Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Д. Машбат : “Улирал бүхэн өөрийн өнгөтэй байдаг. Тухайн улирлыг илтгэх өнгөтэй жимс идэх нь хамгийн сайн сонголт юм”

Огноо:

,

Хамгийн ашиг тустай жимсийг нэрлэж бидэнд мэргэжлийн зөвлөгөө өгнө үү?

Ганцхан үгээр хэлэх боломжгүй ойлголт байна. Монголчуудын хувьд газар нутаг, байгаль цаг уурын онцлогоос шалтгаалан маш цөөн төрлийн жимс, жимсгэнийг дотооддоо тариалж мөн гадны улс орнуудаас импортлон хэрэглэж ирсэн. Ерөнхийдөө алим, мандарин, усан үзэм, гадил гээд л жимсний тоо бараг дуусдаг.

Гэтэл жимсний хэрэглээ нь тухайн бүс нутгийн ард иргэдийн олон мянган жилийн хоолны соёлыг илтгэдэг маш өргөн ойлголт. Өөрөөр хэлбэл байгаль цаг уурын нөхцлөөс шалтгаалан тухайн бүс нутаг улирал бүр өөр өөр жимс ургаж боловсорсноор түүнийгээ дагаад хэрэглээ нь салшгүй холбоотой гэсэн үг юм. Бүх төрлийн жимсийг өдөр тутамдаа байнга хэрэглэж байх нь хүний биед чухал боловч тухайн улиралд боловсорч гүйцсэн жимсийг тухайн цаг үед нь шинээр нь хэрэглэж байх нь хамгийн их ашиг тустай. Жишээ нь зун, намар тарвас, амтат гуа зэрэг жимс боловсорч гүйцдэг ба хэрэглэхэд илүү тохиромжтой. Мөн намар шар өнгийн жимс, зун улаан өнгийн жимс хэрэглэх нь сайн гэсэн сонирхолтой судалгаанууд хүртэл байдаг.

Сонирхолтой юм аа.

Гэхдээ бид энэ соёл, хэрэглээг нь мэдэхгүй гээд зүгээр сууж боломгүй санагддаг. Дэлхий хавтгайрч байна бид бүхэн соёл иргэншил тэр дундаа хэрэглээний соёлыг мэддэг байх нь маш чухал, бас эрүүл мэндэд ашиг тустай. Жил бүр бид “5 өнгө” буюу өнгө өнгийн жимсний  талаар болон ач тусыг нь  таниулахаар сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд сургалт зохион байгуулдаг.

 

Ямар нэг үнэ төлбөргүй, нийгмийн хариуцлагын ажил гэж хараад хийгээд явдаг юм. Одоогоор  4140 хүүхэд, 80 цэцэрлэгийн хүүхдүүд хамрагдаад байна. Эцэг эхчүүд болон багш нар их баяртай хүлээж авдаг. Хоолныхоо жимс, ногоог ялгаад хаячихдаг байсан хүүхэд сургалтанд сууснаар  ач тусыг нь мэдээд идэх хүсэлтэй болдог.

Имартийн жимсний амт нэг л өөр, амттай гэдэг. Яаж ийм байлгаж чадаж байгаа вэ? Бизнесийн нууц биш бол ...

Бид аль болох хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд зөв мэдээлэл ойлголт өгөхийг  хичээдэг. Жимс жимсгэнүүдээ хүлээн авахдаа хэд хэдэн үзүүлэлт шалгуурыг тавьдаг. Тэр бүх шалгуурт нийцсэн жимс хэрэглэгчдэд илүү таалагддана.

Дэлгэрүүлбэл: жимсний гарал үүсэл, ургацын хугацаа, сорт, болц, хэмжээ, амт гэх мэт. 

Амт гэж та хэллээ. Хүн бүрийн амтлах чадвар өөр гэж боддог.

Тэр үнэн. Тийм учраас жимсний амт, чихэрлэгийг хэмждэг брикс гэж багаж, технологийг бид ашигладаг. Олон улсын стандарт шалгуур л даа. Жишээ нь болц нь гүйцсэн алимны брикс нь 15-16 байхад үйлчлүүлэгчдэд хамгийн их таалагдана. Энэ бол стандарт хангасан алим гэх мэт бүх жимс өөрийн стандарттай. Бид яг түүнд нь тохирсон жимсийг авч худалдаална.

Өөр нэг чухал зүйл бол агуулах. Маш сайн жимсийг тээвэрлэж авч ирсний дараа зориулалтын агуулахгүй бол хадгалах явцдаа чанарыг нь муутгах магадлалтай. Бидний хувьд стандартын дагуу хадгалт хийгээд лангуун дээр гаргаж байгаа тул шинэхэнээрээ байж чаддаг. Бас хамтад нь хадгалж болдоггүй жимснүүд ч гэж байдаг.

Алим, усан үзэмийг тарвас, лийр, гадил, авокадо жимстэй, жүржийг усан үзэмтэй хадгалах юм бол чанар алдагддаг. Нэг нь амьсгалдаг жимс, нөгөө нь хурц амт үнэрийг өөртөө шингээх чанартай ч гэдэг ч юм уу. Энэ мэтчилэн нарийн технологийг хангаснаар амт чанартай жимс үйлчлүүлэгчдэд очдог. Үүн дээр нэмээд хэлэхэд жимсийг хэрхэн сонгож хэрэглэх нь бас чухал байдаг.

