын улс төрийн орлогч, 318 дугаар ангид салбарын улс төрийн орлогч, суртал нэвтрүүлэгч, 1994-2000 онд Зэвсэгт хүчний ерөнхий штабт мэргэжилтэн, хэлтсийн дарга, 2000-2012 онд Батлан хамгаалах яаманд Төрийн захиргааны удирдлагын газарт орлогч дарга, хэлтсийн дарга, 2014-2020 онд мөн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, 2020 оны 07 дугаар сараас Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байна. Г.Сайханбаяр нь батлан хамгаалах салбарт тасралтгүй 32 ажилласан туршлагатай.
5. Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг

Б.Батцэцэг нь 1973 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. 48 настай. 1992 онд Дархан хотын 13 дугаар дунд сургууль, 1996 онд Монгол Улсын их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургууль, 2000 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2005 онд Голландын Маастрихтийн менежментийн их сургууль төгссөн. Олон улсын харилцааны ажилтан, багш, орчуулагч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр. 1996-2005 онд “Мөнхийн үсэг” ХХК-ийн захирал, 2003-2004 онд "Аз-хур" ХХК-ийн захирал, 2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хэлтсийн дарга, 2007-2010 онд "Мөнхийн үсэг групп" ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга, 2010-2011 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Ажлын албанд зөвлөх, 2011-2012 онд Монгол Ардын Намын Ажлын албанд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2015-2016 онд Сангийн сайдын зөвлөх, 2016-2020 онд Гадаад харилцааны дэд сайд, 2020 оноос "Мөнхийн үсэг групп" ХХК-ийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна. Б.Батцэцэг нь улсад 24 жил, үүнээс төрийн албанд 10 ажил ажилласан туршлагатай.
6. Сангийн сайд Болдын Жавхлан

Б.Жавхлан нь 1975 онд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн. 45 настай. 1990 онд Сүхбаатар аймгийн 1 дүгээр сургууль, 1992 онд Дархан-Уул аймгийн 17 дугаар сургууль, 1997 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургууль, 2008 онд АНУ-ын Калифорнийн их сургуулийн Риверсайдын хэлний сургууль, 2009 онд АНУ-ын Индианагийн их сургууль төгссөн. Банкны эдийн засагч мэргэжилтэй. 1997-1999 онд Монголбанкинд Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, 1999-2000 онд Хаан банк дахь Монголбанкны Бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагч, 2000-2004 онд Монголбанкинд Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, 2004-2007 онд Худалдаа хөгжлийн банкны Үйл ажиллагаа эрхэлсэн захирал, дэд ерөнхийлөгч, 2010-2016 онд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, 2020 оноос Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байна. Б.Жавхлан нь улсад 23 жил, үүнээс санхүү, эдийн засгийн салбарт 19 жил ажилласан туршлагатай.
7. Хууль зүй, дотоод хэргийн сайд Хишгээгийн Нямбаатар

Х.Нямбаатар нь 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. 42 настай. 1996 онд Нийслэлийн 48 дугаар дунд сургууль, 2000 онд Орхон их сургуулийг, 2008 онд Хууль сахиулахын их сургууль төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй. 2000-2007 онд Орхон их сургуульд багш, 2005-2009 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч, 2009 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт хуулийн зөвлөх, 2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2016-2020 онд Улсын Их Хурлын гишүүн, 2019-2020 онд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга, 2020 оны 07 дугаар сараас Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байна. Х.Нямбаатар нь улсад 20 жил, үүнээс төрийн албанд 11 жил ажилласан туршлагатай.
8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Аюушийн Ариунзаяа

А.Ариунзаяа нь 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 41 настай. 1995 онд Улаанбаатар хотын Орос, Монголын хамтарсан 3 дугаар сургууль, 1996 онд ОХУ-ын Улан-Үдэ хотын лицей-интернат 1 дүгээр сургууль, 1999 онд ХБНГУ-ын Халле коллеж, 2005 онд ХБНГУ-ын Ханновэр их сургууль, 2015 онд Удирдлагын академи, 2017 онд Эдийн засгийн Үндэсний дээд сургууль төгссөн. Нийгэм судлал, түүх, улс төрийн шинжлэх ухаан, бизнесийн удирдлагын менежментийн магистрын зэрэгтэй. 2005-2013 онд "Монгол Даатгал" ХХК-д хүний нөөцийн тэргүүлэх менежер, 2013-2016 онд Монгол Ардын намын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газрын дарга, Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга, Нийгэм, эдийн засгийн бодлогын газрын дарга, 2016-2020 онд Үндэсний статистикийн хорооны дарга, 2020 оны 07 дугаар сараас Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байна. А.Ариунзаяа нь улсад 16 жил, үүнээс төрийн албаны удирдах албан тушаалд 5 жил ажилласан туршлагатай.
9. Барилга, хот байгуулалтын сайд Бэгзжавын Мөнхбаатар

Б.Мөнхбаатар нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 46 настай. 1992 онд Төв аймгийн арван жилийн 2 дугаар сургууль, 1996 онд Техникийн их сургууль, 2001 онд Монгол Улсын их сургуулийн Нийгмийн ухааны факультет, 2003 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, 2006 онд Зүүн Лондонгийн Их сургууль төгссөн. Хими технологич, улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй. 1998-2001 онд Монголын Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2001-2002 онд Нийслэлийн Монгол Ардын Намын хороонд улс төрийн ахлах ажилтан, 2002-2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын орлогч дарга, Гадаад харилцааны хэлтсийн дарга, 2006-2008 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, 2008 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, 2014-2015 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд, 2016-2018 онд "Оюу толгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2016-2019 онд "Эрдэнэс оюу толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2019-2020 онд Барилга, хот байгуулалтын дэд сайдаар тус тус ажиллаж байгаад 2020 оны 07 дугаар сараас Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байна. Б.Мөнхбаатар нь улсад 19 жил, үүнээс төрийн албаны удирдах албан тушаалд 12 жил ажилласан туршлагатай.
10. Боловсрол, шинжлэх ухааны сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан

Л.Энх-Амгалан нь 1970 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. 51 настай. 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар арван жилийн сургууль, 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургийн их сургууль, 1996 онд АНУ-ын Дакотагийн их сургууль, 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургуулийг тус тус төгссөн. Мэдээллийн технологийн инженер-эдийн засагч мэргэжилтэй. 1992-1995 онд Монцамэ агентлаг, Ил товчоо сонинд хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1995-1996 онд "Интерпресс" ХХК-ийн ерөнхий захирал, 1996-2012 онд "Эм Си Эс" группын Тэргүүн дэд ерөнхийлөгч, "Юнител" группын Захирлуудын зөвлөлийн дарга, 2011-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Хөдөөгийн хөгжил, дэд бүтэц хариуцсан зөвлөх, 2012-2020 онд Улсын Их Хурлын гишүүн, 2016-2017 онд Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, 2017-2020 онд Улсын Их Хурлын дэд даргаар тус тус ажилласан. 2020 оноос Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байна. Л.Энх-Амгалан нь улсад 28 жил ажилласан туршлагатай.
11. Зам, тээврийн хөгжлийн сайд Лувсангийн Халтар

Л.Халтар нь 1965 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. 56 настай. 1983 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургууль, 1990 онд ОХУ-ын Петербург хотын Зам харилцааны их сургууль, 1998 онд ОХУ-ын Эрхүү хотын Зам харилцааны их сургууль төгссөн. Төмөр замын ашиглалтын инженер мэргэжилтэй. Докторын зэрэгтэй. Шинжлэх ухаан, технологийн их сургууль, ОХУ-ын Эрхүү хотын Зам харилцааны их сургуулийн Хүндэт профессор цолтой. 1983 онд "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Удирдах газарт хашаа цэвэрлэгч, 1983-1985 онд мөн нийгэмлэгийн Худалдааны баазад ачигч, 1990-1992 онд "УБТЗ" ХНН-ийн Төмөр замын техникумд багш, 1992-1993 онд "УБТЗ" ХНН-ийн Ачиж, буулгах ангийн орлогч дарга, 1993-2006 онд "УБТЗ" ХНН-ийн Тээвэр зуучийн төвийн захирал, 2006-2018 онд "УБТЗ" ХНН-ийн Удирдах газрын орлогч дарга, 2018-2020 онд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, 2020 оны 07 дугаар сараас Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байна. Л.Халтар нь зам, тээврийн салбарт 33 жил, үүнээс төмөр замын салбарт 30 жил ажилласан туршлагатай.
12. Соёлын сайд Чинбатын Номин

Ч.Номин нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн. 38 настай. 2000 онд Нийслэлийн 45 дугаар дунд сургууль, 2003 онд Кембриджийн коллеж, 2006 онд Зүүн Английн Их сургууль, 2018 онд Харвардын Бизнесийн сургууль төгссөн. Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй. 2008-2011 онд "Тэрэлж Сүйх" ХХК-ийн захирал, 2011 оноос одоог хүртэл "Монгол телевиз" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
13. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Гэлэнгийн Ёндон

Г.Ёндон нь 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. 54 настай. 1985 онд Улаанбаатар хотын арван жилийн 75 дугаар сургууль, 1991 онд ОХУ-ын Иркутск хотын Политехникийн дээд сургууль, 2002 онд ОХУ-ын Иркутск хотын Техникийн их сургууль төгссөн. Уулын инженер-маркшейдер мэргэжилтэй. Докторын (PhD) зэрэгтэй. Монгол Улсын зөвлөх инженер цолтой. 1991-1998 онд Шинжлэх ухааны академийн Уул уурхайн хүрээлэнд эрдэм шинжилгээний дэд ажилтан, ажилтан, 2002-2007 онд "Монголросцветмет" ХХК-ийн Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт гүний уурхайн хэсгийн маркшейдер, ахлах маркшейдер, ерөнхий маркшейдер, 2007-2009 онд "Монголросцветмет" ХХК-д ерөнхий маркшейдер, хэлтсийн дарга, 2009-2013 онд "Монголросцветмет" ХХК-ийн "Шижир Алт" уулын үйлдвэрийн захирал, 2013-2017 онд "Монголросцветмет" ХХК-ийн "Баргилт" уулын үйлдвэрийн уурхайн ерөнхий инженер, уурхайн дарга, 2017-2018 онд "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Улаанбаатар хотын төлөөлөгчийн газрын орлогч дарга, 2018-2020 онд "Монголросцветмет" ХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал, 2020 оны 07 дугаар сараас Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байна. Г.Ёндон нь уул уурхайн салбарт 27 жил ажилласан туршлагатай.
14. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Загджавын Мэндсайхан

З.Мэндсайхан нь 1979 онд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. 42 настай. 1996 онд Ховд аймгийн арван жилийн 1 дүгээр сургууль, 2001 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2008 онд Удирдлагын академи төгссөн. Бизнесийн эдийн засагч мэргэжилтэй. Удирдахуйн ухааны магистрийн зэрэгтэй. 2001-2003 онд "Монхангай хаус" ХХК-д хэлтсийн менежер, захирал, 2003-2004 онд "Дөрвөн Уул" ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2004-2013 онд "Мээг" ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2013-2015 онд "Магнат Тайэрс Монголия" ХХК-ийн захирал, 2015-2016 онд Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга, 2016-2019 онд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2019-2020 онд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга, 2020 оны 07 дугаар сараас Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байна. З.Мэндсайхан нь улсад 19 жил, үүнээс төрийн албанд 6 жил ажилласан туршлагатай.
15. Эрчим хүчний сайд Нансалын Тавинбэх

Н.Тавинбэх нь 1971 онд Улаанбаатар хотод төрсөн. 50 настай. 1989 онд Нийслэлийн Багануур дүүргийн 64 дүгээр сургууль, 1995 онд Техникийн их сургууль, 2006 онд Удирдлагын академи, 2020 онд Шинжлэх ухаан, технологийн их сургууль төгссөн. Цахилгааны инженер мэргэжилтэй. Удирдахуйн ухаан, эрчим хүчний магистрийн зэрэгтэй. Монгол Улсын зөвлөх инженер цолтой. 1995-2001 онд Багануурын цахилгаан, шугам сүлжээний газрын Засварын албанд монтёр, мастер, инженер, Албаны дарга, 2001-2007 онд "Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн ерөнхий инженер бөгөөд дэд захирал, 2007-2013 онд гүйцэтгэх захирал, 2013-2015 онд "Багануур-Энерги" ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2015-2017 онд Багануур хотын захирагч, 2017-2020 онд "Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, 2020 оны 07 дугаар сараас Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдаар ажиллаж байна. Н.Тавинбэх нь улсад 26 жил, үүнээс эрчим хүчний салбарт 24 жил ажилласан туршлагатай.
16. Эрүүл мэндийн сайд Сэрээжавын Энхболд

С.Энхболд нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. 42 настай. 1995 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 22 дугаар сургууль, 2004, 2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, 2020 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистрийн зэрэгтэй. 2007-2019 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дүрс оношилгооны төвийн дарга, 2019 оноос Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирлаар ажиллаж байна. С.Энхболд нь эрүүл мэндийн салбарт тасралтгүй 13 жил ажилласан туршлагатай.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.
Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.
Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал. Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав.

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.





Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн
“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ.
- Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
- Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
- Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
- Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
- “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
- Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
- Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
- "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
- Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
- Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Улстөр нийгэм
Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.
Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.
Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.
Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.
-
Цаг үе2022/10/10
Богд уулын Баруун Залаатын аманд 80 мянган мод тарих ажил эхэллээ
-
Улстөр нийгэм2025/01/03
УИХ-ын Хүний эрхийн дэд хороо төрийн албан дахь хүний эрхийн нөхцөл байдалтай та...
-
Цаг үе2021/04/15
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
-
Үзэл бодол2019/08/15
Сургалтын зээлийн төлбөрөөс чөлөөлөх асуудлыг УИХ-д өргөн мэдүүлнэ