Жишээ нь бага зэрэг ногоон өнгөтэй гадилыг хөргөгчинд хийлгүй гялгар уутанд хийгээд тасалгааны хэмд тавихад 1 хоногийн дотор шарлан идэхэд бэлэн амттай болдог. Авокадо жимсийг сонгохдоо хэд хоногийн дараа идэх бол хатуу ногоон өнгөтэйг, шууд идэх бол хүрэн бор өнгөтэй орой хэсгийг дарж үзэхэд бага зэрэг зөөлөрсөнг сонгодог. Та бидний байнга хэрэглэх дуртай мандарин нь Африк болон Испани улсын сортыг барьж үзэхэд хатуу илүү исгэлэн амт давамгайлсан байдаг бол Солонгос, Турк улсыг сорт нь барьж үзэхэд зөөлөн, хальслахад маш хялбар, чихэрлэг амт илүү  давамгайлсан байдаг онцлогтой.

Хэрэглэгч бүхэн өөрийнхөө юу хүсч байгааг мэддэггүй гэдэгтээ та санал нийлэх үү

Яг үнэн. Би ярианыхаа эхэнд дурдсан, олон төрлийн жимсний хэрэглээг бий болгохын төлөө олон ажлууд зохион байгуулж байгаа гэж. Ингэхийн тулд зөвхөн харилцагчаас жимс аваад энэ ажлыг хийх боломжгүй үе бий. Энэ тохиолдолд бид өөрсдийн хүчээр судалгаа хийгээд импортлон оруулж ирж хэрэглэгчиддээ нийлүүлдэг. Жишээ нь Интоор.

Энэ жимсийг Монголчууд компотноос л идэж байсан. Жимсээрээ зардаг хэдий ч маш үнэтэй худалдаалагддаг байсан. Үнийг нь 5 дахин буулгаж зах зээлд гаргаснаар үйлчлүүлэгчид маш ихээр авч хэрэглэж байсан нь саяхан. Бид коконат, манго жимсийг мөн ийм зарчмаар хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ санал болгосон. Имарт зөвхөн худалдаа үйлчилгээ борлуулалтандаа анхаарахаас гадна  ард түмнийхэ хүнсний хэрэглээний боловсролд анхааран МОНГОЛ ХҮН ТА 100 НАСЛАГ гэсэн уриан дор маш олон ажлыг зохион байгуулсан бөгөөд цаашид ч олон аян хөтөлбөрийг зохион байгуулахаар төлөвлөсөн.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна

Огноо:

,

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.

Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.

Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.

Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.

Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.

Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.

Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.

“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.

Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Стратегийн нөөцийн зарим бараа болон хүнсний ногооны нийлүүлэлтийг тогтворжуулах, хүртээмжийг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.

Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавихыг холбогдох сайд нарт үүрэг болгожээ.

Нөөцийн мах бэлтгэхээс эхлээд худалдан борлуулах хүртэлх бүх шатны хяналт сул байсныг Засгийн газрын хуралдаанаар онцолсон байна. Тухайлбал, 2025 онд 5016 тонн нөөцийн мах бэлтгүүлэхээр аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлжээ.

Гэвч хаврын улиралд зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн 720 тонн махыг нийлүүлээгүй байна. Мөн 3203 тонн махыг цахим төлбөрийн баримттай борлуулсан бол үлдсэн махыг төлбөрийн баримтгүй болон хэт өндөр дүнгээр борлуулсан зөрчил илэрчээ.

Иймд нөөцийн махны бүртгэл, хяналтын тогтолцоог цахимжуулах Засгийн газрын тогтоол баталсан байна.

Бүртгэл, хяналтын нэгдсэн системийг Сангийн яам наймдугаар сард багтаан бэлэн болгоно. Монголбанк болон арилжааны банкуудтай хамтран стратегийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, хадгалах, түгээх, борлуулах бүх шатанд цахим төлбөрийн баримт үйлдэж, бүртгэлийг ил тод болгох юм.

2026 оны намар бэлтгэж, 2027 оны хавар худалдаанд гаргах нөөцийн махны бүрдүүлэлтэд Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагваг онцгойлон анхаарч ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгожээ.

Нөөцийн махыг цахим системд бүртгэснээр мах бэлтгэлийн явц, нөөцийн үлдэгдэл ил тод болно. Мөн хөнгөлөлттэй зээлийг зориулалтын бусаар ашиглах явдлыг таслан зогсоох, хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг бий болгох боломжтой гэж үзжээ.

Иргэд агуулах, үйлдвэрээс махаа шууд худалдан авах, малчид системээр дамжуулан бүтээгдэхүүнээ эцсийн хэрэглэгчид борлуулах боломж бүрдэх юм.

Түүнчлэн түлш, улаанбуудай, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх зоорь, агуулах барих аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох, цахилгааны хөнгөлөлт үзүүлэхийг салбарын сайд нарт үүрэг болголоо.

 
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох